Categories
гадаад мэдээ

Нью-Йорк хотод террорист халдлага болжээ

Өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн цагаар 15 цагийн орчимд АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэгт бага оврын автомашинаар террорист халдлага хийсэн хэрэг гарлаа. Энэхүү халдлагын улмаас найман хүн амиа алдсан талаар Нью-Йорк хотын дарга Билл Де Бласио мэдэгдсэнийг ВВС агентлаг уламжилсан.

ВВС агентлагийн мэдээлснээр, зургаан хүн газар дээрээ амиа алдаж, хоёр нь эмнэлэгт нас баржээ. Амь үрэгдэгсдийн дунд америкчуудаас гадна Бельги, Аргентины иргэд байсан аж. Энэ талаар Бельгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Аргентины Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Нью-Йоркийн Цагдаагийн газрын дарга Жеймс О’Нилээс гэмт этгээд “аллах акбар” гэж хашгирсан эсэхийг асуусан байна. О’Нил хэлэхдээ “Сэжигтэн этгээд ачааны машин (пикап)-аасаа гарч ирэхдээ “Аллах акбар” хэмээн хэлсэн” гэжээ. Халдлага үйлдэгчийг хэт даврагч бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж буй аж.

ВВС-гийн сурвалжлагч Жон Сопелийн мэдэгдэж буйгаар, Америкийн эрх баригчид АНУ-д төдийгүй Узбекстанд буй, сэжигтэнтэй холбоо, сүлбээтэй бүхнийг илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэхүү эмгэнэлт үйл явдлын улмаас Нью-Йорк хотод уламжлалт Хеллоуины баярын арга хэмжээг цуцалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *