НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд НИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх есдүгээр сарын 7-нд зарлан хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийв.
НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж, наймдугаар сарын 17-нд өргөн барьсан. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ыг өнөөдөр зарлах байсан ч хуралдаагүй юм. Үүнтэй холбогдуулж дээрх төлөөлөгчид мэдээлэл хийж, дахин шаардлага гаргаж байгаа аж.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “НИТХ жилийн дотор юу хийв, ялангуяа НИТХ-ын тэргүүлэгчид ямар ажил хийв гэдэгт зарим төлөөлөгчид саналаа нэгтгэж байгаа. Хүн амын 50 орчим хувь нь байнга оршин сууж байгаа нийслэлийн хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал олон гарч ирдэг. Энэ бүхнийг НИТХ буюу түүний чөлөөт цагт НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэж, нийслэлийн харьяа байгууллагууд, удирдлагуудад чиглэл өгч ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд шүлхий гарсан, агаарын бохирдол эхлэх гэж байна, хичээлийн шинэ жил эхэллээ, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шаардлагатай гээд олон асуудал тулгамдаад байхад НИТХ-ын чуулганыг товыг гаргахгүй байна. Мөн НИТХ-ын 16 төлөөлөгч дэмжиж гарын үсэг зурсан НИТХ-ын Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх цаг үеийн шаардлага тулгарч байхад өнөөгийн удирдлагууд огт сонсоогүй мэт сууж байгаад харамсаж байна. Тиймээс иргэдээ төлөөлөн сууж байгаагийн хувьд НИТХ-ын Тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлж байна” гэв.
НИТХ-ын дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг. Энэ нь өнөөдөр таарч байгаа ч хуралдаан болоогүй нь нийслэлийн иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчиж, НИТХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байгааг шүүмжлэв. Тиймээс НИТХ-ын чуулганыг ирэх есдүгээр сарын 7-нд яаралтай зарлан хуралдуулж, бэлтгэл ажлыг хангах шаардлагыг дээрх нэр бүхий 16 төлөөлөгчийн гарын үсэгтэйгээр хүргүүлж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч нэгдэж буйгаа наймдугаар сарын 21-нд мэдэгдсэн. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд 50+1 саналаар уг асуудлыг дэмжсэн тохиолдолд НИТХ-ын даргыг огцруулах юм.