-ГАВЬЯАТ
МАЛЧИН Х.МАГСАРЫН МАЛЫГ МАЛЛАЖ, 500 ГАРУЙ МАЛТАЙ
БОЛСОН ЗАЛУУ ХОТНООС НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА-
Түрүүч нь 160
(4800), 161 (4801) дугаарт
А.Энхнастын хашаанаас хөдөлж голоо уруудлаа. Галуут багийн төв
эзэнгүй байх аж. Багийн төв дээр саяхан зассан болов уу гэмээр хоёр байшингаас
өөр юм алга. Багийн даргынх сумын төвд байдаг гэх юм билээ. Малчид “Уг нь баг
эзэнтэй, дарга малчдаа эргэж тойроод байвал хулгайчид танагтай байх болов уу.
Гэтэл төр төлөөлсөн газар нь эзгүй л байна шүү дээ” гэцгээж байв. Зам зуур
Б.Энхбаярын гэргий, дүү нар нь хонио хяргаж байхтай таарлаа. Өнгөрсөн хавар
Б.Энхбаярынх бас хоёр эр үхрээ алджээ. Энэ талаар Б.Энхбаярын эхнэр Д.Оюунгэрэл
“Манай хүнийг хонио эргүүлж явахад цагаан өнгөтэй машин энэ хавиар эргэлдээд
байсан юм билээ. Ойртоод очихоор явчихаад байсан гэсэн. Тэгтэл үдэш нь хоёр эр
үхрийг минь жалганд хөөж аваачаад хүлж, нэгийг нь махалчихсан. Нөгөөх нь
хүлгээгээ тасдсан бололтой гүйж ирсэн. Үхэр махалсан газарт хутга, машиныхаа
сэлбэгийг орхисон байсан. Цагдаа нар хутгыг нь гялгар уутанд хийгээд аваад
явсан. Генералын Хадаа гэгч нөхөр жил бүр машин сольж унаад энэ хавиар
эргэлдээд байдаг. Тэр эргэлдэхээр заавал айлын малд хулгай ордог юм. Ням гуайн
адуун дунд хүртэл яваад байсан гэнэ лээ.
Түүнийг дагаж хулгай хийсэн хоёр
хүүхдүүдийн нэг нутагтаа нэр хүндтэй мянгат малчны хүү юм билээ. Мянгат малчны
хүүхэд нэг голынхныхоо малыг хулгайлаад байхаар яах билээ” гэв. Энэ мэтээр
уулзсан хүн, очсон айл бүр малаа алдсан тухайгаа ярина. Хулгайчдын увайгүй
үйлдлийг жигшиж, зэвүүцсэн малчид “Тэдний малыг тэгж махалсан байна лээ”, “Тэр
гуайн малыг нядлаад аваад явахдаа арай ч дээ гэмээр болгож” гэх мэтчилэн ярьж
байсан. Хадаа Аяа гэдэг хөгшний хоёр үхрийг хулгайлж нядлахдаа өвчүүг нь
гэрийнх нь ойролцоох хадан дээр дэлгээд орхисон л гэнэ. Д.Үржингийн бухыг
алчихаад сэвсээр нь толгойг нь хуччихсан байсан гэцгээнэ. Бас тэдний азарга,
гүү хоёрыг алаад азарганых нь засааг гүүний толгойн дээр тавьчихаад явсан л гэнэ.
Малчдын ярьж байгаагаар дээрх хэрэг өнгөрсөн жил гарсан аж.
“ГОЛОМТООСОО ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ БАЙНА”
Бид Хэрлэн гол уруудаад гавьяат малчин Х.Магсарынд очлоо. Хоёр
хүү нь хойно, урд нь км орчмын зайтай саахалт зусч байгаа аж. Хоёр хөгшин,
туслах малчин залуутайгаа байдаг бололтой. Хотоос хоёр гөлгөн нохой авчирсныг
банхрууд нь дээрэлхэх янзтай байгааг гэрийн эзэн сонин болгож ярив. Хоттой хонь
руу нь хулгайч орсноос хойш Х.Магсар гуайн бие нэлээд дордсон гэнэ. Өвгөнийхөө
тухай “Сэтгэл санаагаар унахаар өвчин нь сэдэрчихдэг юм байна. Муу юм харснаас
хойш хэд хоног дуугаа хураасан. Ойрноос эмчилгээ хийлгэхээр явна” гэж хөгшин нь
ярив. Х.Магсар гуай Ховд аймгийн Булган сумын уугуул. 1970-аад онд хэдэн нялх
хүүхэдтэйгээ нэгдлийн мал маллахаар Баяндэлгэр суманд ирж байсан түүхтэй. Тэр
цагаас хойш Гүн галуут нуур, Хэрлэн голын хөвөөгөөр малаа маллаж, нутгаа шүтэж
яваа буурай. Сумын аварга малчнаар таван удаа шалгарч байсан юм билээ. Х.Магсар
гуай 1993 онд мянгат малчин болж байжээ. Тэрбээр зургаан өрхийг малжуулж,
гурван туслах малчинг ажлын байраар хангаж 2007 онд гавьяат малчин болжээ.
Тэднийх есөн хүүхэдтэй. Хоёр хүү нь мянгат малчин. Бусад нь суурин газар бизнес
эрхлэх нь эрхэлж, төрд ажиллах нь ажиллаж байгаа гэнэ.
Х.Магсар гуай болж өнгөрсөн явдлын талаар ярихдаа “Байсхийгээд л
малнаас нэг, хоёр хонь зүсээрээ дутаад байдаг. Малчин хүүгээ зэмлээд байтал
хулгайч шөнөөр ирээд шүүрээд явчихдаг байж. 13 хонийг минь нядлахаас хэд
хоногийн өмнө нэг шөнө хөгшнийг гарахад гэрийн гадаах тэргэн дор хоёр нөхөр
хэвтэж байж. Ямар учиртай хүмүүс болохыг нь асуугаад гэртээ оруулахад
“Нохойноос айгаад тэргэн дор чинь орчихлоо. Машин ойрхон эвдэрчихсэн. 10-ын
түлхүүр байна уу” гэдэг байгаа. Тэр хоёр нөхөр түлхүүр авч яваад төд удалгүй
авчирч өгсөн. Азаар малчин хүү минь машиных нь номерыг тэмдэглээд авчихсан юм
билээ. Түүний дараахан нь тавдугаар сарын 14-ний үүрээр бие засах гээд гартал
хоттой хонь байдаггүй. Сандраад эрэл болтол гэрийн араар туугаад Зүүн шандын
аманд сорчилж байгаад 13-ыг нядалсан байна лээ. Тэндээсээ Хөх овоо руу
хөөчихсөн. Хөх овооны хайрхан (чоно) 20 гаруй бог сэглэчихсэн байгаа юм. Тэдний
хийсэн үйлдлийг ярихад хүртэл жигшмээр. Хэрэг болсны дараа хүүхдүүд Багануурын
телевиз, радиогоор “Хулгайн талаар мэдээлэл өгсөн хүнд арван сая төгрөгийн
шагнал өгнө” гэж зар тараасан ч мэдээл орж ирээгүй. Харин малчин хүү минь дээр
ярьсан цагаан машины дугаарыг өгтөл хулгайчдын унаж явсан машин болж таарсан юм
байна. Ингээд хэрэг шалгагдаж байгаа” гэв. Сартай шөнө хоттой хонь туугаад
явахаар нохой хуцдаггүй юм байх даа гэж тодруулахад “Хулгайчдын нэг нь
манайхаас голомтоо бадрааж, малжсан айлын хүүхэд юм шүү дээ. Нэг ёсондоо
голомтоосоо эргэж хулгай хийж байна. Тэгэхээр манай нохой танилгүй яах вэ.
Таниад чимээ өгөөгүй юм билээ” гэлээ.
СЭЖИГТНҮҮД
ХЭН БЭ?
Гавьяат малчин Х.Магсарын малыг хулгайлсан хэрэгт гурван хүн
сэжигтнээр татагдаж байгаа. Тэдний хоёр нь Х.Магсарынхаас гадна А.Энхнаст,
Б.Энхбаяр нарын малыг хулгайлснаа хүлээжээ.
ТОЛГОЙЛОГЧ
ГЭГДЭЖ БУЙ ГЕНЕРАЛЫН ХАДБААТАР
Уулзсан малчин бүр түүнийг хадны мангаа шиг ярьдаг юм билээ.
Ямар сайндаа “Танихгүй хүн ороод ирэхээр Генералын Хадаагийн хамсаатан явж
байна уу гэж сэжиглэдэг болсон” гэцгээх вэ дээ. Түүний талаар үлгэр домог мэт
яриа малчдын дунд байх юм. Жил бүр машин сольж унадаг л гэнэ. Өнгөрсөн жил
портертой байсан. Энэ жил нэмээд соната-6 авсан гэцгээх юм билээ. Хадбаатарын
аавын тухайд олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Баяндэлгэрт шилжиж ирсэн
гэцгээж байсан. Ерөнхийдөө айлын мал маллаж байгаад цөөн хэдэн малтай болсон
айл юм уу даа. Одоо Хадбаатар ахтайгаа Багануур дүүрэгт амьдардаг аж. Тэрбээр
2011 оноос хойш малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа. Бичиг үсэг мэддэггүй
тэрбээр эрх ашгаа хамгаалахдаа гаргуун гэх юм билээ. Малчид энэ талаар
“Заргалдсаар байгаад дөрвөн цагдааг ажилгүй болгосон нөхөр, хэцүү хүн дээ”
гэцгээсэн. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад Г.Хадбаатар 2011 оны
нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ж-ын 12
адууг хулгайлсан үйлдэлд шалгагдаж байхдаа Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн
байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Д.Сандагбалиряг өөрийг нь
эрүүдэн шүүсэн гэж гомдол гаргаж байсан. Түүний гомдлын дагуу шүүх
Д.Сандагбалиряд тэнсэн харгалзах ял оноож байсан юм байна.
Г.Хадбаатарт холбогдох малын хулгайн дөрвөн хавтаст хэрэг
хуулийнханд бий. Хэд, хэдэн сумаар явж хулгай хийсэн гэх үйлдлүүдийг нь нэгтгэж
Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож Багануур дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар болжээ. Одоо тэрбээр Х.Магсарын 13 хонийг хулгайлсан
хэрэгт шалгагдаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Хадбаатар хэргээ
хүлээхгүй байгаа боловч хоёр сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж
явсан” гэж мэдүүлжээ.
Г.Хадбаатар 1986 онд төрсөн. Бага боловсролтой нэгэн юм байна.
Одоогоор тэрбээр гадуур шалгагдаж байгаа аж. Биднийг Багануур дүүргийн
цагдаагийн хэлтэст очиход гадна нь байсан хүмүүс “Сая Хадаа мэдүүлгээ өгчихөөд
явсан” гэцгээж байсан юм.
МЯНГАТ МАЛЧНЫ ХҮҮ Д.ТҮВШИНТӨР
Малын хулгайн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хоёр залуугийн
нэгийг Д.Түвшинтөр гэдэг. Түүний аав Баяндэлгэр сумын мянгат малчин. Насаараа
мал маллаж буй туршлагатай малчин. Нутаг усныхан нь ч ам сайтай юм билээ.
“Галуутад Д.Түвшинтөрийн аав, авга нарынх нь мал талаар нэг багширч байгаа.
Сүүлийн хэдэн жил малаа сайн өсгөсөн айл. Хүүхдүүд нь ч малын захад өссөн.
Малаа мянга гаргатал өсгөсөн айлын хүүхэд хулгай хийж, араатнаас дор авир
гаргасан гэхэд итгэмгүй” гэж малчид түүний тухай ярьж байна лээ. Авга ах нь
Баяндэлгэр сумын Тамгын газрын дарга. Д.Түвшинтөр 1991 оны аравдугаар сарын
13-ны өдөр төрсөн. 23 настай тэрбээр бүрэн дунд боловсролтой. Дунд сургуулиа
төгсөөд л мал дээр гарчээ. “Аав нь хүүдээ мал тасалж, унаатай болгосон. Хүнээс
дутахааргүй л элбэг хангалуун амьдардаг даа” гэж хөгшчүүд ярьж байна лээ.
Х.МАГСАРЫНХААС ГОЛОМТОО БАДРААСАН Д.НАЙДАНЛХАГВА
Д.Найданлхагвыг Галуут багийнхан Буядаа гэдгээр нь илүү таних
юм. Тэрбээр 1994 онд төрсөн. Бага боловсолтой. Түүний аав Х.Магсар гуайнхаас
голомт бадрааж, түүний үр хүүхэд шиг байсан гэж нутгийнхан нь ярьцгаах юм
билээ. Энэ талаар Х.Магсар гуай “Анх нялх хүүхдүүдээ хөтөлсөн, орон гэргүй
хүмүүс манайд ирж байлаа. Би хажуудаа гэр барьж өгөөд малынхаа ажилд туслуулдаг
болсон юм. Манай хажууд хоёр жил болоод хүүгийнд найман жил тусласан айл даа.
Хүүхдүүд нь хүүгийн минь хүүхдүүд шиг ижилсэж өссөн. Одоо ч зураг хөрөг нь бий.
Манайхнаас нүүхдээ хоёр гэр, хоёр мотоцикль, 300 гаруй ямаа, 170 хоньтой
болчихсон байсан. Тугалтай үхэр зааж өгсөн нь арав гаруй болтлоо өссөн.
Манайхаас бадраасан голомт нь хоёр болж, тасалж өгсөн мал нь 500 гаруй болж
өссөн нь тэр.”Мал ч өслөө. Тусдаа гаръя” гээд нүүсэн. Хүүхдүүд нь манайхаар орж
гараад л явдаг байсан. Мал төллөх үеэр нэг, хоёроор хонь дутаад байсан юм.
Тэгтэл Буядаа шүүрээд байдаг байж” гэж ярьсан.
Тэднийх одоо мянга шахам малтай, тэр голдоо боломжийн амьдралтай
айл юм байна.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН