МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Хүдэрмөнхтэй ярилцлаа.
-Та утга зохиолд хэзээ хөл тавьсан бэ. Таны багш, мөн утга зохиолд дурлуулсан хүн гэвэл хэн байна?
-Байна аа байна, байлгүй яахав. Миний багш төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн. Алдарт “Хүрэн морь”-ны Лхамсүрэн. Харин намайг утга зохиолд хөтөлж оруулсан хүн гэвэл Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн хэмээх хоёр их найрагч. Ийм л хүмүүсийн ачаар би утга зохиолд хөл тавьж, оюуны их мастеруудын дунд орж ирж, өөрийн гэх өргөө гэрийнхээ буурийг тамгалж чадсан гэж боддог. Энэ хүмүүс намайг таньж, татаж авсан. 1974 онд Лхамсүрэн багш Дорнодод очлоо. Тэгэхэд би Дорнодын цахилгаан станцад нягтлан, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга байлаа. Аймгийн намын хороон дээр Лхамсүрэн багш очоод энэ зохиолчдын нэгдлийн дарга гэж ямар хүүхэд байна, тэр хүүтэй уулзъя гэж хэлсэн байгаа юм. Ер нь бол Баянхонгорын нэг залуу байгаа гэдгийг улс амьтны амнаас мэдчихсэн байсан юм билээ. Ингээд манайд очсон. Манайд байж байгаад Матадын сумын нэгдлийн ойд уригдсан юм. Үндсэндээ Дорнодод нэг сар болсон. Энэ хугацаанд л тэр аварга зохиолчтой би ойртож танилцах, “юм”-ыг зөөж өгөх ийм боломж тохиож байгаа юм чинь. Ганц нэг юм ойртуулж өгнө үү гэхээс тэр том зохиолчтой чинь зиндаархаж ярьж хөөрнө гэж байхгүй байлаа даа. Жудаг журамтай, ахас ихсээсээ айж, хүндэтгэдэг байж дээ.
Багш маань манайд гурилтай шөл идээд л мөн хээ шаагүй хүн байсан. Би шүлгээ уншина. Тэр үед яах вэ бас залуу ч байж, амихандаа цагаан шүлэг бичихгүй юм, арай өөр юм бичих юм шүү гэж үздэг байсан. Янз бүрийн дүрслэлтэй юмнууд бичнэ. Лхамсүрэн багш “За наадах чинь болж байна, чамд юм байна шүү, хүүхээ” гэнэ. Би нягтлангийн ажил албатай ч юм бичихийн хүслэнд автсан хүн чинь аймгийнхаа сонинд их юм бичдэг, Дорнодын сониныг бараг эзлээд авчихсан байсан. Сонинд юм бичнэ гэдэг шүлэг найраг оролдож байгаа хүнд маш том сургууль болдог. Их цэгцэрч өгдгийг би өөрөөрөө мэдэрсэн хүн. Сонины хадаас мэдээ сайн хийгээд байхад шүлэг аяндаа сайжраад ирдэг, арга байхгүй холбоотой эд.
-Дорнодын утга зохиолын нэгдлийг та олон жил удирдсан, тэрхүү он жилүүдээ дурсахгүй юу. Цэндийн Дамдинсүрэн гуай, дараахан нь Далантайн Тарваа гуай, Санжмятавын Дашдэндэв гуай гээд луугарууд Дорнодоос төрсөн?
-Миний үе чинь 1972-1982 он хүртэлх юм. Үндсэндээ наян хоёр онд санхүүгийн сургуульд суралцахаар хүрээд ирсэн. Миний үеийнхэн, аймгийн утга зохиолын нэгдлийн нөхөд минь гэхээр Дандарын Эльбрус байна. Кино үйлдвэрт байсан, мөн “Дөл” сонинд байлаа. Манай нэгдлийн гишүүн. Чойбалсанд тоглоод байдаг Амар гэж жүжигчин, дуурийн дуучин байна. Бас их шүлэг бичнэ, түүндээ өөрөө хөгжим хийгээд дуулна. Сайханбаяр гээд сүүлд “Утга зохиол” сонинд гэрэл зурагчин байсан тэр хэд минь манай гишүүд. Сүхбаатарын Ш.Долгорлхям байна. “Хос мөр” гээд номтой, бас манайд байсан. Гэлэнхүү гээд аймгийн үйлдвэрчний хороонд эвлэлийн дарга байсан. Сүүл үеийнхнээс миний шавь, соёлын гавьяат нэртэй орчуулагч Ж.Нэргүй байна. Монголын үндэсний телевизийн спортын сэтгүүлч Д.Батжаргал байна. Яруу найрагч Д.Ган-Очир байна. Энэ хоёр бол миний шавь сурагчид. Энэ хэд маань өнөөдөр нас нь тавь руу дөхчихөөд л байна, тэгэхээр би бол яалт ч үгүй эртний хүн болох гээд байна.
-Хүдэрмөнх ах, Та Нямсүрэнгээ их сайхан ярьдаг даа. Нямсүрэнтэйгээ манаргаж явснаа яриач?
-Нямсүрэн далаад оны эхээр Дорнодод очсон юм. Төрсөн ах нь Данзангийн Батсүх Эрээнцав өртөөний дарга байсан. Дүүгээ татаад авсан байхгүй юу. Дорнодын төмөр замд нягтлан байхад Нямсүрэн гэж намхан шар залуу намайг эрж сураад, хүн амьтнаас асуугаад анх ирж байсан. Өөрийгөө Эрээнцав өртөөний хүн гэж танилцуулж байж билээ. Намайг аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдгийг мэдээд уулзах гэж ирсэн нь тэр юм билээ. Би бол мундаг найрагч гэж ч мэдэхгүй, мөнгө цаасны ажилтай Эрээнцаваас явж байгаа юм байна гэж бодоод жаахан дөлсхийж уулзсаныг яана. Ингэж анх танилцаж байсан. Тэр чинь далан хоёр байна уу, далан гурван он байна уу. Нямсүрэн минь ингэж над дээр анх ирж байсан бол сүүлдээ би чинь Эрээнцав руу, Нямсүрэн рүүгээ өөрөө явдаг болсон. Вагонд суугаад л очно. Нямсүрэн хэдийд ч хүлээж л сууна. Манайх аймгийн төвд шинэ байранд байхад мань хүн Эрээнцаваасаа хүрээд ирнэ. Нямсүрэнг маллана гэдэг амаргүй. Ажилдаа явчихаад ирье, чи байж байна шүү гэж захиж үлдээгээд ажлаасаа ирэхэд байхгүй байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Зохиолч залуучуудтайгаа дарвиад алга болно. Тэр үед Ж.Нэргүй Ус сувгийн ерөнхий инженер байсан, тэр хэдээс баривчилж авна даа. Ингэж л бид хоёр Эрээнцав, Дорнодын хооронд хоёр биен рүүгээ хориод жил явсан юм. Олон сайхан шүлгээ тэнд бичиж, тэр нутгийг алдаршуулж, өөрөө ч тэр нутагтаа амь сэтгэлээ өгсөн юм. “Хаврын урсгал” ном нь гарахад хоёулаа ярилцаж байгаад Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчаар редакторлуулж байлаа.
-Та түрүүн хэллээ, намайг утга зохиолд хөтөлсөн хүмүүс бол Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж…?
-Пүрэвсүрэн намайг Баянхонгорын 10 жилийн сургуульд 5 дугаар ангийн сурагч байхад 10 дугаар анги төгсөж байсан. Манай дугуйлангийн дарга хүүхдийн зохиолч Р.Ядмаа гэж хүн байсан. Олон роман тууж бичсэн, орос хэл заадаг лут хүн байлаа. Пүрэвсүрэн 10 дугаар ангийн сурагч байхдаа манай сургуулийн утга зохиолын бүлгэмийн дарга. Сурагч байхын бие биенээ мэддэг маань ийм учиртай. Би Пүрэвсүрэнгээ багшаа гэж хүндэтгэнэ. Пүүжээ багш минь намайг Сүрэнжав найрагчтай танилцуулсан. Үндсэндээ найздаа намайг аваачиж өгсөн байхгүй юу. Зохиолчдын амьдрал үзүүлнэ гээд малчид руу явуулдаг. Пүрэвсүрэн Чойбалсан сумын малчинтай ойр байж, малчныдаа очно. Уран бүтээлийн ажлаа хийдэг байсан. Хүний хувьд их сайхан хүн байсан. Ноён нуруутай нэг сайхан хүн аваад ирээч гэвэл яалт ч үгүй Пүүжээг л аваад очно. Эрүүлдээ, согтуудаа нэг л зангаараа ийм л бодь амгалан хүн. Пүрэвсүрэн, Сүрэнжав хоёр огт салахгүй, дандаа цуг явна, ерөнхийдөө халамцуухан явна, их зовлонтой. Хотод Пүүжээгийнхээрээ их очсон. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр ирнэ. Би Дорнодоос ирнэ. Бид хоёр нэг нэг шөлний юм чирээд багшийндаа очно доо. Батбаяр бид хоёр чинь Зохиолчдын эвлэлд хамт элсэж байсан юм. Би чинь бүр сүүлд 1992 онд Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан хүн. Дүгэржавын Маам дарга байлаа.Бавуугийн Лхагвасүрэн орлогч байлуу даа. Эрх мэдлийн хүн байсан юмдаг. Цэндийн Чимиддоржийн багш Дундговийн Гүндсамбуугийн Төмөр гуай бид хамт элссэн юмдаг.
Тэгэхэд Сүрэнжав депутат байсан. Хурлын завсарлагаанаар ирж баяр хүргэж байсан. Сүрэнжавтай анх Дорнодод Халх голын ялалтын 40 жилийн ойгоор “Ерэн баатрын дууль”-аа уншиж байхад нь танилцаж байлаа. “Ерэн баатрын дууль”-ийг анх найрагчаас өөрөөс нь сонсчихоод энэ дууль шиг дууль бичнэ гэж бодож байлаа даа. 40 жилийн ойгоор Д.Урианхай, дипломатч Дамдины Бямбаа гуай энэ хэд очиж байсан юм. Сүрэнжав 40 жилийн ойн тухай радио нэвтрүүлэг хийсэн. Аймгаас намайг хамт хий гэж хэлсэн. 40 жилийн баяр эхлэхэд бидний бэлдсэн нэвтрүүлэг Улаанбаатараас Монголын радиогоор нэвтэрч байсан. Ингэж уран бүтээлийн нөхөд болсон. Дорнодын утга зохиолын нэгдлийн дарга байхад Сүрэнжав энд яруу найргийн зөвлөлийн даргын том албатай байсан, үндсэндээ төв аппаратын гол хүн. Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч томилолтоор очихдоо манайд очиж байсан. “Нар шингээгүй” өгүүллэг нь гарчихсан ид бичиж байсан үе нь. Сүрэнжав намайг захиж явуулсан юм билээ. Аймгийн намын хорооны товчоогоор оруулж утга зохиолын нэгдлийн эрхлэгчийг баталж байсан үе. Тэгэхээр намайгаа утга зохиолын луугаруудтай, Зохиолчдын хорооны эрх мэдлийн хүмүүстэй ойртуулж байсан юм билээ.
-Далантайн Тарваа, С.Дашдэндэв гээд Дорнодын луугаруудыг танаас асуумар байна?
-Тарваа гуайг бол би мэдэхээс цаашгүй дээ. Дорнодод очиход нь мэдээж уулзалгүй яахав. Гэхдээ манайхаар очихгүй шүү дээ. Нутагтаа очиж байгаа хүн чинь хамаатан саднаараа очно. Дашдэндэв гуай 1974 онд Зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд очиж байсан. Удвал дарга өөрөө очиж байсан юм. Сонин сонин хүмүүс очиж байж билээ. “Энэ чинь өнөө “Их буу” Дамдин шүү дээ” гэж Бааст гуай надад зааж байсан. Анчин, бөх судлаач, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн мундаг хүн байжээ. Ж.Дамдин гуайн “Үймээний жил” янзтай тууж шүү дээ. Зохиолч уншигчдын уулзалт дээр их л сонирхолтой юм яриад л, хүмүүс алга ташаад л сүйд байсан. Хожим мэдэх нь ээ, “Үймээний жил”-ээ л яриад байсан юм билээ. Утга зохиолд миний ойр явсан хүмүүсийн нэг СГЗ академич Хорлоогийн Сампилдэндэв. Уран зохиол судлалын гол ноён нуруу болсон энэ хүн намайг утга зохиолын дээд боловсрол эзэмшихэд минь багшилж байсан гол хүн юм. Миний үеийн олон шавь нартай даа. Надад их хайртай байсан. Аллдарт Барын Цэдэв, Ардын уран зохиолч С.Дашдооров энэ хэдтэй миний тухай ярьж байсныг Нэргүй хэлдэг юм. “Зандраабайды гуайн өрөөнд ороход тэр хэд байсан чамайг асуугаад яриад байсан” гэж хэлж байсан. Монголын уран зохиолын дээжис 108 ботийн эхний 8 боть гарах нь, шүлэг авч байна гэх яриа дуулдтал Сампил багш утас цохиод “Чи таван шүлэг товч намтартайгаа өгөөдөх” гэж билээ. Эхний 8 ботийн 2, 3 боть дамжуулаад миний шүлгүүд намтартайгаа гарсан нь Сампилдэндэв багшийн гавьяа. Хаа байгаа Дорнодын намайгаа мартаагүй байсан нь сайхан санагддаг.
-Тийм ээ, МУЗ-ын дээжис ботиос таны шүлгүүдийг уншаад цээжилж явлаа. Тэгж л хөдөөх сургуулийн сурагч таныг биширч байлаа. Сүүлд “Салхин бийрээр таталсан сарны сүү” номыг тань халуун сэтгэлийн үгтэй гардаж аваад уншиж бахдаж байлаа. Саяхан “Дуун хээтэй анир” гэж сайхан бүтээл гарчээ. Балжирын Догмид аваргаас аваад олон хүн үгээ хэлсэн байна. Ингэхэд таны анхны ном юу билээ?
-Дорнодод 1974 онд “Нялх айраг” гэсэн нэртэйгээр сэтгэлгээний шүлгүүдээ гаргасан. Улсын хэвлэлээр бол хэзээ хойно, залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарч “Хонгор толгод” ном гарсан. Энэ ном гарахад “Цадиг хууч” романы Готовын Нямаа гуайн тус байсан. Өмнөтгөлийг нь Пүрэвсүрэн багш бичсэн. Ванхүүгийн Батбаярын анхны ном “Цээжний морьд” бас гарсан. 2014 онд “Салхин бийрээр таталсан сарны сүү” гэж номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн. Тэр үед би Дорнодоос ирээд “Улаанбаатар таймс” сонинд Баянтунгалаг, Цэрэнжамц, зураач Байды энэ хэдтэйгээ ажиллаж байсан. “Дуун хээтэй анир” ном миний уран бүтээлийн бас том тайлан гэж хэлж болно. Балжирын Догмид маань өмнөтгөлд нь сайхан үг бичсэн. Догмид, Заяатын Ядмаа, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц бид хэд чинь санхүүгийн сургуулийнхан юм. Уран бүтээлийн дүү нар гэвэл их олон байна. Нэргүйгээс аваад бүгдээрээ толгой дээр цахиур хагалчихлаа. Бат-Орших, Дүгиймаагийн Батжаргал, манай Жамсрангийн Баяржаргал гээд олон сайхан дүү нар минь байна. Би чинь 1969-2009 он хүртэл 40 жил Дорнодод суусан. Тэндээс насны ханиа олсон, ном бүтээлээ гаргасан. Миний амьдрал бий болсон газар. Тэгэхээр намайг чинь Дорнодын Хүдэрмөнх гэхгүй яах юм бэ. Зарим нь сүүлд “Чи чинь Баянхонгорынх, бүр Бууцагаан сумынх юм уу” гэж гайхаж билээ. Уран зохиол яруу найргийн буянд олон сайхан нөхөдтэй явж ирлээ. Нэг л мэдэхэд нас минь 80 гараад явчихсан байх юм. Он жил яах ийхийн зуургүй л цахилаад өнгөрөх юм даа.
Хөөрөлдсөн Н.Гантулга