Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сарыг “Спортлог” сар хэмээн нэрлэж үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлоод байна.
Ийнхүү гуравдугаар сарыг “Спортлог” сар болгосон зорилго нь залуу хүн бүрийг спортоор хичээллэхэд уриалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, оюуны болон бие бялдрын хөгжлийг хослуулан хөгжүүлэх, амьдралын зөв хэвшил дадал бий болгоход нөлөөлөхөд оршиж байгаа юм.
Спортлог сарын хүрээнд спортыг дэмжигч “И юу? О юу? ” аяныг улс орон даяар салбар нэгжүүдээр өрнүүлэх, сошиал медиа хэлбэрээр залуучуудыг спортод уриалах, ажлын байран дахь “Өглөөний дасгал” аянг өрнүүлэх, “Залуучуудын спортын хороо”-г аймаг, дүүрэгт шинэчлэн зохион байгуулах, хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэн сурталчлах, “Спортын салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, “Спортын клуб”-уудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, “SF” буюу “Student fitness” хөтөлбөрийг хэрэгжүүлж оюутан залуучуудыг өргөнөөр хамрагдахад дэмжих, “Унадаг дугуйн аюулгүй ажиллагаа”-ны хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргах гэх мэт олон олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.
Ингэснээр залуу хүн бүр эрч хүчтэй залуу насандаа спортоор тогтмол хичээллэх, спортын салбарт тулгамдаж буй асуудлыг судлан олон нийтэд хүргэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахад анхаарах, спортын ач тусыг хэвлэл мэдээллийн салбар болон сошиал медиа ертөнцөөр таниулах, эрүүл идэвхтэй амьдралын хэвшлийг бий болгоход чухал түлхэц болох юм.