Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой нийслэлд 900 гаруй, орон нутагт 1300 гаруй цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллана гэж Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээллээ.
Хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас ямар ажил зохион байгуулж байгаа талаар тодруулахад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэцэцэг дараах хариултыг өглөө.
Тэрээр, “Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчид их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд бага насны хүүхэд, сурагчдын аюулгүй орчинд суралцах эрхийг нь хангахын тулд нэмэгдлээр авто болон явган эргүүлийн чиглэлд нийслэлд 900 орчим, орон нутагт 1300 орчим алба хаагч нарыг ажиллуулна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхэд, сурагч, оюутнуудыг залилах, эд зүйлийг нь булаах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг, зөрчил ихэсдэг тул цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Найз нөхдийн холбоотой болон шинэ танилцаж байгаа оюутан, сурагчид нь нэгэндээ уруу татагдаж согтууруулах ундаа хэрэглэснээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох улмаар өөрийн эрүүл мэнд, эд зүйлээрээ хохирох эрсдэл дагуулдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна” гэлээ.