Энэ сарын 11-нд буюу наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах хуушуурын асарт гал гарч, нэг хүн хүнд гэмтэж, нэг хүн хөнгөн гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд байрлах Баянгол дүүргийн 50 дугаар асарт хуушуур худалдаалах үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асар салхинд хийсэж, хуушуур хайрч байсан гал дээр унаснаас гал гарсан талаар бид мэдээлсэн. Нийслэлийн онцгой байдлын шуурхай баг газар дээр нь очиж гал гарсан шалтгааныг тогтоосон байна.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чинбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянгол дүүргийн 50 дугаартай хуушуурны асар галын аюулгүй байдлыг сахиагүйн улмаас шатаж, гал гарсан. Тус аж ахуй нэгж нь газын баллоныг майхныхаа хаяанд тавьсан байсан. Тэр нь салхинд унаж, газын хоолой сугарч, газ алдагдснаас гал гарсан. Тиймээс наадмын өдрүүдэд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдлаа сахиж, галын хортой байх хэрэгтэй гэдгийг сануулъя” гэж байв.