Categories
мэдээ цаг-үе

Нанотехнологи ба шинэ эрин

Өндөр хөгжилтэй орнуудын бараа, эд материал үйлдвэрлэгсдийн 8090 хувь нь бүтээгдэхүүнээ нанотехнологийн гэх үгээр рекламдаж байна. Эндээс хүн төрөлхтний өнөөдрийн хэрэглээний өнгө төрх хийгээд нанотехнологийн аргаар гарган авсан бүтээл, бүтээгдэхүүнүүд бидний амьдралд хэрхэн түрэн орж ирснийг харж болно. Ер нь хүн төрөлхтөн хэдий үеэс нано технологийг амьдралдаа хэвшүүлж, хэрэглэж эхэлсэн бэ гэдэг асуултад хариулж чаддаггүй. Одоогийн мэдэгдэж байгаагаар IV зуунд Ромд нано ололтот металл агуулсан шил хийдэг байсан гэгддэг. Өнөөгийн барууны сүм хийдүүдийн цонхны шил элдэв эрээн өнгөтэй байдаг нь энэ юм. Мөн 1883 онд Кодакийг үндэслэгч Жорж зургийн хар цагаан хальсыг бүтээхдээ өнгөний давсан давхаргыг нано бүтцээр хийсэн нь хөгжсөөр өнөөдөрт ирсэн байна. Энд монголчууд жоохон амбицалбал Ноён хутагт Данзанравжаа өнөөгийн нанотехнологи судлалын томьёог нарийн тоос, маш нарийн тоос, хумхын тоос гэх мэтээр аль хэдийнэ ангилаад гаргачихсан байсан гэхэд ч хилсдэхгүй гэдэг. Дэлхийд энэ чигийн судлалынхан хүлээн зөвшөөрч ярьсан тохиолдлууд ч байна. Одоогоос 40-өөд жилийн өмнөөс нэг метрийг нэг тэрбум хуваасантай тэнцэх үйлдэлт микроскопийг зохион бүтээж атомуудыг удирдаж эхэлснээр орчин үеийн нанотехнологийн салбарын үүсэл эхэлж, шил даран судлаачид төрж юм бүхэн нано болж эхэлсэн. Дэлхийн бүх зүйл нано орцтой байдаг бөгөөд физик, хими, инженерчлэлээс салбарласан нано судлалаас нанотехнологи, нанотехнологиос наноматериал бий болж дэлхийг бүрхэж байна гэсэн үг. Микротехнологийн үр дүнд компьютерийг бий болгож, тэжээснээр XX зууны сүүлчийн, XXI зууны эхэн үеийн дэлхийн хөгжлийг тодорхойлсон гэдэг шиг нано судлагдахууны ололт нээлт эхэлснээр хүн төрөлхтний түүхэнд зөвхөн эд материалын хөгжлөөр хязгаарлагдаагүй. Анагаах ухаан, электроник, биотехнологи, эрчим хүчний үйлдвэрлэл гээд бидний мэдэх бүхий л салбарт нэвтэрч микротехнологиос ч илүү амжилтад хүрээд байгаа билээ. Тухайлбал, нэг мм диаметртэй нано утас зургаан тонн 300 кгыг даах чадвартай, нэг кг жинтэй унадаг дугуй болоод шатдаггүй, нордоггүй, бохирддоггүй даавуу, хамгийн сайн шингэж арьсыг дээд зэргээр хамгаалдаг нарны тос, хоол хүнсийг шинээр нь хадгалсаар байх боодол, өөрийгөө цэвэрлэдэг бүрээс гэх мэтээр хэдий чинээ хэрэглээнд нэвтрүүлж туршина амжилт нь төдий чинээ их байсан. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр хуучирсан ололт болжээ.

Эл салбарын үүсэл болоод хөгжил ийм байгаа бол ирээдүй ямраар зурагдаж байгаа вэ гэдэг асуулт ч тавигдаад эхэлчихэж. Энэ асуултад дэлхийн болоод Монголын эрдэмтэн, судлаачид хэдийнэ хариулчихаад байгаа болов уу. Яваандаа энэ судлал өргөжсөөр нэг метр биетийг нэг тэрбумаас их нэгжид хуваан атомоос жижиг судлагдахууныг зоргоороо байрлуулж, нэгж нь бүр л нарийссаар байна гэсэн төсөөлөлтэй байгаа бололтой. Атомоос цааш байхгүй хоосон руу судалж тэндээс шинийг олж нээсээр байх болно гэсэн санаа энд гарч байна. Урьдчилан тааварлашгүй маш нарийн шинж чанартай хэмжигдэхүүнээр салбарын ирээдүй хэмжигдэх нь эндээс тодорхой болно. Үүнийг батлах гэж оролдвол хүн төрөлхтөн одоогоос хойш 50 жил л тэсчихвэл хуучирч муудсан элэг, бөөр эд эрхтэнээ автомашины сэлбэг хэрэгсэл шиг засч сэлбээд явах боломжтой болж одоогийнхоос урт насалдаг болно гэдэг мэдээлэл. Энэ үнэний ортой гэдгийг өнөөдрийн зарим жишээ нотолно. Жишээ нь нанотехнологийн нурууны диск, үе мөчний хавтант давхаргыг солих гэх мэтээр олон зүйлээр эрүүл мэндийн судлагдахуунд нэвтэрч тэр нь амжилт, ололт өндөртэй байна. Өмнө нь эдгээрийг сольдог байсан ч зэвэрч гэмтэхээс эхлээд хийлгэсэн хүндээ тээр ихтэй байдаг байсан бол одоо үгүй. Хэдэн жилийн өмнөөс ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нано судлал, нанотехнологийн ирээдүйн талаар ярьж хэлж, бичиж нийтэлсээр байгаа. Түүний болоод дэлхийн эрдэмтдийн үзэж байгаагаар жишээ нь эрчим хүчний салбарт томоохон үсрэлт болох нь. Үүний эхлэл нь устөрөгчийн машин байсан. Ер нь бол уснаас асар их энерги гарган авах бөгөөд ямар ч хоргүй, хамгийн хямд эх үүсвэр байхыг хэлээд байгаа. Одоо уснаас эрчим хүч гарган авах боломж, физик, химийн шинж чанарыг нь тодорхойлоод бэлэн болгочихсон гэх сураг дуулддаг. Удахгүй уснаас гарган авсан тэр их энергиэ хадгалах, ашиглаж, зарцуулах технологийг гарган авахаар судалгааг хийж байгаа бөгөөд ирээдүйд нүүрс, нефтийг мартаж магадгүй байгаа аж.

Эрүүл мэндийн тухайд хүний эд эрхтэн, арьсыг буюу яснаас бусдыг шахам ургуулж, төлжүүлээд эхэлчихсэн бөгөөд хараахан ашиглаж эхлээгүй, туршилтын явцад байна. Ингэсэн тохиолдолд дээр хэлсэнчлэн эд эрхтэнээ сэлбэж, засаад явах боломж нээгдэх юм гэсэн. Лав л донор хайж дэлхийгээр нэг давхихгүй болох нь. Гэхдээ хөгжил нь үүгээр саатахгүй. Эд эрхтэн, арьс зэргийг ургуулахтай хамт хийгдэж байгаа ажил бол нян, бактерийн хэмжээтэй бичил роботууд үйлдвэрлэхээр судалгаа эхлүүллээ гэдэг мэдээлэл. Энэ нь хүн төрөлхтөний хэдэн зуун дамнан хайсан мөнхийн усыг оллоо гэсэн үг ажээ. Олох юу байхав нээн илрүүлсэн, хийж бүтээсэн хэрэг болох юм байна. Бичил роботууд нь өтөлж өөрийгөө сэргээж чадахаа больсон улаан, цагаан эсийн үүргийг гүйцэтгэж, хүнийг мөнхийн залуу байлгах ажлыг хийнэ. Хоол хүнсний тухайд гэвэл дэлхийг хэдэнтээ туйлдуулаад амжсан өлсгөлөн хэмээгдэх үг үгсийн сангаас арчигдаж, мартагдана гэвэл хэт өөдрөг сонсогдох ч цаг хугацааны л асуудал болчихоод байгааг судлаачид онцлоод эхэлчихсэн байна. ШУТИС-ийн профессор Г.Батдэмбэрэл нэгэнтээ үхрийн хүнс буюу өвс тэжээлээс мах, сүү, арьс шир, тариа будаанаас өндөг, тахиаг гарган авна хэмээж байсан нь ч бий. Харин үйлдвэрлэлийн тухайд гэвэл нян бактерийн хэмжээтэй робот үйлдвэрлэж чадна гэж амбицалж байгаа юм чинь зөгнөлт киноных шиг хэл яриа ойлгох чадамжит “терминатор”ыг хийх явдал бол энүүхэнд гэсэн зоригтой мэдээллүүд дэлхийн томоохон медиа агентлагуудаар цацагдаад эхэлжээ. Гэхдээ кинон дээр зөгнөсөн шиг өөрсдийгөө устгуулахаар биш зарцлахаар робот хийх нь ойлгомжтой байгаа. Одоохондоо аж үйлдвэрлэл буюу бараа бүтээгдэхүүн ангилах, зөөх, ачиж буулгах зориулалттай роботын хэрэглээгээр Хятад тэргүүлж, үйлдвэрлэлээр Япон манлайлж, тэр дундаа тус улсын “Никкан Когёо Шимбүн” гэх компанийн нэр тодоор сонсогдож эхлээд байгаа юм.

Хөгжилтэй бүхий л орнууд робот үйлдвэрлэлийн холбоотой бөгөөд холбоодын хэтийн зорилго нь үйлдвэрлэлд бус хүний өдөр тутмын хэрэглээг дан биеэрээ хийх чадвартай “зарц” робот үйлдвэрлэх. Үүнээс өмнө “Авто машины дугуйг хэзээ ч хагарахгүй бас обудтай нь цугт нь үйлдвэрлэх, өөрийгөө нөхдөг биет, жишээ нь машины гупер цуурлаа гэхэд эргээд эдгэдэг байх, хичнээн цохиж нүдлээ ч хэмхэрдэггүй, цаас шиг нимгэн утас, базаад хаяхад тэнийдэг тeлeвиз, зэвэрч, цоордоггүй хоолой, барилгын бүх материал шатдаггүй байх, компьютерийн хурд одоогийнхоос сая дахин нэмэгдэнэ гэх мэт хүний бүхий л хэрэглэгдэхүүн эдийн засагт болоод экологид нэн ээлтэй, мянга дахин бат бөхөөр үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж эхэлнэ. Цаг хугацааны хувьд өнөө, маргаашгүй” гэдгийг Америкийн Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан, техникийн зөвлөл “Нанотехнологийн үндэсний санаачилга”аас өнгөрсөн жил албан ёсоор мэдэгдсэн. “Нанотехнологи хүн төрөлхтөний шинэ эринийг эхлүүллээ” хэмээн Билл Клинтон хэлэхэд дэлхий нийт инээж байсан ч өнөөдөр ичиж байгаа гэж Америкийн хэвлэлүүд мөн л бичиж байна.

Тэгвэл монголчууд энэ бүхний аль хэсэгт яваа вэ. Өнөөдөртөө хөгжилтэй орнуудын урд нь гишгэж чадаагүй ч хойно нь хол тасраад үлдсэн гэж бас болохгүй. Суралцаж судлаад, өөрийн нэрийн нано технологийн бараа үйлдвэрлэж, туршаад эхэлчихсэн байна. Тэр дундаа томоохон Их сургуулиудын судалгааны багууд ихээхэн ололт, амжилттай байгаа. Ямартаа ч дэлхийн жишгээр шатдаггүй, нордоггүй даавууг гаргаад авчихсан байгаа юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *