Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Лутбаяр: Миний хадаг барьж шавь орсон цорын ганц хүн бол Бямбажавын Цэнддоо юм

№123 (5388) дугаарт

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө.

-МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсэж ирлээ?

-Хүний хувь заяа, зураг төөрөг гэж байдаг. МУИС-ийн утга зохиолын бүлгэмийг зохиолч Далхаагийн Норов багш ажиллуулж байлаа. Б.Цэнддоо, Бороохойн Батхүү, Д.Сумьяа, Бямбажавын Энхтуяа, Доржзовдын Энхболд нарын наяад оны төлөөллүүд тэр дугуйланд явна. Тэр үед би Б.Цэнддоод хадаг барьж шавь орсон. Миний хадаг барьж шавь орсон хүн бол Цэнддоо багш байгаа юм. Ээж минь гараараа хуулан бичиж өгсөн тавын дэвтэр дүүрэн шүлэг байсан л даа. Аав маань монгол хэл, уран зохиолын багш ч гэлээ намайг тэгтлээ их дэмжээд сүйд болохгүй. Тэр дэвтрийн шүлгүүдийн ихэнхийг “Энэ яруу найраг биш” гээд зурчихсан. Би тэрнээсээ ичээд дугуйланд очихоо байлаа. Тэгэхэд багш намайг дуудаж явуулдаг болсон. Д.Пүрэвдорж гуайн удирддаг МЗЭ-ийн яруу найргийн дугуйланд бас явна аа. Тэр их найрагч надад “Чи эсвэл их том яруу найрагч болно, нэг бол огт байхгүй болно” гэж нэг үг хэлсэн.

-Их найрагчийн хэлснээр та одоо олны танил том яруу найрагч болчихсон юм биш үү?

-Тэр үг одоо ч надад бодогддог. Одоо болтол номгүй яваагаа бодохоор яруу найрагч мөн ч юм шиг, биш ч юм шиг. “Болор цом”-д нэг удаа шүлэг уншиж үзсэн. Босго нь өндөр юм билээ. “Морин хуур”-т нэг удаа орж үзсэн. Бас л босго нь өндөр наадам. “Болор цом”-д “Босоо бичиг” шүлгээр нэг удаа оролцсон. Тэр шүлэг Зохиолчдын хорооны аль нэг төмөр сейфэнд цоожлогдож, харин хэн нэгний “Хүмүүн бичиг” гэсэн шүлэг уншигдсан. Хүнийхээ хувьд би их гутарсан. Тэгээд цомд уралдахаа больсон доо. Ер нь энд тэнд ч шүлгээ унших дургүй болсон.

-Шүлгийн санаа хулгайлчихна гэж айгаад байдаг болчихсон юм уу?

-Миний шүлэг унших талбар биш юм аа гэж бодох болсон. Ер нь ч хүний сэтгэлийн утга, уянгыг унага даага шиг уралдуулж болохгүй гэж боддог. Яруу найргийн ай савд уянгын, дуудаж унших, бясалгаж сонсох гээд янз янзын шүлэг байна шүү дээ. Тэр бүхнийг нэг зиндаанд шүүнэ гэдэг аюултай. “Болор цом” уг нь сайхан наадам мөн ч шүүлтүүр нь одоо ч эргэлзээтэй. Олон сайхан үзэгчид сэтгэлийн таашаал эдлүүлж, оюуны цангаа тайлдаг ч шүүлт нь нэг л сонин санагдаад байдаг.

-Завханд байхдаа олон дуу хийв үү?

-“Бүүвэй ээж”-ээс хойш “Дуут нуур”, “Аав уул”, “Бадархундага”, “Тэр минь хөөрхий” гээд арваад дуу төрсөн. Тэр бүхнийг олонд хүргэсэн хүн бол яах аргагүй гавьяат жүжигчин С.Батсүх. Миний уран бүтээлийн анхны хамтрагч бол урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан. Тэгээд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Жамьян багш байна. Би нэг л аянд дууны шүлэг хийсэн. Тэр нь “Завхан гол”. Бусдад нь миний шүлгэнд ая зохиосон.

-Та сэтгүүлзүйн бүтээлүүдээ ном болгож боож байгаа гэв үү?

-“Сонинтой хуучраагүй сонирхолтой баримтууд” гэсэн сэтгүүлзүйн гурван зуугаад хуудас номоо хэвлүүлж байна. Сэтгүүлч Ш.Даваадоржтой хамтарч хийсэн хоёр ч ярилцлага энэ номонд маань орсон. Сонины цаас шарладаг ч сонинтой хуучирдаггүй шинэ зүйл их байдаг юм байна. Би сонины хайчилбар ч хадгалж мэдэхгүй их сонин хүн байгаа юм. Муу ээж минь л аваад хадгалчихсан байсан зүйлсээ эмхэтгэсэн.

-Ээж тань таны шүлгүүдийг дэвтэрт хуулж, бас сонины хайчилбаруудыг чинь хадгалсан гэхээр хүүдээ үнэн хайртай, бас их нямбай хүн юм. Ямар мэргэжлийн хүн билээ?

-Миний ээж хими, биологийн багш мэргэжилтэй. Өчигдөр өглөө үүрийн дөрвөн цаг арван минутад хүүдээ зориулж найман мөр шүлэг бичиж гэнэ ээ. Өнгөрөгч 15-ны өдөр миний төрсөн өдөр байлаа. Цахим хаягтаа ээждээ зориулсан шүлгээ тавилаа. Энэ шүлэг дуу болж байгаа.

-Таны авьяас тэгвэл ээжээс чинь ундаргатай юм байна даа?

-Манай аавын талынхан Хатагины хар сүлдийг хоёр зуугаад жил хадгалж ирсэн удам судартай улс. Аавын өвөө залан Загд хэмээх далан таван ардын заргыг зохиосон гэж хэл шинжлэлийн эрдэмтэд тогтоосон тэр хүн. Хошуу ноён Хурц ван Түдэнтэйгээ заргалдаж заргын бичгийг Богдод илгээж байсан түүхтэй. Дунд сургуулийн сурах бичигт нар шиг тойруулж бичсэн тухай байдаг даа. Тэрийг өвөө минь зохиож бичсэн байдаг. Бяруутын бага сургуульд багшилж байгаад баригдаж хэлмэгдэж буудуулсан. Манай ээжийн тал болохоор Халзангийнхан гээд бас л сэхээтэн улс байсан юм билээ. Адуунд угшил ярьдаг, хүнд удам ярьдаг болохоор өвөг дээдсийн минь оюуны гэгээ надад туссан л байж таараа.

-Адуунд угшил гэснээс улсын их баяр наадамд хурдан буянаа давхиулж байсан түүхээсээ хуваалцаач!

-Би багаасаа морины хорхойтой хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид байхын сургуульдаа тогтолгүй, морь унаад хөдөө зугтчихна. Аав хичээлийн эрхлэгч, ээж багш болохоор тэдэнд хэцүү байсан нь мэдээж. Ямар сайндаа л ангийн багшийг маань сольж байх вэ дээ. Манай өвөө морь сайхан унадаг. Намар морио зарчихдаг. Би морио зарах гэхээр зүүгдээд уйлдаг. Эмээ болохоор таргийн, цайны сүүний хэдэн үнээгээ зарахгүй шүү гэдэг. Өрхийн бодын тоо толгой хэтэрчих гээд зардаг байсан юм билээ л дээ. Өвөө минь морийг ижлээр нь унадаг, уядаг. Хөхөл мундаатай хоёр шар хээр морь ч юм уу, хур дэлийг нь ижилсүүлж зассан морьд унадаг, одооныхоор бол машинаар гоёдог шиг л тийм зантай хүн байж. Манай адуунд сэтэртэй хүрэн морь, алаг, шарга адуунууд байсан. Тэгээд сургууль соёлын мөр хөөснөөс хойш шинэ мянган гартал адуунаас жаахан хөндий явсан. Хоёр мянган онд арван гурван жилийн дараа хүүтэй болоод нэг үрээ худалдаж авч, азарга тавин адуу бүрдүүлсэн. 2005 онд авга ах Намрал маань нас барж, хөдөөлүүлэх гээд нутгийн настнуудтай хуучилж суулаа. Эрдэнэцагааны Орлой хонгор улсад айрагдсан манай нутгийн анхны адуу. Тэр адууг эх талаасаа Халзангийн гэж Хурц гуай ярьж байна. Дөчөөд жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Тэгээд ямар адууг унаган адуу гэх вэ гэж удтал ярилцаад “Нутгийн адуу гаргая. Чи хариуц. Егүзэр адуу гэж нэрлэе” гэж тогтоцгоолоо.

-Егүзэр хутагтынхаа алдраар нутгийнхаа адууг нэрлэсэн юм байна шүү дээ?

-Тэрний хойтон жил нь манай сумын ой боллоо. Уран бүтээлийн анхны цэнгүүнийг минь мялааж миний найз, яруу найрагч Сумьяагийн Амартайван надад нэг даага бэлэглэсэн юм. Тэр шүдлэн үрээндээ Алтан-Овооны наадамд хорин долоод давхилаа. Долоон насандаа сумандаа түрүүллээ. Би унаа аваад очиж байхад их насанд Дүүгүүр саарал минь түрүүллээ. Энд авчирч Завханы Эрдэнэхайрханы Энхболд гэдэг найздаа өгч, улсад уралдан арван тавд орсон. Дүүгүүр сааралдаа хадаг зүүтэл “Арван тавд давхисан моринд хэзээ хадаг зүүж байсан юм” гэж улсууд шоолж л байсан. Дараа жил нь Дүүгүүр саарал улсад түрүүлж төрийн түмэн эх боллоо.

-Нутгийн өвгөчүүлийн захиасыг ямар ч байсан биелүүлж дээ?

-Улсад хоёр жил уралдаад түрүүлнэ гэдэг агуу амжилт л даа. Ингээд “Талын хүлэгч” галынхнаа Эрдэнэцагаан сумынхаа уяачидтай холбож Егүзэр адууг бий болгосноор улс, бүсийн наадмуудаас арван хоёр, арван гурван ч айраг, түрүү аваад байна. Тэрэн дотор Эрдэнэцагааны унага, миний соёолон 2009 оны улсын наадамд айргийн гуравт хурдалсан. Долоон сарын 12-ны өдөр бол манай гэр бүлийн хувьд дэндүү гунигтай өдөр байдаг. Аав минь наадмын хоёрдахь өдөр бурхан болсон юм. Жил жилийн энэ өдөр гунигтай байдаг байсан. Харин морь минь гуравт давхихад ээж минь Дуламсүрэн манлайд “Хүүдээ их баярлалаа. Манайхны гунигийн өдрийг үргээж баярын өдөр болгож өглөө” гэж хэлж байсан даа. “Морь уях бол төрийн хэрэг шүү” гэж манай тод манлай уяач Дуламсүрэнгийн аав Цэвээнжав гуай хэлсэн байдаг. Энэ бол ёстой үнэн үг.

-Энэ сарын 31-нд “Улаанбаатар палас”-т болох “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүнд чинь ямархан зиндааны уран бүтээлчид оролцох гэж байна?

-Би тоглолтынхоо нэрэнд их ач холбогдол өгсөн шүү. Миний

“Сунаж байгаа адуу шиг

Аргамаг уул Шилийн богд

Сунаж яваа чоно шиг

Эрэмгий уул Шилийн богд” гэсэн шүлэг байдаг. Унасан унаган нутаг минь наран мандах зүгийнх ч Завхан нутаг, Отгонтэнгэр хайрхан миний сэтгэлийн шүтээн болж. Тиймээс ч би

“Уулс хэвлийд нь үндэс мэт яргасан

Үүлс зулайд нь цэцэгс мэт дэлбээлсэн

Газар тэнгэрийн алтан заадас

Гарьд цагаан уул Очирваань хайрхан” гэж бичсэн удаатай. Энэ л хоёр сайхан нутгаа уран бүтээлээрээ холбож явна. Тоглолтод маань ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Ганга нуур”, Г.Баярмагнай “Мэлмийтэй Монгол”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Шилийн богд” дууг дуулна. Энэ дуу гэхэд их учиртай.

-За ямар учиртай дуу байна?

-О.Дашбалбар ахад зориулсан дуу байгаа. Балбар ах “Чи ахыгаа амьдад минь баярлууллаа гэж байсан. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Э.Бүрнээбаяр, Завханы Батсүх, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү, “Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа, У.Далантай, С.Ганзориг, Ө.Уянга, Э.Амартүвшин нарын гавьяатууд, соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар, Н.Гантулга, Б.Батболд, А.Энхтайван, Т.Батсайхан, Э.Бумхүү, дуучин Н.Дашдэмбэрэл нар миний шүлгүүдээр бүтсэн дуунуудыг дуулна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *