УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, төрийн албан тушаалаас чөлөөлөх шийдвэр зэрэг баримт бичгийг өгсөн байна.
Харин сонгуульд бие даан нэрээ дэвшигчдийн материалыг өчигдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд маргааш хүртэл үргэлжилнэ. Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаж, ирэх сарын 6-ны дотор бүртгэх эсэх талаар тогтоол гаргах юм байна.