Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ.
ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.
Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.
Он гарснаас хойш эзэнгүй 29671 нохой, муур устгажээ.