Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найруулга зүйн шинэ сайт мэндэллээ

Өнөөдөр БСШУЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд нэгэн шинэ сайт нээлтээ хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Ж.Баянсан, Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид, ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.

Энэхүү http://nairuulga.mn сайтаас бүх төрлийн найруулгын талаар суралцах боломжтой гэнэ. Уран зохиолын, Шинжлэх ухааны, Албан бичгийн гээд бүх л төрлийн найруулгыг хэрхэн хийдгийг бэлэн жишээ загвараар үзүүлэн тавих учир хүн бүр суралцах боломжтой аж. Харин ямар нэг орчин үеийн уран зохиолын номын найруулгыг засч шүүж бичихгүй юм байна. Ерөнхийдөө нийтийн хэрэглээнд зориулан гаргаж байгаа учир салбар бүр рүү гүнзгийрэн орохгүй гэлээ. Энд ямар нэгэн найруулгын программ ажиллахгүй бөгөөд сайн найруулгын жишээг нийтэд хүртээл болгохоороо онцлог аж.

Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян: Зөв унших, сонсох, ярих хэрэглээ бол эх хэлний гүн боловсролын хэрэглээ байдаг. Хэлний боловсролд хөнгөн, энгийн, нарийн гүн боловсрол гэж байдаг. Эх хэлний үндсэн дөрвөн хэрэглээний хамгийн дээд боловсрол нь бол бичгийн боловсрол. Бичгийн боловсрол дотороо найруулга гэж вебсайт нээж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Уран бүтээлч хүнд хоёр чухал чанар байдаг гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг. Нэг нь ёс суртахууны боловсрол нөгөөх нь алсын хараа гэж. Яруу найрагч, зохиолч хүнд ийм сайхан хоёр чанар цогцолсон байдаг учир хүн төрөлхтнийг сэтгэлзүйн хувьд сайхан байлгах зүйл бол яруу найраг юм. Бичгийн найруулгад тавигдах гол шаардлагуудад товч тодорхой байх, оновчтой байх, баялаг байх, цэвэр ариун байх ордог. Энэ шаардлага бол найруулга болгон дээр өөр өөр байдаг.

Энэхүү сайт дээр найруулга зүйн тухай шинээр гарч байгаа сурах бичгүүдийн талаар тавина. Ном тэр болгон хүнд хүрч чаддаггүй. Тиймээс зарим номноос ишлэл аван оновчтой тайлбарыг тавьж хэлэлцүүлэг хийгээд явах зорилготой. Ер нь бол бүх нийтийн эх хэлний боловсролыг олгоход л зориулсан сайт юм. Ерөнхий найруулгуудын төрөл, бэлэн жишээ загваруудыг гаргаж тавих болно. Ядаж л албан бичгийн найруулга дээр өргөдөл яаж бичих талаар тавих болно.

Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Галаарид: Энэхүү сайт нээгдсэнээрээ сэтгүүлчдийн хувьд өөрсдийн алдаа оноог суралцаж утга төгс найруулан бичих, ярьж сурахад чухал нөлөөтэй гэж бодож байна. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол энд гол үүрэг гүйцэтгэдэг салбар. Сэтгүүл зүйн найруулгын түвшин хүссэн хэмжээнд хүрч чадахгүй доголдолтой байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бүхнийг засахад харилцан бие биенээсээ суралцдаг чөлөөт талбар хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь цахим орчинд чөлөөтэй зөвлөгөө авдаг ийм сайт хэрэгтэй байсан. Nairuulga.mn нээгдсэнээр бусдад жишээ болохоос гадна алдаатай жишээ найруулгуудыг сургалтын материал дээр тулгуурлан дүгнэлт хийж харилцан санал солилцох ийм сайт нээгдэж байгаад баяртай байна. Сэтгүүл зүйд бол сайн ярих, сайн найруулан бичих, авьяасаас гадна дадлага, туршлага гээд олон юм хэрэгтэй болдог. Mongoltoli.mn гээд маш чухал гарын авлага бий болсон бол найруулга зүйн чиглэлийн маш том нээлттэй талбар бий болсонд баяртай байна. Ерөнхийдөө монголчуудын ярих, бичих чадвар урьд өмнөхөөсөө хоцрогдонгуй болсон энэ үед хамтдаа суралцаж, эх монгол хэлнийхээ манаач нь болоход хамгийн том талбар боллоо гэж бодож байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *