Санхүүгийн менежмэнтийн улсын VIII олимпиадад амжилттай оролцож хувийн болон багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүү менежмэнтийн ангийн төгсөх курсийн оюутан Н.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Н.Дэлгэрцэцэг гэдэг. Би Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийг төгсөөд өөрийн сонирхлын дагуу Санхүү эдийн засгийн их сургуульд элсэн орж байсан. Энэ жил их сургуулиа санхүүгийн менежмэнтийн чиглэлээр төгсөж байгаа.
-Санхүүгийн менежмэнтийн улсын олимпиадын талаар тодруулбал?
-Санхүүгийн менежмэнтийн улсын олимпиад нь энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдсан. Банк, санхүүгийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой тэмцээнүүдийн нэг гэж хэлж болно. Тус олимпиад нь олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээчдийн “CFA Program”-ын нэгдүгээр түвшний шалгалтын хүрээнд агуулга нь байдаг гэдгээрээ хамгийн онцлогтой. CFA хөтөлбөрийн талаар товчхон дурдвал, мэргэжлийн болоод ёс зүйтэй санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой, гурван түвшний шалгалт бүхий хөтөлбөр байдаг. Уг гурван түвшний шалгалтаа даваад, тодорхой ажлын туршлага, бусад шаардлагуудыг хангасны үр дүнд “CFA charterholder” цолыг эзэмшдэг. Шалгалтуудын хувьд, түвшин бүрт нийт шалгалт өгч буй хүмүүсийн 40-50 орчим хувь нь тэнцдэг, харьцангуй хүнд шалгалтуудын нэгт тооцогддог бөгөөд үүнийгээ дагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй цол юм. Санхүү менежмэнтийн улсын олимпиадад нэг их сургуулиас таван гишүүний бүрэлдэхүүнтэй хоёр хүртэлх баг оролцох боломжтой бөгөөд хоёр үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд оюутнууд тус тусдаа тестийн шалгалтад ажилладаг бол хоёрдугаар шатанд санхүү менежмэнт, хөрөнгө оруулалттай холбоотой кейс ажилбаруудыг багаараа ажиллан танилцуулдаг. Эхний шатны дүнгээр хувийн дүн гардаг бол нэг болон хоёрдугаар шатны дүнг дундажлан багийн дүн гардаг. Энэ жил нийт найман их, дээд сургуулийн 13 баг оролцсон бөгөөд багуудын дүн маш ойрхон онооны зөрүүтэй ширүүхэн өрсөлдөөнтэй байсан.
-Өнөө үед хүүхдүүдийг шинжлэх ухаан, математик, физик, химид дуртай болгоход юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Дуртай болгох шаардлагагүй гэж хэлнэ. Арван жилийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь математикт л сайн болгохыг их хүсдэг юм шиг санагддаг. Гэхдээ дэлхий дээр математикаас өөр олон шинжлэх ухаан, салбарууд байгаа. Үнэхээр математикт дургүй байгаа бол хүчээр дуртай болгох гэж цаг үрсний оронд өөрийн сонирхолтой, дуртай зүйлээ олоход цагаа зарцуулсан нь дээр гэж боддог. Гэхдээ энэ нь математикийг тэр чигт нь хая гэсэн үг биш бөгөөд энгийн суурь ойлголтуудаа цэгцтэй, системтэйгээр ойлгочихсон байхад л болно гэж бодож байна.
Зарим үед сурах зөв арга барилаа олоогүй, эсвэл хичээл зааж буй багшийн арга барил тохироогүйгээс үүдэн математикт дургүй болох хандлага байдаг. Тиймээс янз бүрийн сурах арга барилыг туршиж үзэн, сурах аргачлалаа нэг солиод үзээрэй гэж хэлмээр байна.
-Математик хичээлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?
-Банк, санхүүгийн бакалаврын хөтөлбөрүүд зөвхөн математик гэхээс илүү, математикийг суурь болгосон санхүүгийн менежмэнт, хөрөнгө оруулалт чиглэлийн хичээлүүдийг заадаг. Миний хувьд, CFA хөтөлбөрийн 1 дүгээр түвшний шалгалтыг энэ оны хоёрдугаар сард өгсөн бөгөөд шалгалтад бэлдэх явцдаа Их сургуулийн дөрвөн жилд сурсан зүйлээсээ илүү системтэйгээр багцлан ойлгож авсан. Энэ хугацаанд ерөнхийдөө өглөө сэрснээс орой унтах хүртлээ л ном шагайж өнгөрөөдөг байсан. Гэхдээ аливаа зүйлд суралцахад өдөрт тийм их цагаар суухыг дэмждэггүй. Аль болох эртнээс хийх зүйлсээ төлөвлөөд, өөрийн бие физиологийн онцлогт тохируулан бүтээмж хамгийн өндөр байдаг цагууддаа үр дүнтэйгээр хичээллэх нь тохиромжтой гэж боддог. Мөн тухайн суралцаж буй зүйлээ өдөр бүр давтамжтайгаар тодорхой цагт хийж, амьдралынхаа нэг хэсэг, зуршлаа болгочихвол сайн үр дүнд хүрэх нь гарцаагүй болов уу.
-Давтлага, сургалтад хамрагддаг уу?
-Давтлага авдаггүй. Хүн ер нь өөрийн үр дүнтэй суралцах арга барилыг л олоод авчихвал ямар ч зүйлийг хичээгээд сурах боломжтой. Миний хувьд, бусадтай ярилцан лекц сонсож ойлгохоос илүү өөрөө ном, сурах материалууд уншиж, өөртэйгөө ярилцах байдлаар “self-study” хийх нь илүү үр дүнтэй байдаг.
-Гадаадын сайтуудаас бодлого боддог уу?
-CFA хөтөлбөрийн номнууд нь өөрөө англи хэл дээр байдаг бөгөөд шалгалтад бүртгүүлэхэд төрөл бүрийн сурах материал, бодлого, тест, мок шалгалтуудаар хангаж өгдөг. Тэдгээрийг л ашигладаг даа. Мөн санхүү эдийн засгийн их сургууль нь хичээл сургалтын үеэр ерөнхийдөө байнга гадаадын кейс ажилбар, бодлого зэрэг дээр ажиллуулдаг.
-Ном уншдаг гэсэн. Ямар төрлийн ном уншдаг вэ?
-Ерөнхий боловсролын сургуульд байхдаа уран зохиолын номнууд их уншдаг байсан. Уншсан номын тэмдэглэлээрээ онцгойрч тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдгийг хоёр удаа авч байсан. Харин оюутан болсноос хойш өөрийн мэргэжилтэй холбоотой номнуудыг илүү унших болсон. Мөн сүүлийн үед хүн хоорондын харилцаа, сэтгэл зүй, сэтгэл судлалын чиглэлийн номнуудыг сонирхож байгаа. Залуучуудыг өөрийн сонирхолтой, уншихыг хүссэн зүйлсээ л гүнзгийрүүлж судлаарай, мөн сүүлийн үед болж буй мэдээ мэдээллүүдээс хоцролгүй яваарай гэж уриалмаар байна.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Сэтгэл санааны хувьд эрч хүчтэй, бүтээмжтэй амьдрахад дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй санагддаг. Тиймээс өдөрт 30 минутаас нэг цагийг дасгал, йога эсвэл бясалгал хийж өнгөрөөдөг. Би арван жилээсээ хойш баллетаар хичээллэж байгаа, энэ нь нэг төрлийн хатуужил, тэвчээр, тууштай байдлыг заадаг гайхалтай урлаг юм. Ерөнхийдөө, чөлөөт цаг гарвал баллет, жүжиг, сонгодог урлагийн тоглолтууд үзэх, ууланд гарах, ном унших, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ сайхан дурсамжуудыг бүтээхийг хүсдэг. Мөн хувиараа жижиг бизнес эрхэлдэг, сул цагаараа тийшээгээ анхаарлаа хандуулдаг.
-Өдрийн цагийн хуваариасаа хуваалцвал?
-Энгийн үед өглөө 7-8 цагийн хооронд сэрээд өдрийн эрч хүч, шим тэжээлээ авахуйц өглөөний цай уучихаад, тухайн үед сурч буй эсвэл хийх ёстой хамгийн чухал зүйл рүүгээ шууд ордог. Учир нь миний бүтээмж өглөө хамгийн өндөр байдаг. Орой хийхэд 2-3 цаг шаарддаг ажлыг өглөө сэргэг үедээ нэг цагийн дотор хийчих талтай. Ингээд өдрийн цагаар бусад хичээл, ажлуудаа амжуулж аваад, оройдоо баллетын дасгал, бясалгал хийх, ном унших зэргээр өөртөө цаг гаргадаг (энэ нь миний өдрийн хамгийн дуртай хэсэг).
Хэт ачаалалтай байгаа онцгой үеүдэд энэ хуваарь нь өөрчлөгдөөд өглөө 5-6 цагийн хооронд босч, ажил, хичээл гэж явсаар өөртөө гаргах цаг багасах хандлагатай байдаг. Гэхдээ аль болох сайн төлөвлөөд, бүх зүйлсийн балансыг тааруулж амьдрахыг хүсдэг. Хэт өөрийгөө хүчлэхгүй, хичээх үедээ тултал хичээгээд, тууштайгаар өдөр бүр бага багаар урагшилсаар л байвал хүссэн үр дүндээ хүрч чадна гэж итгэдэг.
-Цаашид юуг хийж бүтээхийг зорьж байна вэ?
-Ойрын хоёр жилийн хугацаанд CFA хөтөлбөрийнхөө гурван түвшний шалгалтыг давж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ жил Их сургуулиа төгсөж байгаа учир 2-3 жил санхүүгийн салбарт мэргэжлээрээ өөрийн сонирхож буй хэд хэдэн чиглэлээр ажиллаж үзээд, тэр процесс дундаас өөрийн хамгийн хүсэл тэмүүлэлтэй байгаа зүйлээ олно. Түүнийхээ дараа уг чиглэлээрээ Европын томоохон Их сургуульд магистрын зэрэг хамгаалахыг зорьж байна. Мөн дэлхийн олон хотуудад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч үзэхийг хүсдэг. Дараа нь өөрийгөө хангалттай боловсорсон гэж үзсэн үедээ тэрхүү мэдлэг мэргэжлээ эх орныхоо бүтээн байгуулалтад зориулж, чаддаг зүйлээрээ нийгэмд үнэ цэнэ бүтээхийг хүсдэг.