Хөгжмийн зохиолч, найруулагч Н.Халиунтай ярилцлаа. Түүнийг “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатарын хүү гэдгийг хүмүүс андахгүй. Монголын томоохон хамтлаг дуучидтай 20 гаруй жилийн турш хамтран ажилласан гэх боловч тэрбээр одоо л анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж буй. Түүний “Халиуны ертөнц” тоглолт энэ сарын 13,14-нд “UB palace”-ын концертын их танхимд болно.
-Анхны тоглолтоо хийх гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач. Томоохон хамтлаг дуучдын тоглолтын ар талд ажиллаж байсан таны хувьд догдлол хэр их байна?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. Догдлох зүйл байлгүй яахав. Бусад дуучдын олон тоглолтын ард гарчихсан учраас ерөнхийдөө бэлтгэл ажил сайн байгаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна. Дээхнэ үед бүх юмыг өөрөө хийдэг байсан, одоо бүхэл бүтэн баг ажиллаж байгаа учраас зохион байгуулалт сайн байна.
-Та уран бүтээлээ туурвиад 20 гаруй жил болжээ. Яагаад өдий болтол нэг ч тоглолт хийгээгүй юм бэ?
-Хүн урьдаар чанартай хийсэн бүтээсэн юмтай байх ёстой. Бүтээлээ сайн хийгээд тодорхой цаг хугацааг туулан хүнд хүргэсний дараа уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэж бодсон. Ямар ч байсан 20 жилийн хугацаанд олон дуучинтай ажиллаж, олон тоглолт бүтээлцлээ. Бас миний тоглолтод хамаарагдана л даа. Дуучин Т.Ариунаатай нэлээд хэдэн тоглолт хийлээ. Үүний ард би өөрийн гэсэн хөгжмийн хэлээрээ ард түмэнтэйгээ уулздаг. Яг уран бүтээлч, хөгжмийн зохиолчийн хувьд өдийд тоглох цаг үе нь ирсэн гэж боддог. Найзууд маань ч “Чи тоглох болчихсон хүн. Тоглолтоо заавал хий” гэж хэлдэг. Би өөрийгөө тоглолт хийх хэмжээнд арай дутуу байна гэж боддог.
-Таны тоглолтын урилгыг дуучид баяртай хүлээж авсан байх. Үзэгчдэд ч гэсэн хүлээлт байгаа болов уу?
-Маш сайхан тоглолт болох ёстой. Тэгэхээс өөр арга байхгүй. Бид мэргэжлийн улсууд. Надад өөртөө тавьдаг шаардлага байдаг. Маш өндөр хэмжээний тоглолт болох ёстой. Монголд хийж байгаагүй тоглолтыг хийх ёстой гэдэг бол миний зорилго. Гадны дуучид, одуудын хэмжээний тоглолтыг яагаад хийж болдоггүй юм. Одууд нь байна. Мундаг хөгжимчид нь байна. Хүлээн авах үзэгчид нь байна.
-Тоглолтод ямар гэнэтийн бэлэг хүлээж байна. Хуучны дуучдаас оролцох юм шиг байна?
-Ямар ч байсан ихэнх хамтлаг оролцоно. Миний уран бүтээл дээр хамтарч ажилласан бүх хамтлаг дуучид, найзуудыгаа урьсан. Тоглолтын сурприз тоглолтон дээрээ л байдаг. Дуучин Мягмарсүрэн, Байзада, Минжинсор гээд ойрд тайзан дээр гараагүй олон уран бүтээлч оролцоно.
-Олон улсын хэмжээнд хүрсэн тоглолт хийхийн тулд тайзны засалт гэрэлтүүлэг хамгийн чухал. Энэ тал дээр урьд урьдын хамтлаг, дуучдын тоглолтоос илүү байх уу?
-Бид байгаа савандаа захирагдана. Монголд одоогийн байдлаар “UB palace”-ын концертын танхим хамгийн их багтаамжтай, хамгийн туршлагатай хамт олонтой байгууллага. Тайзны асуудлыг “Оn’n off” продакшны Ононбат бүгдийг хариуцаж байгаа. Цэвэр өөрийнхөө үзэл бодол, фантаз, бүх уран сэтгэмжээ шингээн ажиллаж байгаа.
-Халиуны ертөнц ямар вэ?
-Миний уран бүтээлээр дамжуулж миний ертөнцийг мэдэрч болно. Үгээр хэлбэл их юм байгаа л даа. Тайзан дээрээс хөгжмөөр дамжуулж хүн болгон миний ертөнцийг мэдрээсэй гэж хүсч байна.
-Таныг Монголын хамгийн анхны аранжировк гэх юм?
-Анхны аранжировк гэж арай хэлж болохгүй юм. Миний аавын үеийн “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” гээд бүх хамтлаг өөрийн гэсэн арнжировшк, найруулгатай байсан. Халиун гэдэг арнжировк яагаад гарч ирсэн гэхээр хөгжимд хандах хандлага өөр болчихсон юм.Өөрөөр хэлбэл хөгжмийг бүтээдэг хүмүүсийн үүрэг роль тодорхой болоод ирсэн учраас аранжировк гэдэг мэргэжил товойгоод гараад ирчихсэн. Яг тэр үед нь би үйл ажиллагаа, уран бүтээлээрээ нэлээд хувь нэмэр болчихсон. Тэгээд л аранжировшик Халиун гэдэг нэр сансрын нисгэгч Гүррагчаа гэдэгтэй адил гараад ирчихсэн байхгүй юу.
-Аавыг тань “Соёл- Эрдэнэ” хамтлагийн ахлагч Б.Наранбаатар гэдгийг хүн бүр мэднэ. Өдий дайны явахад аавын тус дэм, нөлөө их байсан биз?
-Байлгүй яахав. Миний үзэл бодол, чиг баримтлал бол аав шигээ агуу их зүйлийг бүтээх. Аав маань 70-аад оны эхээр Монголын рок попын үндэс суурь болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулсан. Аливаа юмыг шинээр бий болгох гэдэг үнэхээр ач холбогдолтой. Тухайн үед нийгмийн тогтолцоо ямар байсан билээ. Рок поп хөгжим ямар дарамтад байлаа. Тэр бүх зүйлийг сөрөөд тийм хамтлаг байгуулна гэдэг асар том түүхэн гавьяа. Тэр гавьяаг үүрэлцээд, үр удамдаа дамжуулаад дараагийн түвшинд аваачих нь нэр төрийн хэрэг.
-Урлагийн гэр бүлд өссөн хүмүүс бага наснаасаа л бүтээл хийж эхэлсэн байдаг. Танд ч бас багын дурсамж дүүрэн уран бүтээлүүд байдаг биз?
-Хүүхэд байхдаа гитар бариад л сэтгэлийн хөөрлөөр үерхэл нөхөрлөлийн тухай ч юм уу янз бүрийн дуунууд хийнэ л дээ. Тэр маань зөвхөн найзуудын хүрээнд дуулагдаад алга болдог байсан. Пионерын зуслан дээр бас янз бүрийн дуу зохиогоод явдаг хүүхэд байлаа. Тэр бүхнийг санахад хэцүү л дээ. Мартагддаггүй, хүмүүсийн хүртээл болсон анхны дуу гэвэл “Танилцъя охин” дуу. Дуучин Байзада ард түмэнд хүргэсэн. Сэдэв нь одоо бодоход ичмээр л дээ. Гэхдээ хүүхэд залуучуудын дунд үнэхээр хит болж чадсан дуу.
-Та уран бүтээлийн сандаа хичнээн дуутай вэ?
-Дууны тухайд 100 гаруй уран бүтээл бий. Кино, жүжгийн долоон хөгжмийн зохиол байдаг юм. Дуунуудын маань нэлээд хувь нь хит болсон байдаг. Ер нь хүний сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл хийхийг зорьдог.
-Таны сэтгэлд хамгийн дурсамж үлдээж бүтсэн дуу тань юу вэ?
-Миний бүх дуу учир шалтгаантай. Орчноосоо ямарваа нэг сэдэл олж зохиосон байдаг. Бас яруу найрагчидтайгаа маш ойр дотно ажилладаг. Тухайн шүлэгний агуулга гээд бүх зүйлд нь нэвтэрч бүтээхийг хичээдэг. Ялангуяа намрын улиралд зохиосон дуунууд үнэхээр сайхан байдаг.
-Уран бүтээлчидтэй олон жил харьцахаар тэднийхээ зан авирыг андахгүй болчихдог байх?
-Дуучин болгонтойгоо тааруулж харилцана. Манай дуучид их гоё, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Үнэн юмыг нүүрэн дээр нь хэлчихдэг. Шүүмжлэл магтаалын алийг нь ч хайрлалгүй хэлдэг. Уран бүтээлчдэд үнэхээр их хайртай. Бүгдээрээ л миний бүтээлийг амилуулж өгсөн.Уран бүтээлчид миний хувьд алт шиг эрдэнэ.
-Таныг их өндөр шаардлагатай хүн гэж байна. Та хэр хатуу хүн бэ. Ааштай юу?
-Шаардлага өндөртэй. Аашлах үедээ аашилж, уурлах юман дээрээ уурлалгүй яахав.Бид нар мөнхийн бүтээл хийхээр ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний зан характерын илрэлүүд байх ёстой. Гэхдээ театрын найруулагчдыг бодоход зөөлөн хүн шүү, би.
-Дуу бичиж, найруулахаас гадна далд авьяас байдаг уу?
-Хүмүүс намайг хошин шогийн мэдрэмжтэй гэдэг. Болж өгвөл найзуудыгаа инээлгэх, өөрөө найзуудаасаа хошин шогийн өнгө аясыг мэдэрч баясах дуртай. Ер нь найзууд маань надтай байх их дуртай л даа. Дандаа инээдэг, их гэгээлэг гэж урам хайрладаг. Энэ зан маань бас нэг талын сэтгэлээс гарч байгаа авьяас юм даа.
-“Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээл тань хэдийнэ сонсогчдод хүрээд эхэлжээ. Тоглолтдоо зориулж өөр уран бүтээл хийв үү?
-Тоглолтдоо зориулж дуу бүтээгээгүй. Гэхдээ сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдээсээ хүргэнэ. “Хайр хөглөх дуу” их өвөрмөц ш дээ. Монголын сор болсон дөрвөн хүн дуулсан. Дөрвөн өөр ертөнц. Энэ дөрвөн хүн байгаагаараа л бодь хүмүүс.
-Залуу уран бүтээлчидтэй хэр хамтран ажиллаж байна?
-Ажиллаж байна аа. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд явж байгаа учраас зарлаж болохгүй. Би аль болох залуу уран бүтээлчдийг тэсрэлттэй гаргаж ирэхийг хичээж байна. Түүнээс биш тэр гарч ирнэ гээд дуншаад байхаар сонин биш болчихдог.
-Хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллаж байгаа харагддаг. Монголд хүүхдийн уран бүтээлийг дэмжиж ажиллах студи, найруулагч хэр их байна вэ?
-Хүүхдийг би үргэлж дэмждэг. Хүүхэд өөрөө их ариухан, урлаг туурвих маш том эрч хүч болдог. Тийм ч учраас хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэд оролцсон урлагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах дуртай. Хүүхдийн зохиолууд, хүүхдийн жүжгийн хөгжим. Одоо ч төлөвлөсөн ажил байна. Өдөр болгон шахуу над дээр хүүхдүүд, залуу уран бүтээлчид ирж, зөвлөгөө авдаг. Хойч үеэ бэлдэхэд зөвхөн Халиун гэлтгүй мэргэжлийн уран бүтээлчид салбар салбартаа хичээл зүтгэлтэй ажилладаг гэж хэлж болно.