Categories
мэдээ нийгэм

Нарантуул, Барс захыг хэсэгчлэн хаажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Энхжин”, “Юмт Бөмбөгөр”, “Меркури”, “Эрдэнэбулган” хүнсний зах, 980 гаруй лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар хамрагдсан захуудад хаяг шошгын шаардлага хангаагүй, импортын хүнс сав баглаа боодлын зөрчилтэй, хугацаа дууссан, хүнсний нэмэлт, импортын янжуур тамхи нь онцгой албан татварын тэмдэггүй, Монгол Улсад худалдан борлуулахыг зөвшөөрсөн тэмдэглэгээгүй, импортлогч нь тодорхой бус дүнсэн тамхи худалдаалсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

“Нарантуул”, “Барс” захууд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, “Хүнсний бөөний агуулах” нь халаалтгүй, усан хангамжгүй, гэрэлтүүлэггүй, тоос шороотой стандартын шаардлага хангахгүй байжээ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн чанараа алдах цаашлаад иргэдийн эрүүл мэндэд хор учруулах эрсдлийг дагуулах талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Дээрх байгууллагаас эдгээр зөрчил дутагдалд дүгнэлт хийн 21 төрлийн хадгалалтын хугацаа дууссан 2,5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, зургаан нэрийн 241 ширхэг 1.05 сая төгрөгийн янжуур, дүнсэн тамхийг хурааж устгалд оруулахаар болжээ. Мөн таван аж ахуйн нэгжид 28.9 сая төгрөг, 44 иргэнд 7.4 сая төгрөг, найман албан тушаалтанд 30.6 сая төгрөг буюу нийт 53.09 орчим төгрөгийн торгууль ногдуулж, шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг татжээ. Шалгалтаар “Нарантуул” захын өргөтгөлийн хэсэг байрлах хүнсний худалдаа, “Барс”-ын төмөр чингэлэгийн хүнсний худалдааны үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

Түүнчлэн бүртгэлгүй худалдаалж буй 59 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *