Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюунцэцэг: “Үхсэн хүүхдийнхээ ясыг өндөлзүүлэх дэмий л байгаа юм” гэсэн мессэж ирдэг байсан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн 22 настай Мөнхбаярын Мөнхтулга нь 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдөр 4882УНР улсын дугаартай Honda Fit загварын машинаар долоон настай хүү М.Түвшинбаярыг мөргөж, үүгээр ч зогсохгүй 50 метр газар чирэн амь насанд нь хүрсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн талаар хүүгийн ээж Н.Оюунцэцэг, аав Д.Мягмар, итгэмжилсэн өмгөөлөгч Д.Эрдэнэ нар Монголын үндэсний мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр талийгаач хүүгийн ээж Н.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та хүүдээ тохиолдсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Энэ хэрэг нь 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрэх тосгонд гарсан. Тэр өдөр хүү минь 11 настай эгчтэйгээ хамт явж байсан. Харин М.Мөнхтулга гэгч хүн хүүг минь мөргөөд зогсохгүй 50метр газар чирч амь насанд нь хүрсэн. Ингээд ГССҮТ-д ирж хэвтэн эмчилгээ хийлгэж тав хоногийг өнгөрөөсөн. Тэгээд л миний хүү 2017 оны зургаадугаар сарын 12-ны өдөр нас барсан. Энэ хүнээс болж хүүгийн минь амь нас хохирсон. Ийм байхад М.Мөнхтулга гэгч 22 настай залууд шүүхээс хөнгөн гэмт хэрэг гэж үзээд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодоод, юу ч болоогүй мэт алхаж байна. Шүүхээс 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүх хурлаар нэг жилийн тэнсэн харгалзах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр хассан юм.

Хүүг тань гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад хэрэгтний ар гэрээс ирж, уулзсаж байсан уу?

-Ах Мөнхэрдэнэ нь эмнэлэгт байх хугацаанд нь ирж хоол унд өгдөг байсан. Хүүд маань хоёр, гурван удаа шөл авчирч өгсөн. Гэхдээ энэ бүх хоолны өртөгийг шүүхийн дэвтэр дээрээ бичсэн байна лээ. Бас энэ ГССҮТ-ийнхэн их хэцүү санагдсан. Тэнд өвдөж зовсон өчнөөн хүн байхад годгоносон жаахан жаахан охид л хөгжмөө чанга дээр нь тавьчихаад л дуулж бүжиглээд байдаг. Тэнд чинь ч жаргалтай зүйл юу ч болоогүй шүү дээ. Харин эмчилгээний хувьдэмч нь үнэтэй тариа, эм бичиж өгдөг ч хийдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Биднийг өрөө рүү оруулдаггүй.Гуурсаар нь жаахан хар цай өгчихье гэхээр би өгчихье гээл аваад ордог.Гэхдээ цайг нь өгдөггүй байсан байна лээ.

-Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар эмч хүүг тань хариуцаж ажиллаж байсан юм бэ?

-Нямаа гэдэг эмэгтэй эмч байсан.

-М.Мөнхтулгын ар гэрээс сэтгэл санааны хохирол,нөхөн төлбөр олгосон уу?

-Ажил явдлын зардал нийт долоон сая орчим болсон. Тэрний дөрвөн сая төгрөгийг өгсөн. Тэгэхдээ “-яахаараа оршуулгын зардал долоон сая төгрөг болдог юм” гэж хэлж байсан.Эх хүн хүүгээ алдчихаад ажил явдлыг нь хэд бол хэдэн төгрөгөөр л хийнэ биздээ. Тэгээд ч зогсохгүй М.Мөнхтулгын ах М.Мөнхэрдэнээс дарамтын шинж чанартай мессеж ирдэг байсан.

-Яг ямар мессэж ирдэг байсан юм бэ?

– “Чиний энэ муухай санаа чинь хоёр хүүхдэд чинь нөлөөлөх вий дээ,-үхсэн хүүхдийнхээ ясыг өндөлзүүлэх дэмий л байгаа юм даа, -санаатай алчихсан биш гэх зэрэг мессэж ирдэг байсан.

-М.Мөнхтулга нь ял эдлэх чадвартай юу?

-Анх 2017 онд 70 хувийн грүппэд байдаг гэж байсан. Одоо бол 90 хувь болсон байна лээ. Өмгөөлөгч нь болох С.Оюунцэцэгийн ярьж байгаагаар анх шүүх хурал болоход тэр хүүхэд үхэх гэж байгаа юм шиг л юм ярьсан. Тэгээд нэг шүүх хурал болхоор миний үйлчлүүлэгч уушгаа тайруулсан, сүрьеэ тусчихсан гэдэг. Сая хүртэл ах нь “-чи миний дүүд ял оногдуулах гээд яахав дээ, өнөө маргаашгүй болчихсон хоногоо хүлээж байгаа ” л гэж байсан. Хоногоо хүлээж байгаа хүүхэд нь эцсийн эцэст машин бариад гадуур зүгээр л явж байна.

-Энэ хэрэг яагаад одоог хүртэл шийдэгдэхгүй хоёр жил болсон юм бол?

-Энэ бол ерөөсөө л Хэрлэн шүүгчээс болсон. Хэрэгтэн хэрэгээ хүлээчихсэн байхад өмгөөлөгч С.Оюунцэцэг, хэргийн шүүгчээр ажиллаж байгаа Хэрлэн шүүгч хоёр ерөөсөө эсэргүүцээд байгаа. Анхан шатны шүүх хурал болохоос гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “City“ зочид буудал руу хэрэгтний ах Мөнх-эрдэнэтэй хамт орсон. Ороод бууз жигнүүлж идээд, долоон настай хүүгийн талаар ярьсан гэж байгаа юм. Бүр өмссөн хувцас, зүс царайг нь тодорхой харсан хөндлөнгийн гэрч байгаа. Гэтэл шүүх дээр гэрчийн мэдүүлгийг ерөөсөө сонсоогүй. Энэ талаар нь ярих гэхээр Хэрлэн шүүгч “Суу, дахиж үг дуугарвал шүүхийн танхимаас хөөж гарга” гэдэг.Авлига авсан байх л гэж бодож байна.

-Хүүгийн тан шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хүүд маань ямар ч тархины саа өвчин байгаагүй. Толгойн гэмтэл баруун талт бөмбөлгийн доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн талын ташаа тархмал зулгаралт тогтоогдлоо гэсэн. Энэхүү гэмтэл нь доргих, үрэгдэх үед эсвэл авто ослын үед үүснэ.

Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх эмгэг өвчин миний хүүд огт байхгүй” нь тогтоогдсон. Гэтэл миний хүүг аймгийн нэгдсэн эмнэлэгт “Тархины усжилтаас үүдэн саажилттай хяналтанд байдаг” гэсэн хуурамч дүгнэлтийг цагдаагийн хошууч Н.Сүхбаатар гэх хүн гаргуулсан байсан.Үүнээс болж хоёр жил шүүх хурал эцэслэн шийдэгдэхгүй байгаа юм. Байцаагч Н.Мөнхтулга Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Лхагвадорж гэдэг хүнээс хуурамч бичиг гаргуулж авсан байдаг.


М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *