“Номад паблишинг”-аас эрхлэн гаргасан “Аналог эргэн ирсэн нь-Бодит зүйлс хийгээд тэд яагаад чухал болох нь” ном уншигчдын хүртээл болоод байна. Уг номыг Дэвид Сакс хэмээх бикнес болон соёлын сэдвээр дагнан бичдэг сурвалжлагч, нийтлэлч эрхэм бичжээ.
Энэ бүтээл хавтаснаасаа, нэрнээсээ эхлээд уншигчийн сонирхлыг эрхгүй татна. “Аналог эргэн ирсэн нь”… Ердөө өчигдөрхөн гэж болох цаг хугацааны өмнө бүх л зүйлс цахимжиж, дижитал болж байлаа. Гэтэл бүх л зүйлс дижитал болохын хэрээр аналог маш хүчтэй эргэн ирж байна. Хамгийн энгийнээр бодоход дуу хөгжим бараг л бүхэлдээ компакт диск, мр3 гэх мэт төрөл бүрийн дижитал форматад бараг бүрэн шилжээд байтал гэнэт л аналог хүч түрэн орж байна. Наад захын жишээ пянз. Хөгжмийн ертөнцөд пянз жинхэнэ утгаараа эргэн иржээ. Сүүлийн хэдхээн жилд пянзны эрэлт арав дахин нэмэгджээ. Хүмүүс CD-нээс МР3, МР3-аас itunes рүү хүссэн хөгжмөө хуулан сонсож байсан ч пянз дахин эргэж ирсэн нь гагцхүү наалдацтай гоё сонсогдолт, бараг л амьд хөгжмийн эгшиг шиг байсанд байх шиг. Эцэг эхчүүд дижитал төхөөрөмжид дуртай дуугаа хадгалж байсан бол залуу үе өөр сонин содон зүйл эрэлхийж эхэлсэн нь пянз байж таарч. Залуусын хувьд эцэг эх нь хэрэглээд эхэлсэн бол ямар ч зүйл догь дэгжин байхаа больдог гэж номонд өгүүлжээ. Тэгэхээр пянз бол эргэн ирсэн аналогийн том төлөөлөл мөн. Пянзнаас гадна цаас эргэн ирж байна. Хэдхэн жилийн өмнө бас л ялгаагүй цаасны оронд технологи шингэсэн төрөл бүрийн төхөөрөмжид тэмдэглэлээс эхлээд бусад зүйлсээ хадгалдаг болж эхэлсэн. Гэтэл эргээд цаасан дэвтэр… Дэвтэр бол дижиталд төвлөрсөн энэ зууны аналоги бэлгэ тэмдэг аж. Бас нэг чухал зүйл нь үзэг, цаасанд ямар нэгэн тэжээлийн эх үүсвэр, тусгай программ хангамж энэ тэр шаардлагагүй. Цаасан тэмдэглэл, бичвэрийг устгаад шатаачихгүй л бол хэдэн зууны туршид ч хадгалагдаж, баримт архив болдог онцгой давуу талтай. Цаас эргэн иржээ.
Гэх мэтээр хүчирхэг эргэн ирэлт хийж байгаа зүйлс олон бий. Кино хальс, хөлөгт тоглоом гээд. Дэлгэцэн дээрээ элдэв төрлийн хөлөгт тоглоом тоглох нь бас л байлдан дагуулж байсан бол одоо эргээд яг бодит байдлаар тоглох нь таашаал төрүүлдэг зүйл болжээ. Ямарваа шинэ зүйлс дэлхий дахиныг доргион ирдэг бол өмнөх үеийн хуучин гэгдэх зүйлс ч бас л ялгаагүй шинээр эргэн ирэхдээ бүүр илүү болдог аж.
Цаасан хэвлэлийг хүмүүс тун удахгүй байхгүй болно. Оронд нь бүх хэвлэл дижитал болно гэж ярьцгааж байсан нь тун саяхан даа. Гэтэл эсрэгээр. Хүн хэвлэмэл бүтээгдэхүүнийг дижиталаас илүү хурдан олж мэддэг аж. Хэвлэгдээд гарсан л бол ямар нэгэн байдлаар уншигч түүнийг анхаардаг нь нэгэнт батлагдаж. Уламжлалт цаасан хэвлэлийн нэг гол төлөөлөгч бол сонин. Хэдийгээр цахимаар уншиж болох боловч сонины цаасыг гараар мэдэрч унших нь тун өвөрмөц таашаал. Цаасан хэвлэлийн сэргэн мандалт нь дижитал технологийн шийдлүүдээс эхтэй гэдгийг Стивен Ватсон гэх эрхэм хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэн нэгэн сонин, сэтгүүл гаргах, ном бичих зэрэг нь гарцаагүй дижиталын үр өгөөж мөн ажгуу. Учир нь дижитал л тэр бүхнийг хийхэд ихээхэн хялбар болгож өгсөнд байна. Мөн хэвлэмэл зар дижитал зараас илүү хүнд хүрдэг нь нэгэнт тодорхой болж. Яагаад гэвэл нэгэнт хэвлэгдсэн зар сурталчилгаа урт хугацаанд хэрэглэгчдэд харагддаг. Харин дижитал бол тийм биш. Магадгүй тухайн агшинд харагдаад үй олон ижил төстэй заруудад “живчихдэг.” Яг ийм шинж чанарыг ч манайхан анхаарууштай л санагддаг. Энэ мэт тун сонирхолтой зүйлсийн талаар өгүүлсэн энэ номыг эрхэм та ч гэсэн сонирхож уншаарай. Технологийн дэвшил, дижитал бидний амьдралыг үнэхээр хөнгөвчилдөг ч гэлээ аналог түүнээс дутахгүй таашаал, мэдрэмжийг өгдөг. Аналог нэгэнт эргэн иржээ.