“Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан, бөх барилддаг залуу амиа хорлосон гэгдэж хорвоогийн мөнх бусыг үзжээ. Харин залуугийн ар гэрийнхэн нь хүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт гадны нөлөө байна гэдгийг хуулийн байгууллагынханд хандан хэллээ. Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 15-нд гарсан бөгөөд талийгаач Г.Батцог нас барах өдрөө найз бүсгүйтэйгээ хамт явж байсан байгаа юм. Улмаар тэр хоёр Г.Ганзориг гэх барилддаг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гурвуулаа уулзалдсан баримт камерийн бичлэгт үлджээ. Ингэж уулзалдсан даруйдаа найз охиноосоо болж өнөөх залуутай талийгаач муудалцаж, хоорондоо гар зөрүүлсэн байна. Харин ийм зүйл болсоны дараахан талийгаачийн цогцос орцонд боомилж үхсэн байдалтайгаар олджээ Хамгийн хачирхалтай нь уг орцонд талийгаач найз бүсгүйн хамт орсон бичлэг байсан ба боомилсон оосор нь найз бүсгүйнх нь толгойн алчуур байсан аж. Талийгаачийн аав Н.Ганбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Найз охин нь хоёр залуу дуудаж уулзуулаад хооронд нь маргалдуулж нэгнийх нь аминд хүрлээ гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хүн Г.Батсүх 2014 оны гуравдугаар сарын 15-ны орой найз охин Б.Чанцалдамбатайгаа хамт Г.Ганзориг гэгчтэй уулзсан байдаг. Гэвч тэд хоорондоо маргалдаж Г.Ганзориг миний хүүтэй барилцаж авсан байгаа юм. Камерийн бичлэг бүх юм баримтаар бий. Улмаар хүүгийн маань куртикийг нь урж багагүй маргаан болсон байсан. Энэ үеэр найз охин Б.Чанцалдамба нь хаашаа ч юм алга болчихсон. Ингэж өнөөх Г.Ганзориг гэдэг залуутайгаа үлдсэн манай хүү хэсэг хамт байж маргалдаж, барьцалдаж авч байгаад Г.Ганзориг нь мөн алга болсон. Тэгж байтал миний хүү дээр Б.Чанцалдамба гэнэт хүрээд ирсэн. Улмаар хоёулаа 28 дугаар байрны орц руу ороод хэдхэн хормын дараа Б.Чанцалдамба эгч рүүгээ Г.Батцог үхчилээ гэж ярьсан байгаа. Харин бид бол нэлээн хожуу мэдсэн. Уг нь Б.Чанцалдамба хүүг маань талийгаач болсоныг бидэнд түрүүлж мэдэгдэх ёстой байтал тэгээгүй. Харин гэрийнхэн болоод найз нөхөд рүүгээ ярьж, мэссэж бичиж суусан байгаа юм.
-Цагдаагийн байгууллагад очиход та бүхэнд юу гэж хэлсэн бэ?
-Танай хүү амиа хорлосон гэж хэлсэн. Улмаар хувцсыг нь өгөхөд бичлэг дээр гарч байгаа суга нь урагдсан миний хүүгийн гадуур хувцас биш шал өөр хүний хувцас өгсөн. Ингээд хүүгийнхээ хувцсыг нэхсээр байгаад авч үзтэл суга нь урагдсан цул шороо болчихсон байсан. Гэтэл энэ хэрэг гараад 10 гаруй хоног болчихоод байхад хүүгийн маань хувцсанд үзлэг ч хийгээгүй байсан байгаа юм. Улмаар би миний хүүгийн хэрэг дээр ажиллаж байсан Н.Өлзийсайхан дэслэгчид гомдолтой байна, сольж өгнө үү гэдэг хүсэлтийг мөрдөн байцаагч Хишигдоржид хэлсэн. Гэвч солих үндэслэл байхгүй гээд солиогүй. Ингээд арван хэд хоногийн дараа миний хүүгийн хэргийг Амартайван гэгч байцаагч авчихсан байсан. Уг нь би өөрөө солих гээд хөөцөлдөөд дийлэхгүй байхад гэв гэнэт Амартайван гэгч байцаагч хэргийг шалгахаар авчихсан байсан.
-Бичлэг дээрээс харахад талийгаач уг орцонд найз бүсгүйтэйгээ орсон байх юм?
-Б.Чанцалдагватай орсон. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 15-ны 00.57 минутад 28 дугаар байрны 3 дугаар орцруу хамт орсон. Ингээд миний хүү тун удахгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн. Бичлэг үзэж байхад энэ орц руу хүн орохгүй зөвхөн гараад л байсан. Улмаар би явж шалгахад машинаа гаражинд тавиад дээшээгээ цахилгаан шатаар гарчихдаг орц байсан. Минийхээр бол Б.Чанцалдамба, Г.Ганзориг хоёр үгсэн хуйвалдаад миний хүүгийн аминд хүрсэн гэж үзэж байгаа.
-Шөнийн 00.57 минутад орсон юм бол яг хэдий үед нас барсан юм бол?
-01.09 минутад Б.Чанцалдамба эгч рүүгээ утсаар ярьж Г.Батцог үхчихлээ гэж ярьсан байгаа. Үүнээс хойш харанхуй орцонд миний хүүг үхчилээ гэж найз нөхөдрүүгээ хүртэл хэлж ярьж, мэссэж бичсэн байдаг. Улмаар 01.40 минутын орчимд бидэнд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд хамгийн сүүлд хэлсэн байгаа юм. Би энэ орцонд Б.Чанцалдамба ганцаараа байгаагүй гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас тухайн үед Г.Ганзориг хаана байсныг ч тогтоогоогүй. Мөн миний хүүг Б.Чанцалдамба дагуулж орж байхад толгойнд нь байсан эрээн алчуур байхгүй байсан. Гэтэл нас барахдаа эрээн алчуураар боомилж үхсэн гээд байгаа. Ядаж эрээн алчуурыг хэнд, хаана байсныг цагдаагийн байгууллага тогтоох ёстой.
-Б.Чанцалдамбаас мэдүүлэг авахад юу гэх юм бол?
-Би талийгаачийг дагуулаад орцонд орсон. Харин эргээд харахад амиа хорлочихсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Ер нь энэ хэрэгт анхнаасаа шинжээс эмч томилж шалгаагүй байдаг. Б.Чанцалдамба уг нь өөрөө тухайн байрны хажууд байрлах 27 дугаар байранд амьдардаг. Гэтэл яагаад 28 дугаар байранд хүүхдийг минь яагаад дагуулж оров гэдэг сонин. Мөн Б.Чанцалдамбын өгч буй мэдүүлэг, хэргийн газар очиж болсон явдлыг дүрслүүлж байгаа байдал бүгд зөрж байгаа.
Шүүх шинжилгээнд оруулахад гадны нөлөөтэй гэж гараагүй юм уу?
-Би шүүх шинжилгээнд оруулах гэсэн ч амралтын өдөр таарсан гэсэн. Улмаар мөнгө хөлсийг нь өгөөд шүүх шинжилгээнд оруулая гэхэд бичиг баримт шаардсан. Улмаар хүүгийнхээ бичиг баримтыг хайхад Б.Чанцалдамбад бүх бичиг баримт, хэтэвч зэрэг нь байсан байгаа юм. Тиймээс бид хүүгийнхээ бичиг баримтыг авая гэж залгатал би Яармагт лам, бөөд үзүүлээд явж байна гэсэн. Гэтэл бидний ярьсаны дараагийн өдөр гэв гэнэт миний хүүг шүүх шинжилгээгээр оруулсан байсан. Би оруулах гээд бараагүй юмыг гэв гэнэт шүүхийнхэн яагаад оруулчихсаныг мэдэхгүй байна.
-Шүүх шинжилгээгээр юу гэж гарсан юм бол?
-Ямар ч гадны нөлөөгүй гэж гарсан. Хамгийн сонин нь яг тэр амралтын өдрөөр Б.Чанцалдамба найз охин руугаа залгаад Г.Батсүхийн үхсэн нь ямар ч гадны нөлөөгүй. 100 хувь өөрийнх нь буруу гэж гарсан гэж хэлсэн байдаг. Шүүх эмнэлгээр ч ороогүй байхад ийм зүйл ярьж байдаг үнэхээр сонин. Тэр бүү хэл бид ч шүүх шинжилгээний хариуг сонсож чадахгүй удтал хүлээсэн шүү дээ.
-Танай хүүгийн ааш зан хэр вэ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм болов уу?
-Ер нь яаж ч бодсон миний хүү бөхөөр хичээллэдэг том бие хаатай, өндөр хүүхэд. Тийм намхан таазтай байранд өөрийгөө боомилж үхэх үү. Мөн тэр эрээн алчуур хаанаас гараад ирэв гээд бүх зүйл сонин байгаа. Тухайн үед бага зэрэг шар айраг уусан байсан.
-Найз охинтой нь яг биечилж уулзсан уу?
-Бидэнтэй Б.Чанцалдамба бүү хэл ар гэрийнхэн нь ч ирж уулзаагүй. Өмнө нь үерхэж байхдаа хэд хэдэн удаа манайд ирж байсан. Хүүтэй маань үерхээд 3 жил болж байгаа. Гэхдээ нэг удаа миний хүү согтуу орж ирсэн. Юу болсон гэж асуухад найз бүсгүйгээ өөрийг нь хуураад байна гэж байсан. Биднийг ийн зовж байхад Б.Чанцалдамба ангийнхаа охинтойгоо мэссэжлэсэн байдаг. Энэ мэссэжинд “Өшөө болоогүй. Эмэгтэй дүү, ээж нь нас барна. Харин аав нь галзуурч үхнэ” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бүсгүй манай ам бүлийг бүгдийг нь устгахгэсэн зорилготой байгаа юм. Энэ бүхнийг цагдаагийнханд өгөхөд шалгалт хийгээгүй.
-Ер нь энэ хэрэгт ядаж хүнийг үхэхэд нөлөөлсөн гэж эрүүгийн хэрэг үүсгээгүй юу?
-Үүсгэсэн. 195 дугаар зүйл анги, 172 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Гэвч энэ сарын 2-нд хэрэгсэхгүй болсон. Бид бол цааш нь шалгуулаад явна.
-Г.Ганзоригийн хувьд мэдүүлэгтээ юу гэсэн байдаг юм бол?
-Г.Батцог ах намайг баяртай гээд яваад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Ер нь тэгж зодолдож байсан хүмүүс нэгнээ баяртай гээд яваад өгөх үү.
эх сурвалж medee.mn