Categories
мэдээ цаг-үе

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготов: “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай” гэж Бавуугийн Лхагвасүрэн багш минь захисан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготовтой ярилцлаа.


-Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд нутаг ус, ижий аав, өвөг дээдэс, оюун билэгт хүмүүсээ дурсах сайхан. Та бол яалт ч үгүй Баянхонгор аймаг, Ламын гэгээний нутгаас тодорсон найрагч мөн юм?

-Тийм ээ, миний бие Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хүн. Намайг нутаг амьтай найрагч гэдэг. Үнэндээ Баянхонгор нутаг Гурванбулагийнхаа тухай дөчөөд дууны шүлэг тэрлэжээ. Тэр бүгдээ нэгтгэж “Хонгор нутгийн дуулал” нэртэй хоёр цомог гаргасан. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд зориулж “Ламын гэгээний магтаал оршвой” гэсэн есөн бадаг шүлгийн чуулган бүтээсэн. Ер нь сүүлийн үед дууны уран бүтээл гэхээсээ илүүтэй магтаалын туульсын бүтээлд хүчээ сорьж байна. “Заг, Бадрагийн голууд түүх шивнэн замын холдоо амин холбоотой харгиатан, Орог, Бөөнцагаан нуур нь мэлтрэн одот тэнгэрээ тольдон ширтсэн” гээд арван бадаг бүхий “Баянхонгорын магтаал”-ыг ялгуусан модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн аравны билэгт өдөр бичиж дуусгасан. Энэхүү бүтээлд минь Загийн голын хүү, “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг аялгуу хийж Хонгор нутгийн уугуул алдартнууд, дуучид, бүжигчид гээд 50 гаруй уран бүтээлч оролцон дүрсжүүлсэн. Ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын жүжигчин, төрийн шагналт Намсрайн Сувд, төрийн шагналт гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам, соёлын гавьяат нэрт нэвтрүүлэгч Жамьянгийн Батбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Н.Баасандорж, Д.Отгонжаргал болон “Хөсөгтөн”, “Жонон”, “Увертюра” хамтлагууд оролцсон. Хонгор нутгийнхны сэтгэлийг огшоосон бүтээл болсонд молхи би баярладаг юм. Гурванбулаг болон Галуут сумын магтууг бичсэн. Галуут нутагт Баянхонгор хайрхан оршдог. Уул нь манай аймагт чинь Эрхэт, Их Богд гээд олон сүрлэг хайрхнууд бий. Гэвч чиг Галуутын нутаг дахь Баянхонгор хайрхнаараа аймгаа нэрлэсэн нь учиртай. Галуут бол үнэн ачит мэргэн ухаантан чин сүзэгт Номун ханы хийд оршсон, эрдэнэ ноён хутагтын минь нутаг. Дандончоймзад ламтан гэж номч мэргэн хамба түвдэд ном хаялцах эрдмээрээ дийлдээгүй хүн байсан. Энэ хүний 265 жилийн ойг Галуутын 90 жилийн ойтой хамт тэмдэглэсэн. Тэгэхэд нь би гэдэг хүн залбирал магтаал зориулж хийсэн юм. Надад ерөөлтэй сайхан санагддаг.

-“Доржготов нийтийн дууны яруу найраг, гэгээнтнүүдийн магтаал хоёр төрлөөр найрагчдын тоосон дундаас сугаран гарч ирлээ” гэж таны тухай Галсан гуай бичиж байсан?

-Суу билэгт найрагч, өршөөлт ах Галсан гуайдаа зориулж “Хүн уул” хэмээх шүлэг тэрлэн түүнийгээ 2001 оны “Болор цом” наадмын дэвжээнд их шөвөгт шалгарахад нь гардуулж билээ. Тэр жилийн цомд Галсан гуай зодог тайлахаа мэдэгдэж отгон шүлгээ дуудсан сан. Сүүлд нутгийн сод авьяастнаа ардын уран зохиолч болоод төрдөө үнсүүлэхэд баяр бахдлын нулимс цийлэлзүүлж сууснаа мартдаггүй. Эл эрхэм хүмүүн “Ламын гэгээний магтаалыг гийнгоолохын учир” гэж “Утга зохиол урлаг” сонинд бүтэн нүүр бичсэн. “Дөрвөн түм, найман мянган нууцын цоож түлхүүрээс эрдэм чуулсан найман үеийн гэгээнтэнд найраг өргөх нь найдваргүй засгийн наймаачингуудын аманд бялдууч үгийн бялуу чихэхээс дэндүү тэнгэрлиг юм. Энэ бол бялдууч магтаал бус бясалгал магтаал юм. Монголын эрдмийн долоон бурхны дараа эрэмбэлэх ёстой их эрдэмтэн гүүш Л.Хүрэлбаатарын амьд сэрүүнд нь энэ шүлэг гарсан бол тэрхүү эгнэшгүй хүн Доржготовт яасан их баярлах байсан бол” хэмээн үнэн зүрхнээсээ бичсэн. Ламын гэгээний магтаал бол тодорсон найман дүрд нь зориулсан есөн бадаг шүлгийн чуулган. Наймдугаар дүрийн хувилгаан Данзанжамбалчойжишинэн Энэтхэгийн Гомон дацанд найм дахь жилдээ сурч байна. Билиг брамид буюу шашны номын хамгийн дээд охийг үзэж байгаа. Монголоос олон хутагт хувилгаад сүүлд тодорсон. Энэ дундаас Жалханз хутагтын хойд дүр, манай гэгээн хоёр ном эрдмээрээ оройлж байгаа юм билээ.

-Олонд түгсэн дуунуудынхаа тухай ярихгүй юу. “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”-г бичсэн агуу Сангидоржтой “Номгон хайрхан” гэж аатай дуу хийсэн дээ?

-Чойгивын Сангидорж бол үнэхээр билэг танхай авьяастан байсан. Тэр хүнтэй уран бүтээл туурвих нь байтугай нэг он цагт хамт төрсөн минь хувь заяа юм. Санги ах “Нутгийн дүү хүүтэй нэг юм хийнэ байгаа” гэж хэлээд л “Номгон хайрхан”-аа мандаасан. Д.Сосорбарам гавьяат ч аатай сайхан дуулсан. Ингэхэд Санги, Со хоёрыг “Номхон хайрхан” дуу эвлэрүүлж билээ. Хонгор нутгийн хоёр их авьяастан тухайн үедээ хэн хэндээ жаахан тунирхсан байсан юм. Энэ дууг бүтээгээд элгээрээ тэврэлдэж байв. Залуу морин хуурчдын наадам Баяхонгор аймагт болоход Со гавьяат “Номгон хайрхан”-ыг дуулахад хэд ч дахиулсан гэдэг билээ. Сүүлд Д.Нямжав маань сайхан дуулсан. Ингэхэд миний анхны дуу “Сэтгэлд уяатай нутаг”-ийн хөгжмийг алдарт “Сүүдэр царамын цэцэг”-ийг бичсэн Сайнцогийн Мөнхбат аялгууг нь хийсэн юм. Сүүлд би Монголыг даасан Очирваань хайрхныхаа тухай “Богд Очирвааньт хайрхан мину” гэсэн дуу хийлээ. Завхан нутгийн хүү, энэ цагийн цуут хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан гавьяат аялгууг нь хийж, “Ньюанс” хамтлагийн Дүйнхэржав дуулахаар болоод байна. Миний унасан газар ундаалсан ус Шар усан голоос Отгонтэнгэр хайрхан жараадхан километрийн зайд оршдог. Тэгэхээр Очирваань хайрхны авшиг хүртэж, салхийг нь амсаж өссөн. Баянхонгорыг алдартан, авьяастнуудын өлгий гэдэг. Монголын орчин үеийн хөгжмийн ноён сүмбэр оргил болох Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Бирваа, Чойгивын Сангидорж байна. Хэл бичгийн шинжлэх ухааны ноён оргил Шадавын Лувсанвандан, гоо зүйн соёл шинжлэх ухааныг үндэслэгч Сономын Лувсанвандан, бэлгэдэл зүйн шинжлэх ухааныг үндэслэгч Сэндэнжавын Дулам байна. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дожоогийн Цэдэв, Ванхүүгийн Батбаяр, сүүлийн үеийн дэлхийн хэмжээний хүн Аюурзана гээд бодохгүй юу. Хонгор нутаг тэгэхээр авьяас, онгод билгийн шүтээн орон, оюуны том өлгий мөн байгаа биз.Төрийн шагналт найрагч Чимидийн аав Чойжил гуай манай Гурванбулагийн хүн юм. Чимид гуай тэгэхээр аав талаа барьвал манай сумын хүн болно. Монголын сэтгүүл зүйн амьд домог болсон Хорлоогийн Цэвлээгийн Хонгор нутгийнхны онцлогийг бичсэн олон нийтлэлүүд бий.

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн билээ?

-Хадаг барьсан багш маань Бавуугийн Лхагвасүрэн юм. Хүүхэлдэйн театрын дарга байхад нь Лхагвасүрэн гуай дээр орлоо. Халамцуу орсон юм. Өмнө нь шүлэг зохиолоо үзүүлдэг л байсан учир намайг мэднэ л дээ. Тэгтэл өөдөөс “Чамаас дор хүмүүс номоо гаргачихаад байна. Чи одоо яв, номоо гаргаад ир” гэж адарч, өрөөнөөсөө хөөлөө. Би гэдэг амьтан хөөгдаж туугдсанаа жаахан гундуухан өрөөнөөс нь гарахаар алхаж явтал араас дуудаад, хөөе чи ном гаргаж ирнэ шүү гэж зөөлнөөр аргадаж хэлсэн. Ингээд би анхны ном “Зүрхний анир”-ын эхийг бариад багш дээрээ очсон. Өөрийн бүтээлээ өлгийдөж байгаа юм шиг баярлан хүлээж авч билээ. Тэгээд л халуун дулаан өмнөтгөл үг бичиж өгсөн. Дараа нь “Цээл холын анир”-т маань бас үг бичсэн. Өнгөрсөн онд гаргасан “Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд “Дэлхийг сэрдхийлгэсэн дэндүү найрагч яваарай, гайхамшгийг хичнээн бүтээлээ ч газрын татах хүчиндээ байгаарай. Хайртай дүү минь, хадаг барьсан шавь минь” гэж бичиж өгсөн. Энэ бол үнэхээр том хүндэтгэл юм. Багшийн өчүүхэн муу шавьдаа захисан сэтгэлийн захиас, зүрхний үг юм.

“Цаглашгүй гэрэлт дорно” номын өмнөтгөлд Лхагваа багшийн шүлгийг, ар талд нь Галсан гуайн “Ламын гэгээний магтаал”-ыг минь оршоосон үгийг оруулсан. Ингэж хоёр сайхан ардын зохиолчоор номоо хашуулсан би мөн азтай хүн ээ. Лхагваа багш намайг “Яруу найраггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ нэгэнт нотолсон хүн” гэдэг, гарцаагүй үнэн гэвэл тэр. Би бол бага балчиртаа Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлгийн түүврийг уншиж яруу найргийн амтанд анх орсон хүн. Пүрэвдорж гуай найраглал гэхээр манайхан “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Хар цас”-ыг л яриад байдаг. Энэ гурав бол яалт ч үгүй оргил нь мөн. Гэхдээ цаана нь “Ховдын цагаан тууж”, “Бөмбөл эрдэнэ”, “Шарлингийн хар Хас”, “Арван тавны сар” гээд маш гоё найраглалууд бий. Монголын яруу найргийг Дашзэвэгийн Сэнгээ гэж хүн амьдрал руу, Бэгзийн Явуухулан уянга руу, Бавуугийн Лхагвасүрэн ухаарал хөтөлсөн. Харин Дэндэвийн Пүрэвдорж гуайг ардын билэг цэц рүү нь буюу арай өөр юм руу нь оруулж өгсөн гэдэг. Арга байхгүй миний шүтээн байлаа. Пүрэвдорж гуайтай уулзаж ойр дотно явлаа. Би чинь Вьетнамын Ханой хотын их сургуулийг төгссөн. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн. Хувь заяаны эрхээр л яруу найрагч болчихсон болохоос. Пүрэвдорж гуайн гэргий Чанцал эгч мөн гадаад яаманд ажилладаг байв. Одоо бол Арлааны Эрдэнэ-Очирыгоо маш их үгүйлэх юм аа. Сэтгэл зүрх дэндүү ойр явжээ. Намайг зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэний дараа манайд ирээд надад жижиг гаанс бэлэглэсэн юм. Түүнийг нь гаргаж байн байн амандаа зуух юм даа. Эрдэнэ-Очирыгоо нутаглуулчихаад зохиолчдын хорооны Сэлэнгээгээс нөгөө зэд гэдэг зүйлийг нь аваад дотор нь байсан сүүг задалж дээжийг нь өргөсөн. Тэгээд өөрөө уух гэж байгаад бичгийн ширээн дээрээ цалгиулаад асгачихсан юм. Дүү минь намайг дээд тэнгэрээс харж байна гэдэгт итгэсэн. Ах аа танд баярладаг шүү гэж хэллээ хэмээн ойлгосон. Эрдэнэ-Очир бид эртний танилууд. Говийн санаачилга төслийн шугамаар хөдөө суугаа найрагчид хотод ирсэн. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр, Санаадагва хоёр, Дорноговиос Эрдэнэ-Очир маань ирж байлаа. Тэр цагаас л хэн хэнээ мэдэх болсон. Манай хоёрын гэр ойрхон. Нэгнийхээрээ мөн ч их орж гарсан даа. Эрхэмбаяр гэж радиод ажилладаг залуу “Бавуу, Эрдэнэ-Очир, дархад Мийгаа байхгүй. Радио эзгүйрчихлээ” гэж хэлсэн. Бавуудорж радиогоос гараад явчихаж. Үнэндээ Эрдэнэ-Очироос хойш Монголын радио ч, зохиолчдын хороо ч эзгүйрэх шиг болсон.

-Танай гэр найрагчид цугладаг бас нэг сайхан газар. Хичнээн олон найрагчид шинэ шинэ шүлгүүдээ танайд уншиж байсныг мэдэх юм?

-Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Энэ үеэр надад “Утга зохиолын төлөө” гэдэг дээд шагналыг олголоо. “Дэлхий монгол туургатны утга зохиол, соёлыг хөгжүүлэх буянт үйлсэд олон жилийн хичээл зүтгэлээ зориулсан гэгээн замналыг тань талархан үнэлж батламжлав” гэсэн байна лээ. Сайхан л санагдсан. 90 жилийн ойн баярын хурал дээр тавьсан До.Цэнджавын илтгэл гойд таалагдсан. Монгол хэл соёлын дархлаагаа манаж яваа зохиолч найрагчдын үнэлэмж туйлын бага байна, үүнд төр засаг тодорхой бодлогоор дэмжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн нь маш үнэн сонсогдсон. Энэ цаг үеийн найрагчдаас Төрийн Баянсан, Мулцангийн Уянсүх хоёр сайхан бичиж байна. Баянсан “Хаврын хөх цаснаар сэтгэлийн цагаанаа нисгэхүй” хэмээх надад зориулсан шүлгэндээ “Бүрх малгайтай тэр хүн үл танигдах

Үл танигдах атлаа эс мартагдах

Зүрх уярамхай тэр хүн үл холдох

Үл холдох атлаа эс олдох…” гэж бичиж өгсөн. Намайг болоод миний нутгийг мэдэрч бичсэн нь анзаарагдсан. Галсан гуай Баянсанг бас айхтар үнэлдэг. Өвөрхангайн манай Даваадаш ах байна. Уртай, буурьтай, ухаантай, авьяастай хөдөлмөрч хүн юм. Амархүү, Ишхүү хоёртойгоо би ойр явдаг. Миний шавь Даш-Очирын Агваан гэж гүндүүгүй эр бий. Анхны номыг нь би редакторласан ухаантай. Агвааны “Хос шарга” гэж манай Баасандоржийн дуулдаг сайхан дууг ард түмэн мэднэ дээ.

-Чинжиг, Билэгжаргал гээд хөгжмийн аваргуудтай та анд нөхдийн барилдлагатай явсан. Тэр хоёртоо зориулсан шүлгүүдээ “Цаглашгүй гэрэлт дорно”-доо оруулсан харагдана?

-Цэдэн-Ишийн Чинзориг, Халтарын Билэгжаргал хоёр бол яалт ч үгүй амины минь нөхөд байлаа. Ууж идэж, уймарт туймарч явсан он жилүүд бидэнд бий. Чинжигтэйгээ “Амин холбоо” гэж дуу хийгээд хоцорсон. 24 жилийн дараа Баянхонгорын хөгжимт драмын театрын дуучин, соёлын тэргүүний ажилтан Р.Болортуяа дуулж анхны цомогтоо оруулсан. Нэг удаа Чинжиг “Найзад нь Германаас нэг хүн ботинк бэлэглэлээ, үүнийг ирж мялаана уу” гэж утастдаг юм. Далим байхгүй юу. Тэгээд л би Төмөр замын байранд нь яваад очиж байгаа юм. Манай хүн хөгжим бичихдээ исгэрээд л өрөөн дотуураа алхаад байна. Холхиж холхиж байгаад л нэг ирээд сууна. Тэгж л “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Илдэн уулын цуурай”-гаа бичээ байлгүй. Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг дэлхийн хэмжээнд бичигдсэн гэдэг. Мань мэт нь яаж мэдэхэв. Бид хоёр “Нутгаа санаад” гэж хайлган сайхан бүтээл хийсэн. Билгээгээ дагаад хөгжмийн зохиолч, өөрийнх нь шавь Тараагийнд хамт очиж л байлаа. Намайг хэн юу гэж хэлэх бол, яачих бол гэж бодох юм байхгүй. Юмны араар нуугдах тийм нэг нэр хичээсэн жижиг зангүй, оюун санааны том ертөнц байж дээ. Алдаа оноо нь бусдын нүдэн дээр ил байсан. Өнөөдөр Билгээ шиг, Чинжиг шиг өөрөөрөө байсан том хүмүүс цөөрч дээ. Бид ч байгаараа байж чадахаа байж. Дандаа худлаа, хуурамч дүр эсгэсэн хүмүүс. Бүгд л духаараа харсан, нэгнээ нүүрнээс далдуур муулсан ийм л байх юм. Билгээтэйгээ, Чинжигтэйгээ, Эрдэнэ-Очиртойгоо суухад онгодыг авдаг байлаа. Жинхэнэ хүний сэтгэл гээчийг мэдэрдэг байлаа. Тэр аваргуудын дунд явснаараа өнөөдөр би хэдэн дууны шүлэг тэрлэхтэйгээ болсон л байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *