Categories
мэдээ нийгэм

Мөс цөмөрснөөс залуус Хар-Ус нуурт осолджээ

Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын “Бөөр” гэдэг газарт залуус машинтайгаа цөмөрч, живсэн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Ховд аймгийн төвөөс 102 км, сумын төвөөс 10 км-т иргэн О /29 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/, нар 39-31 УНЯ улсын дугаартай “Мазда камель” загварын автомашинтай Хар-Ус нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч живсэн байна. Хэрэг гарсан талаарх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 25 иргэн эрэлд морджээ. Харамсалтай нь иргэн О нуурын эргээс нэг км-т осгож нас барсан байжээ. 25 настай Б-ийн цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөс цөмөрсөн хэсэгт нуурын усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим байжээ. Залуус нуурын эргээс 500 метр орчимд осолдсон байна.

Гэнэтийн осол аваар, гамшигт үзэгдлийн улмаас Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааг улсын хэмжээнд 2015 онд 459 удаа явуулж, 823 хүний амь насыг аварч, 108 хүн нас барсан байх юм. Харин гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол 13 удаа бүртгэгджээ. Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа гэнэ. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *