Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Хан-Уул дүүргийн Цэцээ гүн цогцолборын 60 дугаар сургуулийг 1999-2006 онд суралцан төгссөн 8б ангийг онцолж байна. Нэг анги, нэг сургуульд хамт суралцан, “А” үсэг, “Арвын тоо” зэрэг сурсан манай ангийнхан гэх нэгэн бүлд ижилдэж, үерхэн нөхөрлөж, хөгжин баясаж явсан хүүхэд ахуй цаг мөч мартагдашгүй. Нөгөө л насан туршдаа “нэг ангийнхан” шүү дээ. Найман жилийн турш “Б” бүлгээр овоглож ирсэн бид 40-үүлээ байлаа. Бага ангийн багшийг Ц.Мажигсүрэн гэдэг. Харин дунд ангид ороод Х.Янжин, Т.Эрдэнэ-Очир гэсэн хоёр багшийн нүүрийг үзсэн. Одоо ч бидний бахархал болсон хүмүүс бий. Ангийн дарга И.Чагцалдулам сурлага, урлаг спортоороо шилдэг ёстой л төрөл бүрийн авьяастай мундаг охин байв. Бид хоёр дунд ангиас найзалж эхэлснээр өдгөө амьдралын найзууд болчихсон явна. Манай ангийн хөвгүүд математикийн хичээлдээ их сайн. Хөвгүүдээ ирээдүйн инженерүүд гэж үнэлнэ. Мөн ангийн хөвгүүн Б.Батдэлгэр, Н.Пүрэвдорж, Г.Гантунгалаг нар зураг хачин гоё зурна. Б.Батдэлгэр бүх охидод хоч өгнө, шооч хүү байсан. Харин Н.Пүрэвдорж цаанаа нэг буурьтай. Манай ангийн хөвгүүд, охидоо их хүндэлнэ. Харин бид бүтэн чихэр иднэ л гэдэг гонжийнжоо байлаа. Булаагаад авчихна.
Саяхан манай ангийнхан сургуульд анх элссэнээс хойш 20 жилийн дараах уулзалтаа зохион байгуулсан юм. “А” үсэг заасан багш маань ирж дурсамж хичээл оров. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд бид эргээд суусан мэт сэтгэгдэл төрж байсансан. Бидний уулзалтын гол сэдэв чимэг болсон сурагч насны дурсамж минь байлаа. Уулзалтын үеэр Мажигсүрэн багш “Та нар их сахилгагүй байсан. Янжин энэ ангийг үнэхээр дийлэхгүй нь ээ гэж ярьж байсан шүү” гээд бүгдийг инээлгэж билээ. Тийм сахилгагүй анги байсныг би бараг санадаггүй юм. Тэгсэн хэрнээ л анги дааж байсан багш нараа бүгдийг нь уйлуулж байсан гэхээр овоо гарууд байж таарч байна. Гэхдээ хичээл тасалж, алга болно гэж үгүй. Янжин багш маань бидэнд хичээл заахаас илүү бие биенээ хайрлах хүндлэх ухааныг зааж сургасан. Ар гэрийн шалтгаанаас болоод хичээлдээ ирж чадахгүй байгаа хүүхэд байвал хоёр, хоёр хүнд даалгаж өгнө. Хоцорсон хичээлийг нь зааж өгөх, хичээлдээ ирэхийг нь дэмжихийг зааж сургасан. Тэр ч утгаараа бид багшийнхаа зааж сургаснаар бие биенээ дэмжин, тусалсаар өдийг хүрсэн. Хамт олны эв нэгдэл манай ангиас хамгийн түрүүнд ханхална. Бие биенээ гэсэн ангийнхны минь сэтгэл одоо ч хэвээрээ. Т.Эрдэнэ-Очир багш манай ангийг дааж аваад удаагүй байхад ангийн хөвгүүд биднийг нэг нэгээр нь самбарын урд гаргаж байгаад дээш нь шидээд л барьж авч тоглоод байв. Гэтэл нэг өдөр ангийн хөвгүүн Энх-Амгаланг дээшээ шидэж таарахад хэн нэгэн нь багш ирж байна гээд гүйгээд ороод ирж. Багшийн сургаар нөгөөдүүл дээшээ шидчихээд суудал суудал руугаа гүйчихдэг юм. Ингээд Энх-Амгалан шалан дээр унаад бөөн уйлаан майлаан. Удалгүй өвөө эмээ нь ирээд хөвгүүдийг самбарын өмнө гаргаад загнуулж байгаа юм даа. Энх-Амгалан маань хэд хоног хичээлдээ ирээгүй. Тэрнээс хойш ангийн хөвгүүд сар анги угаах шийтгэл багшаас авсан юм. Эхний өдөр анги угаах гэж гурван цаг үргэлжилж. Сар дуусахад аравхан минутанд ангиа угааж дуусгачихаад гарч байсан даа хэмээн тэд инээлддэг юм.
Манай ангиас сургуульдаа нэгт жагсах дууны хамтлаг төрсөн. Ангийн охид болох И.Чагцалдулам, Г.Ганжавхлан, Э.Номин, З.Ундармаа нар “Инээмсэглэл” гэх хамтлагтай. Энэ дөрөв маань хоолой салгаад ёстой гоё дуулна. Манай ангийнхан бүх дууг нь мэднэ. Тайзан дээр дуулж байхад нь дагаад л дуулна даа. Дөрвөн охин маань сургуулиа төлөөлж улс, дүүргийн уралдаан, тэмцээнээс олон шагнал, медаль хүртэж байсан. Манай Г.Ганжавхлан цангинасан маш гоё хоолойтой. Тэр ч утгаараа сургуулиас жил бүр зохиогддог “Дуут жагсаал” тэмцээнд ангийнхаа командлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Э.Номин маань онц сурч, гоё дуулахаас гадна ном их уншина. Бидэнд уншсан номынхоо талаар ярьж өгнө. Харин Ундармаа бол дайчин охин байсан. Түүнчлэн ангийн охид Г.Туул, И.Дуламсүрэн, Б.Уянга, Ц.Болортуяа, Б.Гүнжлхам нар ч сүрхий сурлагатай. Ангийн хөвгүүдийн хайрыг татсан охин бол Гүнжлхам. Түүнд бүх л хөвгүүд сайн байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Саяхан бид ойн уулзалтаараа хөгжилтэй зүйлсээ ярьж суулаа. Тэгтэл манай ангийн хөвгүүн Хүрэлсүх Гүнжлхамд Пүрэвдорж, Намсрайхүү хоёроор захиа зөөлгөж л дээ. Мань хоёр ч Гүнжлхамд сайн учраас замдаа захиаг нь уншиж шидчихээд Хүрэлсүхэд очоод зөвшөөрөхгүй гэнэ ээ гээд хэлчихсэн байгаа юм. Үүнээс гадна ч олон хөвгүүд Гүнжлхамд сайн байсныг би мэдэх юм. Харин ангийн хөвгүүн Л.Алтангэрэлд ангийн охид мөн л сайн. Бүр нөгөө ангийн охид сайн болсноос болж өөр ангийн хөвгүүд зодох гэж ирнэ. Бид ч ангийн хөвгүүдээ өмөөрөөд л тэр дунд нь явж байна. Арван жилийн дурсамжтай салшгүй холбоотой нэг зүйл бол дурсгалын дэвтэр. Дурсгалын дэвтэр дээр хэнд сайн нь тодорхой харагдана. Ил шулуухан сайн хүний нэрээ биччихнэ дээ.
Сургуулийн шилдэг хамтлагийн дөрөв болох И.Чагцалдулам Дулааны цахилгаан станцад машинч, Г.Ганжавхлан сэтгүүлч мэргэжлээр төгссөн бол Э.Номин Тайвань улсад сурч, З.Ундармаа ЖДҮД төвд Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай ангиас цөөнгүй хэд нь хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа. Үүнд ангийн охин Болортуяа Японд, С.Лхагвацэнд Унгарт, ангийн хөвгүүн Хүрэлсүх Солонгос улсад сурч хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч байна. Мөн манай ангийн Б.Гүнжлхам Хаан банкинд ахлах теллер, Энх-Наран Голомт банкинд теллер, И.Дуламсүрэн нь СБД-ийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуульд англи хэлний багшаар ажиллаж байна. Ангийн хөвгүүн Б.Батдэлгэр ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд, Н.Пүрэвдорж Төрийн тусгай хамгаалалтын албанд, Б.Бадамсүрэн МЭАЦ лабораторид шинжлэгч их эмч, Г.Хишигбаяр IT инженер, Т.Туул Хил хамгаалах ерөнхий газрын хими лабораторийн шинжээчээр тус тус ажиллаж байна. Ангийн нөхөд болох Л.Алтангэрэл, М.Азбилэг, М.Батбилэг, С.Баянзул Б.Бадамжаргал, П.Гантунгалаг, Т.Доржсүрэн Л.Отгон-Өнөр, М.Оюунчимэг, Л.Уянга, Г.Цэндмаа, Ж.Мөнгөнжавхаа, Отгонжаргал, Цолмонбаяр, М.Сайнбуян, С.Намсрайхүү, О.Энх-Амгалан, А.Доржням, С.Машбат, У.Бямбасүрэн, Наранзул нар хувиараа ажил хөдөлмөр эрхлэн ажиллаж байна. Манай ангийнхан сурлага, хүмүүжлээрээ тэргүүний, бие биедээ тусархаг, хамтач сэтгэлгээтэй хүүхдүүд байсныг он жил улиран өнгөрөх бүр улам тодруулан баталж байгааг харахад бахархалтай санагддаг. Өдгөө бид өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж урагш тэмүүлсээр явна.