Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, хмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өчигдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ.
Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм. Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм.
Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа. Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.
Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг. Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа аж.