Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нэгдүгээр эмнэлгийн хашаан дундуур С.Зоригийн гудамжийг зүүн тийш Чин Ван Чагдаржавын гудамжтай холбосон шинэ зам тавилаа. Энэхүү автозам нь 2.8 метр өргөн зорчих хэсэгтэй 0.7 метр явган замтай, 3.5 метрийн өргөнтэй 75 метр урттай юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс нас барагсдыг гаргахад Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хойд болон баруун талын авто замаас өөр гарц байдаггүй учир дээрх замуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл ихээр үүсдэг төдийгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчигддөг гэж Замын цагдаагийн газраас тайлбарлаж байгаа юм. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хойд талд урдаасаа хойшоо чиглэлтэй нэг урсгалтай дээрх замыг шинээр гаргаснаар Энхтайваны өргөн чөлөөн дэх замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж үзэж буй юм байна.