Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Ардчилсан намынхан худлаа жүжиг тавих шаардлагагүй

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилтай байх шиг байсан. Энэ зун амарч амжив уу?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гардан хариуцаж хийдэг байгууллага л даа. УИХ-аас тогтоол гарч энэ ажлыг хийх үүрэг өгсөн тул чуулган завсарласнаас хойш ч гэсэн бид үүнд анхаарал хандуулан ажиллаж байна. Орон даяар бүх нийтийн хэлэлцүүлэг явуулах асуудлыг Засгийн газартай хамтран явуулж байгаа. Эхний хэлэлцүүлгүүд эхэлсэн. Томоохон хэмжээний хэлэлцүүлэг тул зохион байгуулалтын нэлээд ажлууд орох нь.

-Зардал төсвийг нь хэрхэн шийдэж байгаа юм бол?

-Орон нутаг тодорхой хэсгийг нь үлдсэнийг нь Засгийн газар гаргасан. Томоохон багууд аймгуудад бүсчилэн ажиллаж байна. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ долоо хоногийн сүүлээр Ховд, Баян-Өлгий аймгуудад хэлэлцүүлэг явагдах байх. Энэ мэтчилэн бусад аймгуудад хэлэлцүүлгүүд үргэлжилнэ. Бид энэ ажлыг хариуцлагатай хийх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд л хийгээд байгаа юм биш. Төрийн тогтолцоо, хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргадаг тогтолцоотой холбоотой болохгүй байгаа зүйлс бидний нүдний өмнө явж ирлээ. Үүнийг засахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа юм. Ард иргэдээс гадна мэргэжлийн байгууллага, эрдэмтэд болон заавал саналаа өгдөг Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн институцийг бүгдийг нь хамруулсан хэлэлцүүлгүүд өрнөж байна.

орон нутагт явагдаж буй хэлэлцүүлгүүдээс гадна ирэх есдүгээр сард эрдэмтэн судлаач, улс төрийн намууд, мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлгүүдийг явуулах юм. УИХ-ын тогтоолоор аравдугаар сарын нэгэн гэхэд ажлын хэсгүүдээс гарсан санал дүгнэлтийг байнгын хороо нэгтгэн УИХ-д өргөн барих ёстой. тэр утгаараа төрийн байгуулалтын байнгын хорооноос гадна УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ-ын ажилтнууд энэ зуны турш амралтгүй ажиллаж байгаа л даа. түүнчлэн УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг нэг сэдэв болгон уулзалтууд дээрээ ярьж иргэдийн санал, сэтгэгдлийг авах учиртай.

-Хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд явагдаж чадах уу?

-Улсын бага хурал, Ардын Их хурлын депутатууд 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үеийн хэлэлцүүлгүүдээс дутахгүй хэмжээнд аль болох олон хүнийг хамарсан ярилцлага хэлэлцүүлэг явуулах зорилготой ажиллаж байна. Хэлэлцүүлгүүд дуусаад улаанбаатарт мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлэх үед бага ч гэсэн зав гарч амрах боломж гарах байх.

-УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл гарган ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байна лээ. Та ард нийтийн санал асуулга явуулна гээд байдаг. Яагаад нэг зүйлийг хоёр талаас нь яриад байгаа юм бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. энэ хуулиар заавал Ард нийтийн санал асуулга явуулж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Бид анхнаасаа ийм зорилго тавьж ажилласан. Энэ дагуу ч явна. одоо бол ард хүмүүсийн байр суурийг сонсох, санал авах хэлэлцүүлэг юм. Үүний дараа УИХ дахин хэлэлцэнэ. Гишүүдийн дийлэнх олонхиор ийм ийм асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулъя гэдэг шийдвэр дахин гарна. Тиймээс ард нийтийн санал асуулга явагдана. Цаг хугацааны хувьд хэлж мэдэхгүй байгаа ч ирэх аравдугаар сард ИТХ-ын нөхөн сонгуулийн ажил явагдана. Амжвал нөхөн сонгуультай хамт явуулчихбал зардал мөнгө хэмнэх боломжтой.

Ардчилсан намын бүлэг хуралдсан гэнэ, Ард нийтийн санал асуулга явуулахын шаардсан гэнэ гэдэг мэдээлэл сонин дээр гарсан байна лээ. Миний хувьд үүнийг иргэд мэдээлэлгүй байгаа юм чинь гээд жүжиг тавьж байна гэж бодож байгаа. Учир нь хэлэлцүүлэг явуулж байгаа ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүд орчихсон. УИХ-ын тогтоол яаж гарсныг ч мэдэж байгаа шүү дээ. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэдэг хуулиа ч тэд мэдэж байгаа. Үүд онгорхой байхад орох гэж дайрлаа гэж үг байдаг. Хаалга хаалттай байгаа юм шиг дүр үзүүлж дайрч орж байгаа мэт мэдэж байгаа хэрнээ худлаа жүжиг тавих шаардлагагүй. Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Хүмүүсийг мэдээлэл муутай байж магадгүй гээд үүн дээр нь дөрөөлж л байгаа юм байлгүй дээ. АН-ынхан бидэнтэй хамт энэ ажлыг зохион байгуулж байгаа хэрнээ тийм мэдэгдэл гаргасан байна лээ. Хоёрын хооронд инээдэмтэй, ард түмнийг бассан юм шиг зүйл гаргаж байна.

-Л.Болд гишүүн МАН парламентад 65 суудалтай. Тэднээс 40 гаруй нь шинэ гишүүд. Өмнө нь Үндсэн хууль яаж батлагдаж байсныг мэдэхгүй хүмүүс байх шиг байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмнийг талцуулсан ийм зам руу түлхчих вий дээ гэсэн байна лээ. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл маань өөрөө асуудалтай байгаа юм биш үү?

-Л.Болд гишүүн өөрөө ажлын хэсэгт ажиллаж байгаа. Сургалт, семинар хийгээд яаж ажлаа явуулах вэ гэдгийг хамтдаа ярилцаад сууж байсан хүн л дээ. Таны асуусанчлан ийм зүйл ярьсан нь надад сонин л санагдаад байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг талцуулж, тогтворгүй байдал үүсгэх зүйл байхгүй. Иргэдийн зарим нь мэдээлэлгүй байгааг далимдуулан ардын намынхан ийм юм хийх гэж байна гэсэн худлаа мэдээлэл тараах нь өөрөө улс төрийн тогтворгүй байдал руу түлхэнэ. Үндсэн хуульд ийм ийм нэмэлт, өөрчлөлт орох гэж байна гэсэн мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад худалч хүнд хоёр сар болох гэж байна. тэр заалт ингэж орвол ард түмнийг талцуулах байдал руу хөтлөх гэж байна гэдгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Худлаа цуурхал дэгдээж болохгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ зохион байгуулж, ард түмний санал асуугаар шийднэ. тиймээс УИХ-ын гишүүд шинэ, хуучин байх нь огт хамаагүй. УИХ-д сонгогдсон гишүүн бүрийг “Энэ хүн бидний өмнөөс төрийн ямар ч асуудлыг шийдэх боломжтой” гээд итгэл хүлээлгэн явуулсан хүмүүс. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хуучин, туршлагатай байж энэ асуудлыг шийднэ гэсэн зүйл огт байхгүй. Ийм утгагүй яриа гаргаад хэрэггүй. нэг танхимд тохой нийлүүлэн суудаг адилхан эрх, үүрэгтэй гишүүдээ басамжилж, доромжилж болохгүй. Л.Болд гишүүнийг тийм зүйл ярьсан гэхээр нь гайхаж л байна. тэгж ярих юм бол 1992 онд Үндсэн хууль батлахад шинэ цагийн Үндсэн хууль гэж юу байдгийг ч мэдэхгүй, нийгмийнхээ талаар ойлголт бүдэг тийм хүмүүс энэ хуулийг батласан шүү дээ. Л.Болд гишүүний ярьсан зүйл дэмий яриа байсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна гэсэн шүүмжлэл га-раад байгаа. Ямартай ч хууль санаачлах эрхийг нь хязгаарлаж байгаа юм билээ?

-Хууль санаачилах эрхийг нь байхгүй болгох заалт нэмэлт, өөрчлөлтөд бий. зөвхөн энэ парламентын үед гарч ирсэн санаа биш. Манай улс Үндсэн хуулиараа парламентын бүгд найрамдах улс. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Хууль, тогтоомж эндээс гарч байх ёстой. Үндсэн хуулийн эрдэмтэд, шинжээч, судлаачид Монгол Услын Ерөнхийлөгч сонгодог парламентын засаглалтай оронд байдгаас илүү их гүйцэтгэх засаглал, Шүүх эрх мэдэлд нөлөөтэй субьект болчихсон гэдгийг хэлээд байгаа. Энэ нь сонгодог парламентын зарчмуудтай зарим талаараа зөрчилдөж байна. улс төрийн шийдвэр гаргах, хариуцлага хүлээх механизмд зарим талаараа саад тотгор болдог юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Зөвлөлдөх санал асуулгын дүн дээр зургаан сэдэв байхад жишээлбэл төрийн эрх барьдаг дээд байгууллага нь УИХ юм бол гол ачаагаа үүрдэг, засгийн газар хариуцлагаа хүлээдэг байя. Ерөнхийлөгч дундуур нь ороод байхаар сүүлдээ хэн ямар шийдвэр гаргаад түүнийхээ төлөө ямар хариуцлага хүлээдэг нь тодорхойгүй байна гэж үзээд оруулсан. Энэ нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн. Ард нийтийн санал асуулгын үеэр ард түмэн юу гэж дүгнэ-хийг таашгүй. Өнөөдрийг хүртэлх туршлагаас харахад Ерөнхийлөгч хууль санаачилсан ч бай, үгүй ч бай цаана нь улсаа төлөөлдөг, хориг тавьдаг олон эрхүүд нь нээлттэй. Үүнийг одоо сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж байна гэж ойлгож болохгүй. Нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшиж, хэн ялалт байгуулах нь тодорхойгүй байх үед яригдаад дарааллаараа явж байгаа ажил. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ийм гарчихлаа гээд харин ч өөрчлөлгүй хуучин дарааллаар нь явуулж байгаа гэдгийг зориулж хэлье.

-Иргэдийн дунд хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явагдана. Иргэд маань Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд саналаа өгөхөд бэлэн үү. Үндсэн хуулиа яг таг мэдэж байгаа юм уу?

-Тийм ч учраас бид шат шатанд нь сургалт явуулж, видео хурал хийж, яригдаж буй асуудлуудыг онол, практик талаас нь тайлбарласан материалыг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхийг зорьж байна. Хэвлэл мэдээллийнхэн маань энэ ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсч байгаа. Манай байнгын хороон дээр зунжин бэлтгэж хүмүүсийн гар дээр очсон материалууд гэхэд Үндсэн хууль гэж юу вэ. одоо орох өөрчлөлт нь юу байх вэ, өөрчлөлтийн үндсэн онол суурь нь юу байх вэ, өөрчлөлт орсны сайн, муу тал нь юу вэ гэдгийг аль болох олон нийтэд хүргэхийн төлөө ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *