УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Энэ жилийн төсвийн алдагдал 2.6 их наяд, гадаад өр 2.5 тэрбум ам.доллар байна. Удахгүй Хөгжлийн банкны 580 сая долларын өрийг монгол улс төлнө. Иймэрхүү хэцүү нөхцөл байдалд, өмнөх засгийн өрийг барагдуулах журмаар явж байгааг гишүүд тодотгож байлаа. Төсөлтэй холбогдуулж гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс асуулт тодруулга авсныг хүргэж байна.
Содбаатар гишүүн: Чанаргүй зээл байнга нэмэгдэж байна. 24 хувийг нь уул уурхай, 14 хувийг нь барилгын салбар, 60 хувь нь том аж ахуй нэгж дээр оногдож байна гэж байна. Монгол банк чанаргүй зээлэн дээр ямар бодлого явуулж байна вэ? Ер нь жаахан хатуу бодлого баримтлах юм байна. Ханшийн захыг нээлттэй болгох талаар нэлээд санал оржээ. Үүнийг дэлгэрүүлж өгөөч. Монгол банкны алдагдал хэр байна вэ?
Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Бодлогын хүүгээ өсгөх нэг шалтгаан нь санхүүгийн тогтворгүй байдал байсан. Төсөв 18 хувийн алдагдалтай байсан. Өнөөдөр эдийн засгийн байдал өөрчлөгдсөн. Тиймээс бодлогын хүүг эргэн харж болно. Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хугацаа хэтэрсэн 7.1 хувийн зээлээ яаж шийдэх вэ гэх мэтчилэн асуудлуудыг боловсруулаад явж байна. УИХ-д орж ирэх байх. Ашигт ажиллагааны хувьд системийнхээ хүрээнд арилжааны банкуудад буурч байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: ОУВС-с зээл олдох болов уу, олдвол ямар нөхцөлөөр олдох вэ, авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа учир цааш нь сунгаж болох болов уу, төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг байгаа. ДНБ-ий 9.9 хувьтай батлагдсан тохиолдолд мөнгөний бодлогыг яаж явуулах вэ? Бодлогын хүү буух уу, буухгүй шүү дээ. Мөнгөний эргэцийн хурд түүхэндээ 2-с доош орж байсныг би санахгүй байна. Мөнгө эргэхгүй байна. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил муу байна гэсэн үг. Хямрал болж байна гэсэн үг. Та бүхэнд мөнгө байхгүй учир ханшийг барьж чадахгүй шүү дээ. ОУВС-аас зээл авъя гэвэл мөнгөний бодлого, төсвөө өөрөөр баталъя. Үүн дээр тодорхой хариу авмаар байна. Засгийн газар мөнгөний хүүг 3, монгол банк 2.8 гээд оруулаад ирлээ. Инфляцийг Засгийн газар 6.5, Монгол банк 4.4 гэж байна. Аль нь зөв юм бэ? Энэ хоёр тоо өөр байхад бид бодлогын талаар юу ярих юм бэ?
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Өмнөх засгийн үед тавьсан өрийг дарахын тулд Монгол банк, Засгийн газар бүгд ажиллаж байна. Валютын нөөцийг гаднаас татах, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хүлээж байна. ОУВС-г Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагуудад төлөөлдөг захирлуудтай сая уулзаад ирсэн. Санал бодлоо солилцсон. Тодорхой гэрээ хэлцэл бол яваагүй. Харин энэ долоо хоногийн сүүлээр ОУВС-ын ажлын хэсэг монголд ирж хоёр долоо хоног ажиллана. Энэ явцад олон зүйл тодорхой болох байх. Гол нь ОУВС-тай гэрээ хийхэд Засгийн газар, Төв банк, Сангийн яам бусад яамдын сайд дарга нарын яриа нэг байх хэрэгтэй байна. Энэ маш чухал байна. Үүн дээр Сангийн яам анхаараачээ гээд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хэлээд албан тоот явуулаад байгаа. Энэ хэлэлцээрээс цаашид маш олон зүйл хамаарна. Төв банк бие даасан байдлаа хангахын үүднээс бондыг гаргахаа орчин үед больсон. Сангийн яам, Засгийн газартаа шилжүүлдэг болсон.
О.ӨНӨР