Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнгөрсөн тав хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдалд гамшиг ослын 68 дуудлага ирсэн бөгөөд үүнээс 50 орчим хувь нь шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байжээ. Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан байна. Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2020 оны дөрөвдүгээр сарын 06-наас зургаадугаар сарын 10 хүртэл хоригложээ. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийнэ. Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *