Categories
нийгэм онцлох-нийтлэл

Н.Билгүүнзаяа: Төгсөлтийн ой, албан газрын зугаалга гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүл салалтад нөлөөлж байна DNN.mn

Гэр бүл судлаач, сэтгэлзүйч Н.Билгүүнзаяатай ярилцлаа.


-Манайд гэр бүл хэврэг болсон юм шиг. Өрх толгойлсон ээжүүдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдээд байна. Энэ үзэгдлийг та яаж харж байна вэ?

-Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй. Манайд бол гэр бүл салах үзэгдэл түгээмэл болсон. Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар тооцоход АНУ-д 52 хувь, ОХУ-д 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Энгийнээр тайлбарлавал, манай улсад зуун гэр бүлийн 20 хувь нь салдаг гэсэн үг. Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа боловч анхаарал татаж байгаа асуудал нь гэр бүл салалт эрчимтэй өсч байна.

-Голлох шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Салалтад нийгэм эдийн засгийн, боловсролын гэхчилэн хүчин зүйл нөлөөлж байгаа ч ерөнхий гурван шалтгаан байна. Нэгдүгээрт зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол. Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй

-АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭР БҮЛЭЭР НЬ ХАМРУУЛДАГ СОЁЛД

ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН-

Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй олгодоггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй. Асуудалд хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг

Хоёрдугаарт, зах замбараагүй архидалт. Албан газар, анги хамт олон, төгсөлтөөрөө нийлж архиддаг үзэгдэл. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл нь энэ. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 30 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэрт хүрдэг.Гуравдугаарт хууралт. Энэ мөн л дээрх шалтгаантай төстэй. Албан газар, анги хамт олноороо нийлж архи уугаад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Энэ асуудал нь даамжирсаар салахад хүрдэг.

-Албан газар, анги хамт олноороо архиддаг үзэгдлийг та яаж хардаг вэ. Нэг төрлийн эмгэг үү?

-Нийгмийн стресстэй л холбоотой гарч байгаа үзэгдэл. Газар газраас бухимдалтай улс нийлээд л архи ууна. Шалтгаан нь төгсөлтийн ой, албан газрын зугаалга. Үүнтэй холбоотой гарч байгаа үзэгдэл нь хууралт, гэр бүлээс гадуурх харилцаа. Түүнчлэн төрөл бүрийн гэмт хэрэг ч гардаг.

-Нийлж архиддаг ийм үзэгдэл бусад улс оронд ч бий юу?

-Манайх шиг төгсөлтийн тэдэн жилийн ойн уулзалт гэж архиддаг үзэгдлийг би сонсож, дуулаагүй. Ер нь аливаа үйл ажиллгаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёл баруунд бий. Агаарт гарахдаа гэр бүлийг нь заавал хамруулдаг. Агаарт гараад архидацгаагаад байхгүй шүү дээ. Олныг хамарсан гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглоно. Хамтдаа тоглолт үзнэ. Ийм маягаар чөлөөт цагаа өнгөрөөдэг. Манайхаас ялгаатай нь нийлж согтуурдаггүй. Ийм үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулснаар хоорондын үл ойлголцол гарна гэсэн ойлголт байдаггүй. Илүү дулаан уур амьсгалтай болно. Манайд бол энэ үзэгдэл яг эсрэгээрээ. Төгсөлтийн ой, ангийн уулзалтад гэр бүлийг нь хамруулна гэх ойлголт байхгүй. Эхнэр юм уу, нөхөр нь оролцоно. Удаан уулзаагүй найзууд хамт архи уугаад янз бүрийн харилцаа үүснэ. Эхнэр, нөхрөө хардана. Ингээд гэр бүлийн эрүүл харилцаа алдагдаж эхэлдэг. Даамжирвал гэр бүл салж, хүүхэд өнчирнө.

Судлаад үзэхэд 10 гаруй жил болсон гэр бүл ийм шалтгаанаар хоёр тийшээ болох нь түгээмэл байгаа нь харагдаж байна. Албан газрынхаа зугаалгаар явж архи уугаад л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд салдаг үзэгдэл маш их. Үүний үр дагавраар бага насны хүүхэд өнчирдөг. Эцэг юм уу, эхгүй өссөн хүүхэд гэмт хэрэгт холбогдох үзэгдэл түгээмэл байдаг. Багад нь эцэг, эх нь салсан хүмүүсийн 70 орчим хувь нь гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа байдаг. Энэ бүхний үндэс суурь нь та бид хоёрын яриад байгаа архидалт. Аливаа үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёлд шилжих цаг нь болсон. Ийм ойлголтыг албан газрууд хэвшүүлмээр байна. Зугаалга гэж нийлж архиддаг ажлаа хойш нь тавьж, зугаалгадаа гэр бүлээр нь хамруулж хамтдаа хөгжөөнт тоглоом тоглодог бол хаа хаанаа үр ашигтай. Манайх шиг байгалийн үзэсгэлэнтэй оронд бол албан газраараа эко аялал зохион байгуулж болно. Галт тэргээр аялаад үзэх газрууд олон байдаг шүү дээ. Ийм соёл нэвтрүүлэхгүй бол зугаалга, төгсөлтийн ой гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүлийн бат бөх байдалд аюултай хэмжээнд очоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *