Туркийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их сэтгэгч Фетхуллах Гюлен Францын өдөр тутмын “Ле Монд” сонинд бичсэн нийтлэлдээ хэт даврах үзэл, терроризмтой тэмцэх талаар дэлхий нийт хийгээд Мусульман шашинтнуудад хандан чухал ач холбогдолтой мэдэгдэл гаргажээ. Ислам шашны нэрийг барьж үйлдсэн террорист халдлагууд нь Мусульман шашинтнуудыг нийгмээс хөндийрүүлэхэд хүргэн Ислам шашны эсрэг сөрөг ташаа ойлголт, дургүйцлийг улам бүр гүнзгийрүүлж байгааг Гюлен өгүүлээд терроризмыг өөгшүүлж хамгаалсан шашин ерөөс байдаггүй болохыг нэмж дурдсан байна.
Тэрээр цааш нь дурдахдаа “Бид Мусульман шашинтнууд өөрсөддөө тулгараад буй асуудлуудаа олж харахад саад болсоор ирсэн хуйвалдааны онолуудаар шалтаглахын оронд асуудалд бодит байдлаар хандах хэрэгтэй юм. Бидний дотор оршин буй далд эзэрхэг хандлага, бие махбодын хүчирхийлэл, залуу өсвөр үеийнхнийг орхигдуулах байдал, мэдлэг боловсролын хомсдол зэрэг шалтгаануудаас үүдэн Мусульман шашинтай улс орнууд дарангуйлагч сэтгэлгээтэй бүлэглэлүүдийн цэрэг дайчид бэлтгэх үүр уурхай болоод байна уу гэдгийг өөрсдөөсөө бид асуух хэрэгтэй” гэжээ.
Хэт туйлшрах (даврах) урсгалуудтай тэмцэхэд Европ дахь Мусульман шашинтнуудын идэвхтэй үүрэг оролцоо хамгаас чухал байна. Одоо үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг үл харгалзан Мусульман шашинтай иргэд өөрсдийн амьдарч буй улс оронтойгоо нягт хамтран ажиллаж шашин нэгтнүүдээ нийгэмд нэгтгэх талаар илүү өргөн хүрээг хамарсан бодлого боловсруулахад хичээж ажиллах шаардлагатай юм.
Гюлены талаар Ле Монд сонин танилцуулахдаа түүнийг шинжлэх ухаанч, ардчиллыг дэмжигч, шашин хоорондын харилцан яриаг баримтлагч гэж дурдаад өмнө нь Эрдоантай (БНТурк Улсын одоогийн ерөнхийлөгч) ойр байгаад дуулиан тарьсан Их авлигын (2013 онд Туркийн эрх баригч намын нөлөө бүхий улс төрчид, тэдгээрийн хүүхдүүд, томоохон бизнес эрхлэгчдийн нэр холбогдсон авлигын хэрэг) хэрэг явдлын дараа Эрдоаны эсрэг байр суурьтай болсон гэж онцолжээ.
Туркийн хүмүүнлэгийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их сэтгэгч Фетхуллах Гюлены Парист болсон террорист халдлагатай холбоотойгоор Францын “Ле Монд” сонинд бичсэн “Бид Мусульман шашинтнууд сүсэг бишрэл, Ислам шашны талаарх ойлголтдоо үнэлэлт дүгнэлт өгөн дахин нэг магадлан үзэх шаардлагатай байна” гарчигтай нийтлэлийг бүрэн эхээр нь толилуулбал:
ИТГЭЛ БИШРЭЛИЙН БОДИТ ШАЛГУУР НЬ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛЫГ ХАМГААЛАХ НАНДИН ЧАНАР ЮМ.
ISIS (Ирак, Сирийн Исламын Улс) болон түүнтэй төсөөтэй бүлэглэлүүдийн хүний ёсноос гадуур харгислал үйлдсэн явдалд гүнээ эмгэнэж харамсаж буйгаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Эдгээр бүлэглэлийн мушгин гуйвуулсан өөрсдийн үзэл суртлаа шашинд тохож террорист халдлага үйлдэж байгаа нь 1.5 тэрбум Мусульман шашинтнуудын болоод миний сэтгэлийг гүнээ эмзэглүүлж байна. Бид Мусульман шашинтнуудын үүрэг бол нэг талаас эх дэлхийгээ терроризм гэгч гай зовлон, туйлшрал, хэт даврах үзлээс хамгаалахад хүн бүртэй гар нийлэн хөдлөх нөгөө талаас шашны маань сэв суусан нэр хүндийг цэвэрлэхэд оршино.
Хэдэн үг, бэлгэдлээр хийсвэр нэр цол өөртөө зүүх нь амархан хэрэг. Гэвч үүнийг батлах хүчин зүйл нь үг үйлдлээрээ тэр нэр цолныхоо бодит мөн чанаруудад хэр үнэнч байгаагаар хэмжигдэх юм. Итгэл бишрэлийн бодит шалгуур нь уриа лоозон барьж гоёж гоодох хэрэг огт биш бөгөөд энэ нь дэлхийн гол шашнуудын нийтлэг баримталдаг хүнийг эрхэмлэн дээдэлж хүний амь амьдралыг хамгаалах нандин чанараар тодорхойлогдоно.
Бид Мусульман шашинтнууд террорист этгээдүүдийн түгээн дэлгэрүүлж буй эзэрхэг үзэл суртлыг ор тас зэмлэн буруушааж түүний оронд цэвэр нандин, итгэл үнэмшлээр дүүрэн олон ургалч сэтгэлгээг хөхүүлэн дэмжихэд анхаарах хэрэгтэй юм. Хүний эрхэм чанар нь бидний удам судар, улс үндэстэн, шашин шүтлэг зэрэг үнэт зүйлсээс өмнө ирэх ёстой юм. Гэтэл иймэрхүү зэрлэг балмад үйлдлүүдийн үр дагаварт хүний эрхэм чанар л хохирч байна.
Парисын халдлагад өртсөн Францын иргэд, нэг өдрийн өмнө Бейрутэд амь үрэгдсэн Ислам шашны Шийт урсгалыг дагагч Ливаны иргэд, Иракт мөн адил зандалчдын золиос болсон Суннит урсгалын Мусульман шашинтнууд гээд юу юуны түрүүнд тэднийг эрдэнэт хүмүүс болохыг энд дурдах хэрэгтэй юм. Зовлонд нэрвэгдсэн хүний уй гашуу шаналлыг шашин шүтлэг, улс үндэстнийг нь үл харгалзан тэдний сэтгэл санааг ойлгон хуваалцахгүйгээр соёл иргэншилд дэвшил гарахгүй.
МУСУЛЬМАН ШАШИНТНУУД ХУЙВАЛДААНЫ ОНОЛООР ШАЛТАГЛАХЫН ОРОНД АСУУДАЛД БОДИТОЙГООР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Мусульман шашинтнууд бид өөрсөддөө тулгараад буй асуудлуудаа олж харахад саад болсоор ирсэн хуйвалдааны онолуудаар шалтаглахын оронд асуудалд бодит байдлаар хандах хэрэгтэй юм: Бидний дотор оршин буй далд эзэрхэг хандлага, бие махбодын хүчирхийлэл, залуу өсвөр үеийнхнийг орхигдуулах байдал, мэдлэг боловсролын хомсдол зэрэг шалтгаануудаас үүдэн Мусульман шашинтай улс орнууд дарангуйлагч сэтгэлгээтэй бүлэглэлүүдийн цэрэг дайчид бэлтгэх үүр уурхай болоод байна уу? Бид мусульман шашинтнууд хүний үндсэн эрх, эрх чөлөө, хуулиа дээдлэх ёсон, олон ургалч сэтгэлгээг тогтоон хэрэгжүүлж чадаагүйгээс болоод цөхөрсөн нэгнийг буруу замаар ороход хүргэв үү?
ТЕРРОРИЗМЫГ ЗЭМЛЭН БУРУУШААГААД НЭМЭР АЛГА.
Парист болсон саяын эмгэнэлт явдлаас шашны нэрийг барьж үйлдсэн энэ зэрлэг балмад халдлагыг жирийн Мусульман хүмүүсээс авахуулаад шашны зүтгэлтнүүд ч бас эсэргүүцэн зэмлэн буруушаах хэрэгтэйг сануулсан билээ. Одоо зэмлэн буруушаагаад ч нэмэргүй юм. Мусульман улс орнуудад залуу өсвөр үеийнхнийг террорист бүлэглэлүүдэд элсэхтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, шашны зүтгэлтнүүд хамтран үр дүнтэй ажиллах шаардлагатай байна. Террорист этгээдүүдийн эгнээнд элсэх бүхий л хүчин зүйлийг тооцон үзэж улс орнуудыг хамарсан хүчин чармайлт гаргах хэрэгтэй юм.
Аюултай, буруу замаар орох эрсдэлтэй залуу өсвөр үеийг эртнээс тодорхойлж гэр бүлүүдэд зөвлөгөө хийгээд өөр бусад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгох шаардлагатай. Бид мусульман шашинтнууд харьяалагдах улс орныхоо төр засагтай идэвх зүтгэлтэй хамтран ажиллаж терроризмтой тэмцэх ажиллагааг зохион байгуулах хэлэлцээрийн ширээнд суун санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй юм. Залуу өсвөр үеийнхнийг үзэл бодлоо ардчилсан замаар илэрхийлэх арга замд суралцуулах шаардлагатай байна. Ардчиллын үнэт зүйлсийг бага ангийн боловсролын хөтөлбөрт тусгаж өгснөөр ирээдүй хойч үеийг зөв сэтгэлгээтэй хувь хүн болж төлөвшихөд нь чухал ач холбогдолтой юм.
Иймэрхүү эмгэнэлт явдлуудын үр дагаварт хүчтэй эсэргүүцлүүд гарах нь дамжиггүй. Мусульман шашинтнууд болон шашны эсрэг мэдэгдлүүд мөн улс орнуудын зүгээс Мусульман шашинт иргэддээ аюулгүй байдлын үүднээс авах арга хэмжээнүүд нь ашиг тусаас илүүтэй хор уршиг дагуулах магадлалтай юм. Европ дахь Мусульман шашинт иргэд энх амгалан тайван орчинд амьдрах хүсэлтэй байна. Одоо үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг үл харгалзан Мусульман шашинтай иргэд өөрсдийн амьдарч буй улс оронтойгоо нягт хамтран ажиллаж шашин нэгтнүүдээ нийгэмд нэгтгэх талаар илүү өргөн хүрээг хамарсан бодлого боловсруулахад хичээж ажиллах шаардлагатай юм.
Бид Мусульман шашинтнууд сүсэг бишрэл, Ислам шашны талаарх ойлголтоо орчин үеийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал хийгээд тодорхой түүхэн үйл явдалтай уялдуулан хийсэн тайлбар эх сурвалжтай холбон магадлаж үзэж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна. Энэ нь Ислам шашны уламжлалаас тасарсан хэрэг огт биш юм, харин ч эсрэгээрээ хожим гаргаж болохуйц алдаа завхралаа ухамсарлан Гэгээн Элчийн маань үргэлж мөрдөж ирсэн Куран судар, түүний замнал сургаалуудыг дахин ил болгон хэрэгжүүлэх явдал юм.
ШАШНЫ МУШГИН ГУЙВУУЛСАН ТАЙЛБАРЫГ ХАЗААРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Шашны эх сурвалжийг мушгин гуйвуулж буруу зорилгоор ашиглах гэсэн тайлбар мэдэгдлийг хазаарлах хэрэгтэй юм. Мусульман шашинт эрдэмтэн мэргэд, сэхээтэн нар шашны эх сурвалжуудад нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай байна. Өнгөрсөн зуунуудад өөр өөр шашин, улс төрийн харьяалал бүхий этгээдүүдийн урьдаас дүгнэлт хийн хоорондын үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгавартай хандлагаас болж үүссэн урт хугацааны зөрчил мөргөлдөөний үед гаргаж байсан бодлого шийдвэрүүдийг ул суурьтай дахин нягталж үзэх хэрэгтэй юм.
Итгэл үнэмшлийг догматизмаас (өөрийн санааг хөдөлшгүй хэмээн зүтгэх хандлага) ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Мусульман шашинтнуудад нэгэн үе Сэргэн мандалтын үеийг авчирсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шашны ёс зүйнд тулгуурлан дахин сэргээх нь боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүчирхийллийг өөгшүүлэгч хэт туйлшрал, харанхуй бүдүүлэг ёсонтой иймэрхүү нөхцөл байдлаар л үр ашигтай тэмцэж болох билээ.
СОЁЛ ИРГЭНШЛҮҮДИЙН ХООРОНД БУС, ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛ ХАРАНХУЙ БУРАНГУЙ ЁСОНТОЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА.
Болоод өнгөрсөн үйл явдлуудын дараагаар соёл иргэншлүүдийн хооронд зөрчилдөөн дахин дэгдэж байгаа талаар зарим нэгэн хүмүүсийн дэвшүүлсэн таамаглалыг би харж сууна. Энэ хүмүүсийг нэг бол зөгнөсөн үү эсвэл эргэцүүлэн бодсон уу гэдгийг нь би хэлж мэдэхгүй юм. Харамсалтай нь энэ байдал нь террорист бүлэглэлүүдэд илүү ашигтайгаар эргэж байгаа юм. Би нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Энэ нь одоо болж байгаа дүр зураг бол соёл иргэншлүүд хоорондын зөрчилдөөн бус, хүн төрөлхтний соёл иргэншил харанхуй бурангуй ёсонтой зөрчилдөж байгаа хэрэг юм.
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД МУСУЛЬМАН ШАШИНТНУУД Ч ГАР БИЕ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ЮМ.
Одоо тохиолдоод буй төвөгтэй цаг үед Мусульман шашинтнуудын хүлээх үүрэг хариуцлагын тоонд асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох явдал юм. Мусульман шашинтнуудын амь нас, эрх чөлөөг хамгаалж итгэл үнэмшил үл хамааран бүх хүн төрөлхтний сайн сайхан амар амгалангийн төлөөх ариун үйлс хэрэгт бодит хувь нэмэр оруулахыг хүсч байвал терроризм гэгч аюулын эсрэг улс төр, эдийн засаг, нийгэм соёл, шашин шүтлэг гээд өргөн хүрээгээр тэмцэх шаардлагатай байна.
Бид мусульман шашинтнууд эрдэм ухаантай хувь хүн болохын хувьд үг үйлдэл, амьдралаараа бусдад үлгэр жишээ болж шашны эх сурвалжийн хэт туйлширсан тайлбар номлолыг үгүйсгэн буруушааж тэдгээрийн залуу өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөлөлд сонор сэрэмжтэй хандан бага ангийн боловсролын хөтөлбөрт ардчиллын үнэт зүйлсийг тусгаснаар терроризм, гэмт хэрэг хүчирхийлэл болон түүний үндэс дарангуйлах үзэл сурталтай тэмцэж болох юм.
Францын өдөр тутмын “Ле Монд” сонинд гарсан нийтлэлээс орчуулав.
Г.Олдохзаяа