Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын бэлтгэл ажил өрнөж буй “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн нэг өдөр DNN.mn

Монгол түмний үндэсний томоохон баярын нэг болох Улсын их баяр наадам тун удахгүй болох гэж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааг уламжлал болгон “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хийдэг билээ. Наадам болох гэж байгаатай холбогдуулан цэнгэлдэх хүрээлэнд хийгдэж буй засвар, шинэчлэлтийн ажлыг сурвалжиллаа.

Засвар, шинэчлэлтийн ажил 55 хувьтай явагдаж байгаа аж. Тус хүрээлэнд жилдээ нийт 12-15 томоохон тоглолт хийгддэг гэнэ. Биднийг очих үед наадмын нээлтийн үеэр бүжиглэх бүжгийн клуб бэлтгэл сургуулилтаа хийж байв. Мөн барилга, засварын ажлууд ч ид хийгдэж энд ч тоосго өрөөд явж байхад тэнд ч хэсэг хүмүүс бүжиглээд л түм түжигнэж бум бужигнана. Түүнчлэн элс, тоосго, палк, шинэ хиймэл зүлэг гэх мэт засварын ажлууд хийгдэж байна. Эдгээр зүйлсийн дунд хамгийн баярлууштай нь саравч барих материалууд байв. Учир өмнө нь саравчгүй байсан хоёр хэсэгт ч гүйцээж саравч барих нь. Тиймээс энэ жил наранд шарагдах аюулаас айлтгүй бололтой. Мөн жил бүр яригддаг байсан асуудал бол ариун цэврийн өрөө. Харин энэ жилээс бидний санааг ариун цэврийн өрөөний асуудал чилээхгүй болжээ. Учир нь нийт есөн ширхэг ариун цэврийн өрөө нэмэлтээр хийгджээ. Наадам болон түүнээс цааш болох бүх арга хэмжээ, тоглолтууд дээр ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй аж.

Зургаан том, гурван жижиг ариун цэврийн өрөө шинээр ашиглалтад орох учир хүртээмжийн хувьд хангалттай болох аж. Мөн сүүлийн 20, 30 жил солигдоогүй орох, гарах бүх хаалгыг шинэчилсэн байна. Нийт 18 хаалга тус бүр дээр хоёр ширхэг камер тавигдах аж. Камер нь хүний царай таньдаг, толгой тоолдог болохоор аюулгүй байдал, хэв журмыг сахиулах талаасаа чухал дэвшил болжээ. Автомашины хөдөлгөөнийг зохицуулах, зогсоолын асуудлыг цэгцлэх үүднээс автомат хаалтыг бүх орц гарц дээр байршуулж байна. 200 ширхэг автомашины зогсоолыг шинээр төлөвлөж өгсөн. Мөн Төв цэнгэлдэхийн чанх урд 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, теннисний талбай зэргийг шинээр төлөвлөсөн, тус ажлууд удахгүй хийгдэх юм байна.

Ж.Энхжаргалан: “Popu­lous” фирмийн дүгнэлтээр цэнгэлдэхийг нурааж 30 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх дахин барих боломжтой


“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай ярилцлаа.

-Суудлын тоо нэмэгдсэн үү?

-Суудлын тоо нэмэгдээгүй. Харин суудлын тоог цөөлөх асуудал яригдаж байсан. Гэхдээ жуулчдын захиалгыг өмнөх жилийн тоогоор авч, мөн тасалбарын эрэлт их байгаа болохоор суудлын тоог цөөрүүлээгүй. Харин эгнээ бүрийн голоор явган хүний зөрөх шатны зам нэмж өгсөн. Тиймээс үзэгчид чөлөөтэй гарч орох боломжтой боллоо. Үүний үр дүнд 1000 орчим суудлыг хассан ч шинээр хийгдэж байгаа саравчны урдуур болон хойгуур төлөвлөж хийж байна. Тэгэхээр 12 мянган суудлын тоо хөдлөөгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал хийгдэж байгаа.

-Гадна талд ямар тохижилтын ажил хийгдэв?

-Гадна талын засварын хувьд чөлөөлж болох ихэнх талбайгаа чөлөөлж цэлийлгэж байна. Аль болох ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Ил харагдаж буй бүх цахилгааны утсыг зориулалтын утас тусгаарлагчид хийж газар доогуур дамжуулан далдлах ажил хийгдэж байна. Төв цэнгэлдэх тойроод ус зайлуулах 1200 метр шугамын ажил хийгдсэн. Өмнө нь ус ихтэй бороо орвол бараг нуур болчихдог байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн ус ихтэй борооноор шинэ хийсэн ус зайлуулах шугам маш сайн ажиллагаатай нь батлагдлаа. 70 хувийн ачаалалтай ажилласан. 15 ширхэг орчны гэрэлтүүлэг хийгдсэн. Төв цэнгэлдэх шөнөдөө их харанхуй байдаг бол удахгүй гэрэлтүүлэг сайтай болно.

-Цэнгэлдэхийн доторх талбайн засварын ажил хийгдэх үү?

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үндсэн зүлэг тэр чигтээ шинээр тавигдана. Өмнө нь хөлбөмбөгийн цагаан зураастай зүлэг байсан бол одоо ямар ч цагаан зураасгүй олон улсын стандартыг хангасан шинэ хиймэл зүлэг тавигдаж байна. Мөн томоохон өөрчлөлтүүдийн нэг нь олон улсын стандартыг хангасан шинэ гүйлтийн зам хийгдэнэ.

-Гар дээрх замбараагүй, хяналтгүй худалдааг зогсоох уу?

-Энэ долоо хоногт хэвлэлийн хурал болно. Тэр хурлаар хаана хэдэн хоолны асар байх, ямар сайтаас тасалбар авах гэх мэт бүх төлөвлөлт зарлагдана. Иргэдээс ирж буй санал хүсэлт нь Төв цэнгэлдэх дээрх нээлтийг битгий зах болгооч ээ, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдээч ээ гэж буй юм. Энэ жил жижиглэн гар дээрх худалдааг оруулахгүй байх зохицуулалтыг төлөвлөж байна. Бүх зүйлс эмх цэгцтэй, хаана юу байгаа нь тодорхой, хөтөлбөр нь тодорхой, хаанаас ямар үйлчилгээ авч болох нь ойлгомжтой байх тал дээр анхаарч ажиллана. Зохион байгуулалтын хувьд маш өндөр хүлээлт иргэдэд үүссэн гэж ажиглагдаж байна.

-Саяхан лондонгоос архитекторын фирм ирж Төв цэнгэлдэх хүрээлэн дээр ажилласан байсан?

-Төв цэнгэлдэх хүрээлэнг нурааж, 30 мянган хүний суудалтай, автоматаар дээвэр нь нээгдэж хаагддаг дөрвөн улирлын шинэ хүрээлэнгийн төслийн судалгааны ажил явагдаж байна. Англи улсын дэлхийн номер нэг “Populous” гэдэг Цэнгэлдэхийн зураг төсөл хийдэг фирм ирж ажилласан байгаа. Тус фирмийн захирал нь багтайгаа хамт ирж гурав хоног газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан. Төв цэнгэлдэх хүрээлэн одоо байгаа байршил дээрээ Дэлхийн бүх томоохон Цэнгэлдэхүүдийн жишигтэй адил хотын төв бүсэд байрлаж үлдэх нь давуу талтай. Учир нь байршлын хувьд энэ нь хамгийн зөв шийдэл юм. Тус фирмийн дүгнэлтээр газар зүйн байршил болон нөхцөл байдлаас харахад яг тус газар дээрээ 30 мянган хүний Цэнгэлдэх бүрэн баригдах боломжтой. Намар зураг төслийг гүйцэтгэх компанийн тендер зарлагдана. Тухайн тендерээр шалгарсан компанийн зураг төсөл бэлэн болмогц гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдана. Бүтээн байгуулалтын хугацаа 3-4 жилийн дотор баригдах боломжтой. “Populous” фирмийн дүгнэлтээр Цэнгэлдэх хүрээлэнг нурааж 30 мянган хүний багтаамжтай Цэнгэлдэх дахин барих боломжтой.

-Наадмын нээлтийн тасалбараа хаанаас авах вэ?

-Хоолны асар, хуушуурны асар, эмнэлгийн тусламж авах асар, жижиг дунд үйлдвэрлэлийн асар зэргийг маш сайн төлөвлөж өгнө. Тиймээс газрын зураг хэлбэрээр хийгдчихсэн байгаа энэхүү төлөвлөлт удахгүй хэвлэлийн бага хурлаар албан ёсоор нээлттэй мэдээлэгдэнэ. Тус хурлаар асар түрээслэх хүсэлтэй хүмүүс хэзээ, ямар сайтад хүсэлтээ ирүүлэх нь тодорхой болно. Хуушуур зарах хүсэлтэй иргэд цахимаар хүсэлтээ ирүүлнэ. Наадмын тасалбар мөн хэзээ, ямар сайтаар, ямар үнийн шатлалтай гарах нь хэвлэлийн хурлаар мөн зарлагдах болно.

-Хотын удирдлага солигдчихвол шинэ Цэнгэлдэх барихаар яригдаж буй нь мартагдах уу?

-Төв цэнгэлдэх хүрээлэн бол улстөржих сэдэв биш. Иргэд үргэлж Цэнгэлдэхийг гадна талаас нь харж байгаа. Гэхдээ бид энд ажилладгийн хувьд барилгын дотоод нөхцөл байдал, насжилт ямар байгааг үргэлж харж байгаа хүмүүс юм.

“Populous” фирмийн дүгнэлтээр энэхүү объектыг буулгах цаг нь болсон, дахин хөрөнгө оруулалт хийх нь элс рүү ус асгаж байгаатай адил үр дүнгүй байх болно гэсэн. Дотоодын мэргэжлийн байгууллагууд ч даацын баганууд нь цууралт өгчихсөн, шат нь стандарт бус, бүх шатны хонгил нь стандарт бус байгааг хэлдэг. 1958 оны барилга шүү дээ. Мөн сүүлийн 30 жилийн хугацаанд 38 га байсан Цэнгэлдэхийн талбайг цөлмөсөөр байгаад 12,6 болтол нь агшаачихсан. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод маш олон барилга баригдсан. Хатуу үгээр хэлэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга маань гурван сая хүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй. Бүхэл бүтэн нэг улс, нийслэл хот нь орчин үеийн стандартад нийцсэн Цэнгэлдэх хүрээлэнтэй байх ёстой.

Ямар ч удирдлага байсан шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Стандарт гэдэг бол аюулгүй байдал шүү дээ. Тиймээс гэнэтийн террорист халдлага, байгалийн гамшиг, гал усны аюул гарсан тохиолдолд бүх хүнийг аюулгүй гаргах боломжтой, тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Үүнийг битгий улстөржүүлээсэй, шинэ Цэнгэлдэх хүрээлэнтэй болох төсөл урагштай байна гэж итгэж байна.

Н.Нарванчин

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *