Улаанбаатар хотын чөлөөт бүс байгуулах санал санаачилга гарч, төсөл нь хэдийнээ бэлэн болжээ. Авто зам, төмөр зам, нисэх буудал, усан хангамж, эрчим хүч гээд бүхий л талаас нь судлаад Төв аймаг явах зам буюу Айдсын даваанаас нааш Буянт ухаа орчим, цаашлаад Өлзийт хороолол, Шувуун фабрик, Эмээлт орчимд Нийслэлийн чөлөөт бүсийг байгуулах нь тохиромжтой гэж үзсэн байна. Чөлөөт бүс байгуулах төсөөллөөр тусгай бүсийн үйл ажиллагааны гурван чиглэлийг гаргажээ. Нэгдүгээрт, Буянт Ухаа орчимд 3300 га-д аялал жуулчлал бизнес санхүүгийн бүс байгуулна. Хоёрдугаарт, Эмээлт, Өлзийт хороо, Шувуун фабрик орчимд үйлдвэрлэл инновацийн бүс болгоно. Мөн хөдөө аж ахуй, өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулахаар тооцоолжээ. Мөн хотын зүүн талд буюу Налайхад үйлдвэрлэл технологийн хоёр дахь парк байгуулагдана. Энд ганга, шил, барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Гуравдугаарт, тээвэр ложастикийн зангилаа бүсийг агаарын зангилаа бүс, эх газрын боомтоор төсөөлж байна. Хөшигийн хөндийд байгуулагдсан онгоцны шинэ буудлыг түшиглэн тээвэр ложистикийн зангилаа бүс байгуулагдсанаар төмөр зам, авто зам, агаарын тээврийн бүхий л ложистик төвлөрнө гэж байгаа. Энэ гурвалсан бүсийн дунд Богдхаан уул гэсэн үндэсний том цэцэрлэгт хүрээлэнтэйгээр Улаанбаатар хот тойроод хөгжсөн байдлыг төсөөлөн хөгжлийн стратегийг боловсруулжээ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас боловсруулж, улмаар Нийслэлийн Засаг дарга энэхүү төслийг Засгийн газарт танилцуулахаар болоод байгаа юм.
Чөлөөт бүсэд үйлчилгээний ямар газрууд байх вэ?
Буянт-Ухаа орчмоос Төв аймаг руу чиглэлтэй баригдах чөлөөт бүс байгуулагдсанаар тэнд чухам ямар газрууд үйл ажиллагаа явуулах вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэе. Чөлөөт бүс байгуулагдах газрын нийт талбайг 14 мянга гаруй га газар гэж төлөвлөжээ. Аялал жуулчлалын томоохон төвлөрөл юуны өмнө үүснэ. Үндэсний соёл амралтын зугаалгын бүс, казино, зочид буудал, музейн цогцолбор, спортын томоохон төвүүдийг байгуулахын зэрэгцээгээр аэротек парк, бизнес санхүүгийн төв, худалдааны бүс байгуулагдана. Үүнийг дагасан суурьшлын бүс байгуулагдана. Аэротек паркт засварын төв, аэроинженеринг судалгаа, хөгжүүлэлтийн төв, онгоцны сэлбэг, хэрэгсэл, эд ангийн үйлдвэрлэлийн төв зэрэг байгуулагдах аж. Тус бүсэд бизнес санхүүгийн томоохон төвүүд бас байх гэнэ. Үүнд хөрөнгө оруулалтын сан, банкны үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, хурал зөвлөгөөний танхимууд, стартап компаниудын оффис, тэргүүлэгч байгууллагуудын төв, түүхий эдийн арилжааны бирж зэргийг байгуулна гэж үзэж байгаа. Түүнчлэн худалдааны бүс байх бөгөөд үүнд экспо төв, их дэлгүүр, кино театр, олон үндэстний хоолны газар, сүлжээ хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, загварын төв-академи, хүүхдийн тоглоомын хэсэг байгуулагдана. Чөлөөт бүс байгуулахад казино байгуулах тухай асуудал яах аргагүй анхаарал татна. Гадных шиг шилэн өндөр баригдах казино, зочид буудлын хэсэгт бооцоот тоглоомын хэсэг, автомат тоглоомын хэсэг, брэндийн дэлгүүр, дээд зэрэглэлийн ресторан, концертийн танхим зэрэг байх гэнэ. Казиногоос орж ирэх ашгийг гадны улс орны жишээн дээр төсөл дээр оруулжээ. Казино байгуулагдах нь Монголын эдийн засагт шууд шингэх татвараас илүү үр өгөөжтэй. Дээр нь казино байгуулахад татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр 40 орчим хувийн эдийн засгийн өгөөжтэй гэж бодохоор 4.5 тэрбум төгрөгийн 40 хувь нь 1.6 орчим тэрбум ам.долларын ашигтай ажилладаг байх нь гэж тооцоолсон байна.
Улаанбаатар хотын чөлөөт бүсэд үйлдвэрлэл инновацийн томоохон төвүүд мөн байна гэж байгаа. Агропарк байгуулагдана. Үүнд үнээний ферм, бордооны үхрийн ферм, гахайн ферм, тэжээлийн аж ахуй, мах боловсруулах иж бүрэн үйлдвэр, гүн хөлдөөлттэй зоорь, мах боловсруулах болон консервийн үйлдвэр, хаягдал яс, тос боловсруулах зэрэг үйлдвэрүүд байгуулагдана. Эмээлтэд байгуулагдах хөнгөн үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэр, ноос ноолуур угаах, самнах үйлдвэр, шинжлэх ухаан-инноваци, оффиссын барилгын бүс байгуулагдана. Мөн хэвлэмэл хавтангийн үйлдвэр, эрчим хүчний кабелийн үйлдвэр, дата төвүүд, холбоо, сүлжээний кабелийн үйлдвэр, био технологийн гэх мэт өндөр технологийн инновацийн парк байгуулагдана гэж төсөл дээрээ тусгаад байгаа юм. Хүн амын төвлөрлийг дагаж суурьшлын бүс байна. Орон сууц, оюутны хотхон, их сургууль үүн дотроо ШУТИС-ийн салбар сургууль, ХААИС-ийн салбар сургуулийг байгуулна гэж төсөөлжээ. Чөлөөт бүсэд эх газрын боомтыг хэрхэн бий болгох вэ гэвэл төмөр зам, авто тээврийн терминал, гаалийн баталгаат агуулах, шууд далайд гаргах, ачиж буулгах хэсгийг байгуулах юм.
Ийнхүү хотын дэргэдэх эдийн засгийн чөлөөт бүсийн төсөөллөөс үзэхэд тэнд байхгүй юм бараг байхгүй бололтой дог.
Чөлөөт бүс байгуулах газрыг онгоцны буудлаасаа эхлээд дэд бүтэцтэйгээ хамгийн нийцэхүйц газрыг сонгож байгаа гэх бөгөөд Хятад, Солонгос, Япон зэрэг хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс орнууд эдийн засгийн бүсэд хамрагдана гэж үзэж байна. Чөлөөт бүс дэх аялал жуулчлалын үйлчилгээг авахаар жилдээ ирэх жуулчны тоог хоёр сая хүрнэ гэж тооцоолсон бөгөөд зочид буудлын багтаамжийг тус бүр 1000 ортой 10 том зочид буудал баригдахаар тооцох аваас нэг хоногтоо 10 мянган жуулчин хүлээн авах боломжтойгоор төсөлдөө тусгажээ. Жуулчид олноор ирэх учраас тээврийн даацыг хоногт 17 нислэг хийгдэнэ гэж хүртэл нарийвчлан тооцолол гаргажээ. Дашрамд дурдахад хотын дэргэдээ чөлөөт бүс буюу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар Төв Америкийн экспортын 50 хувийг чөлөөт бүсийн орлогоос бүрдүүлдэг тооцоо байгаа бол БНХАУ-ын ДНБ-ий 22 хувь, экспортын 46 хувь, хөрөнгө оруулалтын 60 хувийг бүрдүүлдэг гэсэн үзүүлэлт байна. Яг үүн шиг манайх чөлөөт бүс байгуулснаар эдийн засагт өндөр үр ашиг өгнө гэж үзэж байгаа юм.
Р.Дагва: ЧӨЛӨӨТ БҮС
БАЙГУУЛСНААР ШИНЭ ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАГДАНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА
Чөлөөт бүс байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж буй НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагваас дараахь тодруулгыг авав.
-Улаанбаатар хотод Чөлөөт бүс байгуулах төслийг хэрэгжүүлэх боломж нөөц бидэнд бий юу?
-Чөлөөт бүсийн тухай хуульд чөлөөт бүсийг амьдруулдаг угтвар нөхцөлийг зааж өгсөн байдаг. Улаанбаатарт энэ хуульд заасан бүх угтвар нөхцөлүүд бүрдсэн байгаа. Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувь төвлөрсөн, усан хангамж, бүх төрлийн тээвэр ложистик байгаа бол хуульд заагаагүй угтвар нөхцөл хүртэл бүрдсэн байна. Чөлөөт бүс байгуулснаар шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот байгуулагдана гэж үзэж байгаа. Хотоо дагуулан байгуулсан чөлөөт бүсийн хамгийн сайн, ойрын жишээ гэвэл БНСУ-ын нийслэл Сөүл хотын дэргэд байгуулагдсан Инчон өнөөдөр хот болжээ. 2003 онд манай улс хилийн бүсдээ гурван чөлөөт бүс байгуулж байхад зэрэгцээд тууз хайчилж байсан Инчон 15 жилийн дараа эдийн засгийн өндөр түвшинд хүрсэн хот болсон байна.
-Чөлөөт бүс байгуулах хөрөнгө оруулалтыг хэрхэн шийднэ гэж тооцоолж байгаа вэ. мөн чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт орж ирэх үр өгөөжийг хэрхэн тооцоолсон байгаа вэ?
-Чөлөөт бүс байгуулах санал санаачилгыг гаргаж байгаа нь алс хэтийг харсан хөгжлийн томоохон шийдэл гэдгээр нь эхэлж харах хэрэгтэй юм. Мэдээж чөлөөт бус байгуулагдахын өмнө хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэнэ. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах нь ганцхан хотын асуудал биш. Засгийн газар, УИХ хамгийн их үүрэгтэй оролцох ёстой. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэж байгаа гэдгээрээ Улаанбаатар хотын захиргаа гол зохион байгуулагч, холбогч байх ёстой. Чөлөөт бүс байгуулснаар ямар ямар салбараар хэрхэн хөгжиж болох вэ гэвэл үндсэн хоёр зүйл байж болно гэж харж байгаа. Үүний нэг нь энтертайнмент. Монгол Улсын мөнгө олж болох нэг том салбар нь аялал жуулчлал. Энэ салбарыг чөлөөт бүстэйгээ уяж хэрхэн мөнгө олж болох вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Нөгөө талд нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд оюун ухаан, сэтгэлгээгээрээ дэлхийд үнэлэгдсэн залуучууд байна. Мөн манайд IT технологийн салбарыг хөгжүүлэх нөхцөл боломжууд бүрдсэн байна.
Тэгэхээр Монгол Улс, Улаанбаатар хот бизнес санхүүгийн төв болох боломжтой. Бас нэг салбар нь үйлдвэрлэл инноваци. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэглээгээ хангаад цаашлаад экспортод гаргах. Монгол Улсын брэндийг дэлхий нийтэд гаргах гол гарц нь бүхий төрлийн татварын хөнгөлөлт бүхий эдийн засгийн чөлөөт бүс байх болно. Манай улс хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа түшиглэн бүхий л түүхий эдээ дахин боловсруулах замаар нэмүү өртөг шингээж экспортод гаргах үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Дээр нь өндөр технологийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй.
-Казино байгуулах тухай анхаарал татаж байна?
-Чөлөөт бүст байх ёстой нэг зүйл нь казино. Улс орны эдийн засагт хамгийн өндөр татвар төлөх, мөнгө төвлөрүүлдэг салбар нь казино. БНСУ-д 28 казинотой. Аль ч казинод нь солонгос хүн ордоггүй. Үүнтэй адил Улаанбаатар хотын чөлөөт бүсэд хоёр казино байгуулагдлаа гэхэд нэг ч монгол хүн орохгүй. Сингапурын Marina Bay Sands цогцолборын казино байна. Жилийн орлого нь 12.3 тэрбум ам.доллар, татварын өмнөх ашиг нь 4.5 тэрбум ам.доллар гэхээр энэ хоёрын зөрүү болох 7.8 тэрбум ам.долларыг жилийн үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Чөлөөт бүсдээ казино байгуулаад тэр жишээний хөгжүүлбэл ус, цахилгаан, дулаанаа өгнө. Хүмүүсийг боломжийн цалинтай ажлын байраар хангуулна.
Энэ мэт эдийн засгийн өндөр өгөөжтэй. Улаанбаатарт хотын Чөлөөт бүсийг төсөл болгоод ажил хэрэг болгоод олон улсын жишгээр хөгжүүлэх нь чухал. 10-15 жилийн дараа хөгжлийн шинэ шатандаа хүрсэн эдийн засгийн чөлөөт бүстэй болбол аз жаргалтай хотын иргэд бий болно. Хууль эрх зүйн орчин, нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Улаанбаатар хот чөлөөт бүстэй боллоо. Хөрөнгө оруулагчдыг урьж байна гэдгээ дэлхий дахинд зарлана гэдгээ маш зөв тооцож, том сэтгэж, том менежмент хийх хэрэгтэй байна.