Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.
Харин энэ бямба ням гаригуудад 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах аж. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 8:00 – 09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх юм байна.