Categories
гадаад мэдээ

Нью Йоркт коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

АНУ-ын эрх баригчид Нью Йорк мужид коронавирусийн вакцин хийлгэсний дараа нас барсан 23 хүний тохиолдлыг судалж байна. Үхлийн шалтгааныг тогтоож байгаа бөгөөд вакцин хийлгэсэнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэж АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Нью Йоркт АНУ-ын бусад мужуудын адил эрсдэлтэй бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Эрсдэлт бүлэгт эхний ээлжид 70, дараа нь 65-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, өндөр настны асрамжийн газрын үйлчлүүлэгчид, хууч өвчтэй хүмүүс, цагдаа, гал түймэртэй тэмцэх алба, нийтийн тээврийн ажилчид болон шуудан хүргэгчид орж байна.

Нью Йорк мужид мөн вакцинтай холбоотой гаж нөлөө илэрсэн 643 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын мэдээлэл дээр үндэслэн гаж нөлөөнүүд эмнэлзүйн туршилтын явцад ажиглагдаж байсан толгой өвдөх, чичрэх, бага зэрэг халуурах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй ижил болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. АНУ-д “Moderna”, “Pfizer/BioNTech” компаниудын вакциныг хэрэглэж байна.

Коронавирусийн цар тахлын эхний давалгааны үеэр Нью Йорк муж халдварын голомт болоод байсан билээ. Халдварын ид оргил үед тус мужид халдварын тохиолдол нэг өдөрт гурван мянга гаруйгаар нэмэгдэж, 700 гаруй хүн эндэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *