Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийт усны ганц хувь нь цэвэр ус шүү дээ

Гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаа урьдын адил мөнгө төлж авдаг болж. Цар тахлаас шалтгаалан хэсэг хугацаанд цэвэр усыг үнэгүй өгч байсан даа. Өмнө нь нэг литр ус нэг төгрөг байсан бол сая нэгдүгээр сарын 1-нээс эхлээд литр тутамдаа хоёр төгрөг болжээ. Харин зуслангийн хавиар нэг литр усыг 4.5 төгрөгөөр борлуулах журам гарчээ. Усны үнэ ийн нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа хүмүүс усны үнийг ингэж нэмдэг нь буруу, хар ус гэхэд үнэтэй байна гэх маягийн сэтгэгдлүүд олон харагдлаа. Ундны ус гэдэг өнгө, үнэргүй шингэн бодис бол хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний зүйл. Гэтэл хамгийн хямдхан байсаар байгаа усыг ердөө хоёрхон төгрөгөөр авахдаа чухам яагаад уурлаад байгаа учрыг эс олсон юм. Бяцхан

тоо бодож үзье л дээ. Нэг хайрцаг чүдэнз 200 төгрөг. Дотроо 50 гаруй ширхэг л байгаа байх. Гэтэл ганц хайрцаг чүдэнз авах мөнгөөр 100 литр ус авна. Таван тонны зөөвөрлөх машинаар ус авлаа гэж бодоход 5000 литр усыг 10 000 төгрөгөөр л авах нь. Гэтэл яг үнэндээ 10 000 төгрөг гэдэг бол дундаж ресторанд ороод суухад ердөө ганц лонх шар айрагны л мөнгө шүү дээ.

Дэлхий нийтээрээ ундны цэвэр усны хангамжид санаа зовниод хэдийнэ эхэлчихсэн. Зарим томоохон хотууд хүртэл цэвэр усыг иргэддээ тодорхой хязгаартайгаар өгдөг болж байна. Далайн усыг цэвэршүүлэх олон, олон оролдлогууд хийгдсээр байна. Эхнээсээ амжилттай болж байгаа технологиуд бий болсон авч хэрэглээг бүрэн дүүрэн хангах яагаа ч үгүй бололтой. Харин бид цэвэр усыг ёстой утгаар нь гамгүй хэрэглэсээр. Бараг л орсон газар болгоны ариун цэврийн өрөөний ус зүгээр л сул гоожиж байдаг. Крантыг нь нээгээд орхичихсон байх нь энүүхэнд. Мөн авто угаалгын газар бол бүр тоймгүй. Нэг машин угаахад хэдэн литр цэвэр ус зарцуулаад байгаа юм бүү мэд. Уг нь авто угаалгын газар, ариун цэврийн өрөөний суултуурын усанд саарал ус буюу дахин боловсруулсан ус хэрэглэж эхлэх цаг аль хэдийнэ болчихсон. Гэсэн ч хувь хувьсгалын аль нь ч энэ тал дээр аниргүй суусаар. Дэлхий дээр байгаа нийт усны 97 хувь нь далай тэнгисийн, хоёр хувь нь хойд урд мөсөн далайн, үлдсэн ганцхан хувь нь ундны цэвэр ус байдаг юм шүү дээ. Арай л бага байгаа биз. Тиймээс ундны цэвэр усаа боломж боломжоороо хэмнэж байвал ямар вэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *