СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар зохион байгуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл саналын хуудас дээр аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн нэр дэвшигчид хамт бичигдэнэ. Сонгогчид хоёр сонгуулийн төлөө санал өгнө гэсэн үг. Аймаг, нийслэл болон сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө тус тус сонгоно.
Өмнөх сонгуулиудад ирц хүрээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг болгон 50 хувийн ирцтэй болж байж сонгууль хүчин төгөлдөрт тооцогддог байсан. Харин энэ удаагийн сонгуульд ирцийн хувь тооцогдохгүй.
Мөн санал хураалтын цаг богиноссон. 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо тухайн нутаг дэвсгэр тус бүртээ сонгууль зохион байгуулах хамгийн том нэмж болж байгаа. СЕХ-ноос гардан зохион байгуулахгүй, зөвхөн зөвлөмж өгч ажиллана.
Түүнчлэн мандатын тооноос илүү нэр дэвшигч дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон мандатын тооноос бага эсвэл огт дугуйлаагүй бол саналын хуудас хүчинтэйд тооцогдоно.
Есдүгээр сарын 13-ны дуустал сонгуулийн сурталчилгаа явагдана” гэдэг мэдээлэл өглөө.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Орон нутгийн сонгуулийн зардлын талаар торуулахгүй юу?
-УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол энэ удаагийн сонгуульд 16.6 тэрбум төгрөгийн зардалтай байна. Энэ зардалд халдвар, хамгааллын зардал ороогүй. Шаардлагатай зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэх байх.
-Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн журмаар танилцуулах уу?
-Сумын сонгуулийн дүн суман дээрээ, аймгийн сонгуулийн дүн аймгийн сонгуулийн хэсгүүдээс нэгдтгэгдсэнээр гарна.
СЕХ-ноос нэгдсэн байдлаар мэдээлэхгүй. Хуулиар тийм үүрэг хүлээгээгүй.
-Хэдэн хүн бие даан нэр дэвшиж байгаа вэ?
-Бие даан нэр дэвшигчдийн хувьд аймаг, нийслэлд 125 хүн нэр дэвшиж байна.
Т. Хулан