Тэд бол зургаан настнуудын хамгийн дотны найз бас зөвлөх нь. Гэвч өдөр бүр, хэрэгтэй цаг тутамд нь томчууд бид хүүхэдтэйгээ хамт байж чаддаг билүү. Ялангуяа сургуульд дөнгөж элсээд байгаа зургаан настнууд сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байдаг. Энэ үед нь томчууд бид түүнтэй хэрхэн харилцаж, хичээлд нь дур сонирхолтой болгох вэ.
Эцэг эхчүүдэд магадгүй хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох дээрх асуудлыг хөнгөвчлөх, бэрхшээлийг маш бага, болж өгвөл хүндрэлгүй даван туулах арга замыг Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлсэн “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл эцэг эх төдийгүй багш, сурагч, сургуулийн удирдлага, ажилчдад чиглүүлж өгсөн гэхэд болно. Энэ талаар тус төслийн удирдагчид “Төслөө хэрэгжүүлэхийн тулд дөрвөн зорилт тавьсан. Нэгдүгээрт,хүүхдийг сургуульд анх ороход нь тосож авч байгаа хамгийн анхны сурган хүмүүжүүлэгч нь багш. Тиймээс багшийн зургаан настнуудтай ажиллах сургалтын арга зүйг тодорхой судалгаа, үндэслэлийн дагуу чиглүүлэх. Зургаан настай хүүхдийн онцлог, тэдний сурах арга барил ямар байдаг вэ, түүнд нь тохирсон боловсролыг хэрхэн олгох вэ, боловсролын системд хүүхэд тохирч суралцах уу, хүүхдэд тохирсон арга зүйгээр боловсролыг олгох уу гэсэн үндсэн ойлголт багш нарт өгөхийг, тодорхой арга зүйг эзэмшүүлэхийг зорилоо. Хоёрдугаарт, сургуулийн бодлого боловсруулагчид, удирдлагууд, нийт хамт олны оролцоо, дэмжлэггүйгээр тухайн хүүхдийг сургуульд дасан зохицуулах, суралцах үйлд дуртай болгоно гэдэг бэрхшээлтэй. Тиймээс сургуульд элсэгчдэд тохирсон бодлого, төлөвлөлтийг сургуулийн удирдлагууд үйл ажиллагааныхаа гол суурь болгох, хамтын ажиллагааг зохицуулах механизмыг сайжруулах зорилт. Гуравдугаарт, хүүхдийн хамгийн анхны зөв төлөвших, зөв дадал хэвшилтэй болох орчин бол гэр бүл, үүнд туслах хүмүүс нь эцэг эх, асран хамгаалагчид. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхэд тэдний туслалцаа, дэмжлэггүйгээр суралцана гэдэг маш хүнд асуудал. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ нэгдүгээр ангид элсэхээс нь өмнө хэрхэн бэлтгэх, ямар дэмжлэг үзүүлэх ёстой болон сургуульд элссэний дараа багш, сургуулийн хамт олонтой хамтарч, хүүхдийнхээ сурах арга барилд сурган, сурагч болон төлөвших дадлыг хэрхэн суулгах вэ, тэр нь хүүхдийг суралцахад хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэсэн чиглэлээр хамтран ажиллах зорилт байлаа. Дөрөвдүгээрт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан дээрх гурван зорилтын үр дүн, загварыг боловсролын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчдээр хүлээн зөвшөөрүүлэх, цаашид үр нөлөөг тогтвортой байлгахын төлөөх зорилт юм.
Ингээд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд төсөлд хамрагдсан сургуулиудын багш, удирдлагууд болон номын санч, нийгмийн ажилтан эмч,туслах ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид,түүнчлэн тус бүсийн цэцэрлэгийн удирдлагууд, бэлтгэл бүлгийн багш нарт арга зүйн сургалт, семинаруудыг шат дараатайгаар тогтмол зохион байгуулсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, зургаан настай сурагчдыг суралцахуйд суралцуулах гарааг маш зөв тавихын тулд, ирээдүйн чадварлаг, эрдэмтэй боловсон хүчнийг бэлтггэхийн тулд цогц байдлаар буюу түүнд нөлөөлж болох бүх талыг оролцуулсан төсөл хэрэгжүүлсэн гэсэн үг. Зөвхөн багш, эцэг эхтэй ажиллаад сурагчдад тулгарах бэрхшээл хангалттай арилахгүй тул сургуулийн багш, бусад ажилтан, хорооны нийгмийн ажилтныг ч зургаан настай хүүхэдтэй хэрхэн харилцах, тэдний суралцах үйл явцыг хэрхэн дэмжих, бие хүн болон төлөвлшихөд нь ямар аргаар туслах зэрэг арга замыг модуль сургалтуудаар дамжуулан сургаж, төлөвшүүлэхийг зорьсон байна.
Энэхүү зорилго ч нийслэлийн 24 сургуулийн хүрээнд тодорхой хэмжээнд биелэлээ олж, нэгдүгээр ангийн 15.681 сурагч уг төслийн үр шимийг хүртсэн гэх тоон мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, дээрх төсөл нь эцэг эх, багш, сургуулийн ажилтнуудыг нэгдүгээр ангид элсэн суралцагчид сэтгэл санааны болоод сургалтын арга зүйн тусламж дэмжлэгийг ямар байдлаар хүргэхийг зөвлөж, дадлагажуулах ажлыг сургалтын аргаар гурван жилийн хугацаанд хийсэн гэсэн үг. Багш, эцэг эхчүүд болон түүнийг тойрон хүрээлэгчид сурагчдад хэрхэн туслах, дэмжихээ ойлгож, арга зүй болоод хандлагаа өөрчилсөн цагт тэд бүгд зургаан настнуудын найз болно.
Д.ЗОРИГОО