Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлэх юм. Харин нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох учиртай.
Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн санал авах бөгөөд зургадугаар сарын 10, 11-ны өдрүүдэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах юм байна.
Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм аж.