ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2 тусгай сангийн талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд газар олголттой холбоотой асуудлаар олон нийт шүгэл үлээсэн. Энэ бол шилэн штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хэрэг. Нийт 25 тусгай сан байна. Соёл урлаг, авто замын сан ил тод болсон. Өнөөдрөөс боловсролын зээлийн сангийн мэдээлэл Shilen.gov.mn-д байршсан. Суралцсан чиглэл, ангилал, үүргээ биелүүлсэн хүмүүсийн мэдээлэл ил тод болсон.
Бүх ангиллын хөрөнгө хаана, хэзээ зарцуулсан нь нээлттэй болсон. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сан ямар хэмжээнд байгаа талаарх мэдээлэл харагдана. Бүх мэдээлэл машинд уншигдах, дата хэлбэрээр төрийн, хувийн байгууллагуудад олгох нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 58.2 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Хугацаа хэтэрсэн зээл 18 тэрбум төгрөг байна. Зээлээ буцаан төлөөгүй байтал дараа жил нь улсын төсөв нэмээд батлаад л байдаг” гэлээ.