Categories
мэдээ цаг-үе

Н.Түмэнбаяр: Зөрчлийн тухай хууль нь иргэдийг алагчилж, албан тушаалтнуудад хөрөнгө завших хаалгыг нээж өгсөн

Эрх зүйч, судлаач Н.Түмэнбаяртай ярилцлаа.


-2017 оны долдугаар сарын 1-нээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш багагүй маргаан дагуулсаар байгаа. Та Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан гэсэн үү?

-Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл өгсөн. Мэдээллийн гол агуулга нь Зөрчлийн тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн. Таны асуусанчлан Үндсэн хуулийн Цэцэд өгсөн асуудал бол Зөрчлийн тухай хуулийн тухай гэхээсээ илүү хүний эрхийн тухай юм. Төрөөс хууль батлах замаар системчлэн иргэдийг ялгаварлан гадуурхаж, хууль шүүхийн өмнө тэгш байж ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэсэн үндсэн агуулагатай. Тухайлбал, төрийн албан тушаалтанууд төсвийн хөрөнгө шамшигдуулан завшихад ямар нэгэн зөрчлийн шийтгэл байхгүй бөгөөд тэр ч байтугай тэрхүү зөрчлийг илрүүлэх гол субьект болох Санхүүгийн улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй этгээд гэж хуульчилсан байгааг эсэргүүцэж Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. “Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх ёстой” гэх хоёр заалтыг зөрчсөн байгаа юм. Сүүлийн үед Зөрчлийн тухай хуулийн талаар маргаан их гарч байна. Судлаач, мэргэжилтнүүд янз бүрийн өнцгөөс нь харж, сайжруулах талаар нь ярьж байна.

-Зөрчлийн тухай хууль цоо шинэ хууль мөн үү?

-Захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг төрөлжүүлэн Захиргааны хариуцлагын тухай төрөлжсөн хууль гаргах саналыг эрүүгийн болон захиргааны эрх зүйн эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн бөгөөд үүний үр дүнд 2017 оны Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аас батлагдан гарсан. Дэлхий дахинд хуулиар хориглосон үйлдлийг “гэмт хэрэг” гэж тооцон хязгаарлахгүйгээр эрх зүйн зөрчлийг бүхэлд нь “dilict” хэмээх ухагдахуунаар хамаатуулан судалдаг нь нэгэнт тогтоогдсон жишиг юм.

Өмнө нь үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэрэг, Захиргааны хариуцлагын тухай болон бусад хуульд заасан зарим зөрчил нь ижил төстэй байсан бөгөөд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн шинэчилэн найруулгаар дээрх бэрхшээлийг шийдвэрлэсэн гэж хууль тогтоогчид тайлбарладаг. Зөрчлийн тухай хуульд ямар нэгэн зөрчил гаргасан иргэнийг ямар албан тушаалтан шалгаад, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Жишээ нь, хүн гүтгэсэн гомдол ирвэл цагдаа шалгаад, прокурор хянаад, үндэслэлтэй байна гэж үзвэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг торгоод явуулна. Иргэд ч ялгаагүй торгуулна. Энэ мэтчилэн тов тодорхой заалтууд бий. Ингэж зөрчлүүдийг нэгтгэхдээ төрийн өмчтэй холбоотой хуулиудын зөрчлийн санкци буюу оногдуулах шийтгэл, хэмжээг авч хаяад хуульчилсанд л байгаа юм. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага байхгүй.

-Тодруулбал…

Зөрчлийн тухай хууль батлагдахын өмнө, жишээ нь Төсвийн тухай хуулийн 70.4-т “Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсвэл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дараахь шийтгэл ногдуулна”. Тендерийн хуулийн 56.1-д “Энэ хуульд заасан журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол доор дурдсан захиргааны шийтгэлийг эрх бүхий улсын байцаагч ногдуулна” гэх мэтээр Санхүүгийн улсын байцаагч, эсвэл шүүгч торгууль оногдуулдаг байсан. Санхүүгийн хяналт шалгалт хийх эрхтэй улсын байцаагчид төрийн хяналт шалгалтын хамгийн анхны хүрээ бүслүүр юм л даа. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар санхүүгийн улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй этгээд гэж хуульчилсан. Сүүлийн үед гарч байгаа улсын хөрөнгө шамшигдуулж байгаа хэргүүд нь их хэмжээтэй, урхагшсан шинжтэй байгаа нь эдгээр гэмт хэргийг бага дээр нь илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжгүй байгаатай холбоотой.

-тухай хуулиар нарийн асуудлыг хурдан шийдвэрлэдэг болно гэж анх гарахад нь ярьж байсан?

-Зөрчлийн тухай хууль хууль зүй, техникийнхээ хувьд бүх хуулиудад байсан торгох шийтгэх заалтуудыг татаж аваад хэрэглэхэд амар гээд том хууль болсон. 220 гаруй хуулиас шийтгэлтэй холбоотой заалтуудыг татан авч нэгтгэсэн. Гэтэл дээр хэлсэнчлэн төсөв хөрөнгөтэй холбоотой гол гурван хуульд “Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Харин Зөрчлийн тухай хуульд тус хуулиудыг зөрчсөн этгээдэд оногдуулах тодорхой заалт, санкци оруулж өгөөгүй. Үүнийг би хуулийн хулгай гэж үзэж байгаа.

-Тэгэхээр хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлнэ гэдэг заалтыг зөрчиж байна гэсэн үг үү?

-Тийм. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх бөгөөд аливаа алагчлалгүй байх нь зүй ёсны хэрэг. Өөрөөр хэлбэл, аливаа хууль нь нийгмийн гарал, хөрөнгө чинээ, улс төрийн болон бусад үзэл бодол зэрэг байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг л бүрдүүлэх ёстой. Хүний эрх салшгүй, хуваагдашгүй байдаг. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сонгох сонгогдох, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрх байдаг. Тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан. Бүх эрх бүгд байж хүний эрх хангагдана. Тэгэхээр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх гэдэг нь хүний үндсэн эрх. Хүний эдлэх эрхийг аль нэг төр эсвэл хэн нэгэн хүн өгдөггүй, бүтээдэггүй. Хүний эрх бол хувь хүний эрх зүйн байдлын суурь эрх юм.

-Энгийн иргэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж, их хохирч байгаа гэж сонссон?

-Энгийн иргэдэд Зөрчлийн тухай хууль маш хатуу чанга хэрэгжиж байгаа. Тухайлбал, иргэний үнэмлэхээ санамсаргүй хаячихвал торгуулж байх жишээний. Торгуулах талаар хуульд маш нарийн зааж өгсөн байгаа. Уул уурхайтай орон нутгийн иргэд газар шороогоо хамгаалахаар тэмцдэг. Ингэснийх нь төлөө Зөрчлийн тухай хуулиар торгодог. Зөрчлийн тухай хууль хэрэгжихдээ прокурорын хяналтын дагуу явдаг. Нэгэнт тухайн иргэнд хэрэг үүсчихсэн учраас зайлшгүй биелэх шаардлагатай байдаг. Тэгэхээр иргэн хүн гэрээ зарж, хоёр сая төгрөгийн торгууль төлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр иргэдэд их хатуу тусч байна. Гэвч тодорхой нэг хэсэгт хууль үйлчилдэггүй.

-Та Үндсэн хуулийн Цэцэд гомдлоо хэзээ гаргасан бэ. асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бол?

-Үндсэн хуулийн Цэцэд өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлэл өгсөн. Үндсэн хуулийн Цэц миний өгсөн мэдээллийг УИХ руу шилжүүлсэн байдаг. Тус бичиг явсаар байгаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд очсон байна лээ. Дараа нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос иргэн Н.Түмэнбаярт гэсэн хаягтай хариу захидал ирсэн. Хариуд “Юуны өмнө эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч, санал ирүүлсэн танд талархаж байна. … Иймд таны саналыг тус ажлын хэсэгт уламжилсан. Зөрчлийн тухай хууль бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах явцад анхааран үзэх болно” гэсэн хариу захидал ирсэн юм. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ямар нэг хууль сайжруулах гэсэн санал биш. Энэ бол хүний эрх, Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэж үзнэ. Миний гаргасан мэдээлэл ньҮндсэн хуулийн Цэц буюу шүүхэд гаргаж байгаа нийтийн эрх ашгийн төлөөх нэхэмжлэл юм. Иймээс Үндсэн хуулийн Цэцийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг нээх үү, үгүй юу гэдэг тогтоол гаргах ёстой юм гэснээр Үндсэн хуулийн Цэцэд дахин хандаад байгаа. Одоогоор Үндсэн Хуулийн Цэц дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

-Тэгэхээр хуулиар иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэх үү?

-Ялгаварлан гадуурхалт гэдэг нь нийгмийн анги давхарга, хөрөнгө чинээ, тодорхой бүлэг хүмүүсийг бусдаас нь давуу байдал бий болгохыг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ. Гэтэл төсвийн эрх мэдэл бүхий хэсэг хүмүүс товчхондоо нийгмийн анги давхарга болчихоод байгаа. Эдгээр нийгмийн бүлэг хүмүүст хууль үйлчлэхгүй байгаа нь хуулийн ялгаварлан гадуурхалт юм. Энэ хүмүүст илүү их эрх мэдэл өгөөд, хуулийн хүрээнээс гаргасан байна гэж үзэж байна. Үүний хор уршиг нь юу вэ гэхээр ард түмний хуульд итгэх итгэл алдагдана. Нэг нэгэндээ итгэх итгэл нь байхгүй болно. Хууль ялгаварлан гадуурхаж, системчилж ард түмэнд үйлчилдэг гэсэн үзэл рүү явбал цаашид Монгол Улсын ирээдүйд хор хөнөөлтэй юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг “Надад нэг мөрөөдөл байна” илтгэлдээ “…эрх чөлөөнийхөө төлөө… хамтдаа ч зовъё, хамтдаа ч тэмцье, шоронд ч хамтдаа явъя” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Монголын ард түмэн бид нэг хуультай, түүндээ хүн бүр тэгш захирагдаад явах ёстой юм. Үүний төлөө тэмцэх хэрэгтэй.

Л.САРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *