Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн тээврийн автобусууд орлогын төлөө явах шаардлагагүй болно

Улаанбаатарчуудын уур уцаарыг ихээр бардаг зүйл бол замын бөглөө нийтийн тээвэр хоёр. Уг нь нийтийн тээврийнхэнд тусгай зам гаргаж өгсөн ч тээврийн хэрэгслүүд урдуур нь дайрч, замын бөглөө үүсгэдэг. Үүнээс болж хотоор нэг сүлжилдэн явж байгаа автобус дүүрэн хүн ажил төрлөө алдаж, алтан цагаа үрж байна. Иймд орлогын хойноос, цагт туугдсан автобусны жолооч нар замын чөлөөгөөр галзуу юм шиг давхиж осол аваар гаргах нь олонтаа. Нийслэлийн иргэн бидний амьдрах орчин, амьд явах баталгаа болсон нийтийн тээврийг хотын удирдлагууд бодлогоор түвэггүйхэн шийдчих боломжтой гэсэн. Гадны улсуудын жишгээс харахад манайх шиг ийм нийтийн тээвэртэй газар хаа ч байхгүй. 

Өнгөрсөн жил Нийслэлийн хөрөнгөнөөс 25 тэрбум төгрөг төсөвлөж, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр болсон. Гэтэл энэ мөнгө өнөөдрийг болтол дансандаа хадгалагдсаар л байна. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байх энэ мөнгө улам үнэ цэнэгүй болж байгааг хотын удирдлагууд ухамсарлаж байгаа болов уу. Цаад санаа нь ердөө парк шинэчлэл нэрээр хэн нэгний шахааны бизнесийг дэмжих гэж цаг хугацаа алдаж буй нь хэнд ч ойлгомжтой. 

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Эко нэртэй автобусыг нэг ширхэгийг нь 260 сая төгрөгөөр худалдан авч нийтийн тээврийнхэнд парк шинэчлэлт хийхээр болжээ. Хятадаас сэлбэг оруулж ирээд Монголдоо угсарчихаад үндэсний үйлдвэрлэл хэмээн цамнаад байгаа энэ бизнесийг нийтийн тээвэрчид дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Учир нь ямар ч баталгаагүй унаагаар тэд хүн тээвэрлэхээс татгалзжээ. Ямар нэгэн осол аваар гарвал үйлдвэрлэгч биш тээвэрлэгчид буруудна гээд яг үнэндээ дотоодынхоо “Эко” автобусыг дэмжихгүй байна. Асар хямдхан өртгөөр бүтсэн энэ автобусыг төрд 260 сая төгрөгөөр шахах нь хэн нэгний мөнгө угаалт бололтой. Үүний тулд “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” гэсэн төрийн гурван компанийг нэгтгэхээр болжээ. Засгийн газрын тогтоолоор эдгээр компаниудыг хувьчлах шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Гэтэл уг шийдвэр хүчингүй болоогүй байхад хүчээр төрийн өмчит тээврийн компаниудыг нэгтгэх гэж байгаагийн цаана асар их мөнгөний сонирхол нуугдаж буй юм.

Нийтийн тээвэрт манай төрийн бодлого үгүйлэгдэж байгааг тээвэрчид санаа нэгтэйгээр дуугардаг. Иймд хотоос эхний ээлжинд атобусуудыг ухаалаг болгох юм байна. GPS төхөөрөмж суулгаж, нэгдсэн нэг серьверээс удирдан хянах нь ээ. Тодруулбал, энэ төхөөрөмж нь хаана ямар автобус явж байгааг удирдлагын төвд шууд харуулна. Улмаар аль чиглэлд автобус хүлээгдэж буй нь алган дээр байгаа мэт хардагдана. Удирдлагын төвөөс тухай автобусны жолооч нартай холбогдож, заавар чиглэл өгнө. Нөгөөтэйгүүр тэдний үйлчилгээг GPS төхөөрөмж бүрэн илтгэх болохоор энэ үзүүлэлт цалинг нь “бодно” гэсэн үг. Жолооч хүн авах гэж орлогод шахагдахгүй, харин цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө хөдөлмөрөө үнэлүүлнэ. Автобусууд одоогийнх шиг бие биетэйгээ уралдах шаардлагагүй болно. Зөвхөн цагийн хуваарийн дагуу ажлын биелэлт нь гараад ирэх юм байна. Нийтийн тээврийг GPS төхөөрөмжтэй болгох уг ажил тун удахгүй хэрэгжих бололтой. Энэ долоо хоногт тендер нь зарлагдана гэсэн.

Хэрэв нийтийн тээвэр ухаалаг, дотор нь зорчиход тав тухтай, тохилог, соёлтой үйлчилгээтэй, хурдан шуурхай болчихвол бид бүгд зорчино. Машинтайгаа хотын бөглөөнд түүртэж, хамаг цагаа барж байхаар нийтийн тээврээр үйлүүлэхийг илүүд үзнэ. Гэтэл өнөөдөр манай автобусууд үнэндээ ийм шаардлага хангаж чадахгүй байна. Үүний тулд нийслэлийн удирдлагууд нийгмийн захиалга үйлчилгээ болсон нийтийн тээврийнхээ бодлогод анхаарч, шат дараатай арга хэмжээ аваасай. Ингэж чадвал их хотын иргэн бидэнд л хэрэгтэй. Энэ бол хүнээ боддог төрийн нэн түрүүнд хийх ёстой ажил юм аа. Улаанбаатарчууд бид үүнийг л хүсч байна. 

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *