Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Есдүгээр сарын 21-ны өдөр “Монгол дээд” сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 орчим хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр тус ангийн хүүхдүүдэд дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрч, 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэжээ. Хүүхдүүд энэ удаа түрээсийн байранд биш сургуулийнхаа танхимд хичээллэж байжээ.

Өмнөх буюу түрээсийн байранд хичээллэж байхад хүүхдүүд хордсон асуудлын дүгнэлт гарсан эсэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад “Сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон. Урьдчилсан дүгнэлтээр, анги танхимын агаарын чийгшил болон агаар сэлгэлт бага, ариун цэвэр хангалтгүй, анги дүүргэлт их байсны улмаас нүүрс хүчлийн хийн агууламж ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон. Агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдсан химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан” гэсэн хариулт өгч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *