АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сонгуулийн нам доторх санал хураалтын эхний шат болох Айова мужид болсон намын бүлгийн хуралд 51 хувь, түүний өрсөлдөгчид болох Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис 21.2, НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч асан Никки Хейли 19.1 хувийн санал авсан. Харин нэр дэвшигч Вивек Рамасвами Трампыг дэмжиж байгаагаа мэдэгдэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч байгаагаа зарласан. Тэгвэл өнөөдөр Нью Хэмпшир мужид болох дараагийн сунгааны урьдчилсан санал асуулгаар Трамп (50%), нэр дэвшигч Ники Хейли (34%) нар тэргүүлсэн дүн гарсан учир Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнөөс татгалзаж, сонгуульд тэргүүлж буй ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжинэ гэж өөрийн Network X хуудастаа нийтэлсэн видео бичлэгээрээ мэдэгдэв.
Айова муж нь фермерүүдийн муж юм. Иймээс тэд консерватив үзэлтнүүд буюу Бүгд найрамдах намыг дэмжигчид билээ. Энэ муж газар тариалан ялангуяа эрдэнэшиш, нийт ургацын хэмжээ, малын тоо, толгойгоор улсдаа ихээхэн алдартай. Хамгийн гол нь энэ мужид зөвхөн Бүгд найрамдах намын гишүүд нь л сунгаандаа санал өгдөг хуультай учир Трамп өндөр хувьтай ялсан билээ. Харин Нью Хемпшир мужид бүртгүүлсэн л нь бол нам бусчууд ч санал өгдөг хуультай юм.
Бүгд найрамдах нам ирэх хаврын эцэс гэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой бөгөөд ирэх долдугаар сард болох намын их хурлаар нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулна. Гэтэл Колорадо, Мэн мужийн шүүхээс өөрийн нутагт болох анхан шатны сонгуульд Дональд Трампыг оролцуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа бөгөөд түүний эсрэг өөр хэд хэдэн мужид үүнтэй төстэй зарга үүсэн шүүхийн шатандаа явж байна. Учир нь Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитол руу дайруулахын тулд дэмжигчдээ турхирсан гэж сэжиглэж байгаа юм. Экс ерөнхийлөгч үүнийг өөрийг нь анхан шатны сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрүүд гэж эсэргүүцэн давж заалдах өргөдлөө өгсөн болохоор АНУ-ын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна ерөнхийлөгчид нэр дэвших сунгааных нь явцад татвараас зугтаж залилан хийсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэх зэрэг хэд хэдэн шүүх хурал Дональд Трампыг хүлээж байна. Мөн Дээд шүүхэд олонх болоод байгаа Бүгд найрамдах намын шүүгчид намын үзэл бодолдоо үнэнч байгаагаа харуулж Трампын эсрэг шийдвэр гаргах магадлал ч өндөр байгаа юм. Учир нь “Төр, засгийн эсрэг бослого, хөдөлгөөнд оролцсон хэнийг ч төрийн албанд томилохгүй” гэсэн АНУ-ын Үндсэн хуулийн нэмэлт нь үнэндээ бол “Шүүх бүгдэд тэгш хандах ёстой” гэсэн Бүгд найрамдах намын зарчим юм. Харин сонгуулийн сунгаанд оролцохыг хориглосон мужуудын шүүхийн шийдвэрийг Дээд шүүхээс хүчингүй болговол бусад хэргээр нь мужийн шүүх түүнийг шоронд хорьсон ч Дональд Трампыг ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь саад болохгүй хуультай. Харин намын их хурал шоронгийн хоригдлыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх өндөр магадлалтай. Энэ тохиолдолд Трампыг дэмжигч хэт барууны үзэлтнүүд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Никки Хейлид санал өгөхгүй байх болох ч тэдний орыг нам бусчуудын олонх болон Ардчилсан намын төв үзэлтнүүд нөхөж болох юм. Тэгээд ч Никки Хейли мужийн парламентын гишүүн, захирагч, НҮБ-д АНУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан учир улсынхаа дотоод болон гадаад бодлогын талаар Трампаас илүү мэдлэг, туршлагатай. Энэ нь муж болгоны сунгааны дараа Трампын авах саналын хувь багассаар Хейли эцэст нь ялах магадлалтай гэсэн үг. Харин дайныг эсэргүүцэх нь “дарангуйлагчдыг дэмжиж буй явдал” болох учир энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч ялах магадлал тун бага байна. Тэгээд ч Дональд Трамп нэр дэвшихгүй нь тодорхой болчихвол тэртээ тэргүй ялагдах учир ерөнхийлөгч Жо Байден ч бас нэр дэвшихгүй гэдэг нь ойлгомжтой зүйл. Учир нь АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийг иргэдийн саналын тоо бус төлөөлөгчдийн санал шийддэг онцлогтой.
Г.АМАРСАНАА