Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн хичээлийн шинэ жил халуун дулаан уур амьсгал, амжилт бүтээлээр дүүрэн эхэллээ. Түүхт 60 жилийнхээ ойтойгоо золгож буй тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд олон хүндтэй зочид уригдан иржээ. Тухайлбал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх ноён Жан Ян, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шы Юунг Бин, Цагдаагийн атташе Жи Рэн, Консулын туслах хатагтай Юү Зы Чин, Монгол-Хятад “Найрамдал” сургуулийн захирал асан хатагтай Жиан Шиань Мэй нар оролцов. Тэд нийт багш, ажилтнууд болон сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр “Найрамдал” сургуулийн захирал хатагтай Зан Фэн Ейн хэлэхдээ ”Боловсролын салбарын нийт мэргэжил нэгт багш ажилчдадаа шинэ хичээлийн жилийн мэндийг хүргэж байна.
“Найрамдал” сургууль нь 1964 онд байгуулагдаад өнөөг хүртэл 60 жилийн нүүрийг үзэж байна. Мийний хувьд энэ сургуулийн дөрөв дэх захирал. Манай сургуулийн сургалтын амжилтыг Хилийн чанад дахь Хятад хэлний боловсролын шилдэг сургуулиар үнэлж өргөмжилсөн. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсролын яам олон олон жил манай сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар ирсэн. Манай сургууль тогтмол суурьшсан багш ажилчидтай. Хятад хэлний багш нар маань 10-20 жилийн ажлын туршлагатай. Бүгд Хятад хэлний багшийн мэргэжлийн үнэмлэхтэй. Манай сургуулийн төгсөгчдийн 90 гаруй хувь нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг хүртэж Хятад улсын топ сургуулиудад элсэн суралцдаг. Жишээ нь : Бээжингийн их сургууль, Бээжингийн Чинхуа их сургууль, Шанхай хотын Фүдан их сургууль, Тианжин хотын Нанкай их сургууль гэх мэт. Манай сургууль жил бүр БНХАУ-аас зохион байгуулагддаг олон олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, маш сайн үр дүн үзүүлдэг. Мөн жил бүр бид шилдэг сурагчдаа дагуулан БНХАУ-ын байнгын оршин суугчдын нийгэмлэг болон муж хотуудын нийгэмлэгээс зохион байгуулдаг “Үндэс угсаагаа хайх аялал” өвөл, зуны амралтанд хамрагддаг. Монголдоо бид БНХАУ-ын Элчин сайдын яамнаас санаачилж, МУИС-ийн дэргэдэх Күнзийн инститүтээс хамтран зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, манай сургууль “Шилдэг зохион байгуулагч сургууль”-иар тодордог.
Мөн Күнзийн инститүтээс зохион байгуулдаг хятад хэлний түвшин тогтоох болон ярианы шалгалтуудад хамрагдаж 95-аас дээш хувийн сурагчид маань тэнцэж гэрчилгээ авдаг. Манай сургуулийн багш сурагчид мөн Элчин сайдын тэтгэлэг болон Элчин сайдын сургалтын тэтгэлэг хүртсэн. Ирэх жил манай сургуулийн 60 жилийн ой тохиож байна. Нийт үе, үеийн төгсөгчдөө хүрэлцэн ирж хамтдаа 60 жилийн ойгоо тэмдэглэхийг урьж байна. Эцэст нь хэлэхэд бүгдээрээ итгэл сэтгэлээрээ нэгдэж шинэ, шинэ сорилтуудтай нүүр тулж, “Найрамдал” сургуулийн өнөөдөр маргаашийн төлөө хамтдаа хичээцгээе” гэв.
“Найрамал” сургууль нь Олон улсад мөрдөгддөг HSK шалгалтанд сурагчдаа тусгайлан бэлтгэж, БНХАУ-ын их, дээд сургуульд амжилттай элсүүлдэг. Тэр утгаараа Монгол Улс дахь Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай арав гаруй сургуулиас ялгарч, эхний топ гуравт эрэмбэлэгддэг билээ. Монгол-Хятадын “Найрамдал” сургуулиас БНХАУ-н Засгийн газрын тэтгэлгээр сүүлийн таван жилд 100 гаруй хүүхэд тус улсын шилдэг арван их сургуульд элсэн суралцаад байгаа гэнэ. Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын сургалтын тэтгэлэгт жил бүр энэ сургуулийн багш, сурагчид хамрагдсаар ирсэн байна. Өнгөрсөн хавар гэхэд найман багш, 16 сурагч уг тэтгэлэгт багтаж чаджээ. Тэгвэл шинэ хичээлийн жилд тэтгэлэгт шалгаран 3-11 дүгээр ангийн найман сурагч нээлтийн үеэр Элчин сайдын яамны төлөөлөгчдөөс сургалтын төлбөрийн батламжаа гардан авлаа. Үүнээс гадна Бээжин хотын “Гадаадад байнгын оршин суугчдын холбоо”-ноос зохион байгуулдаг ес дэх удаагийн “Уран бичигтэн” зургийн тэмцээнд шилдэг удирдагчаар шалгарсан багш Пи Ли Ли, Гуо Ейн Мэй нар болон тусгай байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм. Мөн БНХАУ-ын Мэдээ, мэдээллийн агентлагаас санаачилдаг Хятад соёлыг таниулах 71 дэх удаагийн тэмцээнд “Найрамдал” сургууль шилдэг зохион байгуулагчаар шалгарсан байна. Тус сургуулийн багш шилдэг удирдагч болж, хэд хэдэн сурагч тусгай байрын шагнал хүртжээ. Тэдэнд бас халуун баяр хүргэж, шагнал гардууллаа. “Найрамдал” сургууль ийнхүү шинэ хичээлийн жилээ эрдэм мэдлэгт түүчээлсэн амжилтаар угтаж байна.
Энэ сургуулийн багш, сурагчид урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй бас авьяастай юм билээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүд, найзууддаа өргөн барьсан урлагийн тоглолт хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, нижгэнэсэн алга ташилт хүртэв. Заал дүүрэн хүмүүст баяр хөөр, бахархал төрүүлсэн сурагчдын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэрүүд Монгол-Хятадын найрамдалт харилцааг улам тод харуулж байлаа. Хоёр улсын хэл соёл, ёс заншлыг ирээдүй хойчдоо таниулж, сургах зорилготой “Найрамдал” сургууль энэ хичээлийн жилд 600 гаруй сурагчид, 50 гаруй багш, ажилчидтай үйл ажиллгаагаа эхэлүүлж байна. Шинээр 100 гаруй бяцхан шавь нараа угтан авсан байна. Багш нарын хувьд тогтвор суурьшилтай ажилладаг болохоор сурагчдын сурлагын амжилтад сайнаар нөлөөлдөгт эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байдаг тухай ярьж байлаа. “Найрамдал” сургуулийн боловсон хүчний хувьд таван хувь нь доктор, профессор, 90 гаруй хувь нь магистр зэрэгтэй гэсэн. Сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн дэвшлийг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг тохилог, тав тухтай, аюулгүй орчинд хүүхдүүд амар тайван сурч боловсорч байна.
М.МӨНХ