Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх хэрэг илэрч буй бололтой. Үүнийг ойрын үед өрнөж буй үйл явдлуудаас тодорхой харж болохоор байгаа юм. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байна. Хэргийг маш нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж мэдэгдсэн нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримттайгаар тогтоожээ гэж ойлгогдохоор байгаа юм. Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булганаас эхлүүлээд Э.Бат-Үүл, Орхон аймгийн харьяа Т.Чимгээ, Содномдаржаа нарыг хэрэгт яллагдагчаар татаж шалгаж байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлээд нэгэнт эхэлсэн. 18 жилийн турш С.Зориг агсны үхэлтэй холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л уг хэргийн эзэн холбогдогч тогтоогдож шүүхийн байгууллагад очих болж буй нь сайн ч бас эргэлзээ дагуулсан олон асуулт байна.
Хэргийн холбогдогч гээд буй тэр хүмүүс С.Зоригийн амь насыг үнэхээр хөнөөв үү. Тэдний үйлдэл яаж нотлогдож байгаа вэ. Зүгээр ажлаа хийж явсан малчин, тогооч нарт С.Зоригийн амь насыг хөнөөх ямар хэрэгцээ шаардлага гарав. Малчин, тогооч хоёр ярилцаад эсвэл толгойд нь ийм адын бодол төрөнгүүт С.Зоригийн амийг очоод хөнөөчихсөн хэрэг үү. Тэдэнд С.Зоригийн амийг хөнөөх бодол төржээ гэж бодъё. Хөдөөний залуус “Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд шууд “40 мянгат”-ыг олоод тэр тусмаа С.Зоригийн амьдарч байсан байрыг мэдээд, гэрт нь түүнийг алахаар отож байсан гэдэг нэг л үнэмшил муутай. Тэгэхээр тэднийг “40 мянгат” руу, С.Зоригийн амьдарч байсан байр руу хөтөлж аваачсан, гэрийг нь хэн нэг нь зааж өгсөн байж таарах нь. Малчин, тогооч хоёрыг ийм хэрэг хийхэд нь турхирсан, тулгасан цаад захиалагч нь хэн бэ. Түүнийг тогтоосон уу. Яавч жирийн нэг малчин, тогооч хоёр ямар ч учир шалтгаангүйгээр С.Зоригийн амийг хөнөөх сэдэл төрөхгүй. Тэд ийм ноцтой хэрэг өдүүллээ гэхэд юуны тулд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж таарах вэ. Тэдэнд ямар ашигтай гэж.
Түүнчлэн 18 жилийн дараа Б.Булганыг дахин цагдан хорьж саатуулсан нь зориуд буруу мэдүүлэг өгч, худал ам зураг гаргуулан нөхрийг нь хөнөөсөн алуурчдыг сул чөлөөтэй байлгасаар ирсэн буруутай хэмээн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн үздэг. Б.Булган тухайн үед мэдүүлэхдээ “Миний нөхөр Зоригийг хөнөөсөн алуурчид нь эр эм хоёр хүн байсан. Батаа, Оюунаа гэж биe биeнээ дуудаж байсан “гэж мэдүүлж, цагдаагийнхан түүний тодорхойлсноор ам зураг гарган улс орон даяар тарааж байв. Б. Булганы мэдүүлгийн бас нэг анхаарал татсан зүйл нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэлсэн үг. Тэрбээр “Эрдэнэтийн эхлэл шүү гэж хоёр алуурчид хэлсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байсан бөгөөд энд аллагын гол зангилаа нуугдаж байсан байж болохыг хуулийнхан үгүйсгэдэггүй. Яагаад “Эрдэнэтийн эхлэл шүү” гэж хэлэв. “Эрдэнэтээр битгий оролдоорой” гэж хэлсэн үг үү, чухам юу гэсэн үг вэ гэдэг нь өнөөдөр ч таамаг хэвээр байна. Зөвхөн энэ үгнээс болж Орхон аймгийн хоёр иргэнийг хорьж энэ хэрэгт нялзаав уу. Мөрдөн байцаалтын явцад энэ зүйл яаж эргэж, хэрхэн тайлагдаж байна вэ гэх мэтээр олон нийтийн тайлж харахыг хүссэн олон зүйл байна. Ингээд бодохоор 18 жил Батаа, Оюунаа нарыг хайж хуулийнхан төөрөгдөлд орсон нь бас ямар шалтгаантай байв. Тэгэхээр хэргийг бүхэлд нь маш нууц гэж халхавчлалгүйгээр боломжтой хүрээнд хуулийнхан тайлбар өгмөөр байгаа юм.
Түүнчлэн дараагийн нэг эргэлзээ бол С.Зориг агсны хэрэгт яагаад Орхон аймгийн иргэдийг шалгах болов. Хуулийнхан энэ хэрэг илэрч байгаа, удахгүй шүүхэд шийлжүүлнэ гэж буй бол тэднийг ямар нотлох баримтын үндсэн дээр сэжиглэж буй юм бол хэмээн олон нийт хийгээд сэжигтнүүдийн ар гэрийнхэн гайхаж байгаа юм. С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татагдан баривчлагдсан иргэн Т.Чимгээ, Содномдаржаа нарын ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн билээ. 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр буюу нэг өдөр Содномдаржааг хашааных нь гаднаас, Т.Чимгээг ажилдаа явах замд нь саатуулсан гэж хэлсэн юм. Энэ үеэр Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Миний хүүд 2014 оны хагасаас эхлээд дарамталсан, чамайг ална, хядна, танайхыг сүйрүүлнэ, чи С.Зоригийн хэрэгт холбоотой биз дээ гэх мессэжүүд ирэх болсон. Тэр мессэжүүдийг цуглуулж хэвлүүлэхэд 28 хуудас болж байгаа. Тухайн үед хэвлүүлсэн мессэжүүдээ цагдаагийн байгууллагад өгч, шалгаж өгөхийг хүссэн. Гэтэл цагдаагийн байгууллага тоогоогүй. Ингээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүүг минь гэрийнх нь гаднаас дөрвөн том хар машинтай хүмүүс ирээд баривчлаад аваад явсан. Хүү рүү маань хүн амины хэргээр хоригдож байгаа н.Амгаланбаатар гэгч мессэж бичиж дарамталдаг байсан юм шиг байна лээ. Тэр хүний худал гүжир гүтгэлгийг үндэслэн хүүг минь хориод байна. Дээдэс дундаас гарсан тэр аймшигтай хэргийг малчин, ногоочин жирийн ард иргэдэд үүрүүлэх гэж байна. Хүү минь 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр аавтайгаа хадлангаа хийж байсан. Хүү маань хэрэг гарах үед гэртээ байсан гэдгийг би өөрөө гэрчилнэ. н.Амгаланбаатар гэгч нь хөрш зэргэлдээ амьдарч байсан бөгөөд олон жилийн өмнө нүүж явснаас хойш хүүтэй минь холбоогүй байсан” хэмээжээ. Харин Т.Чимгээгийн нөхөр нь н.Амгаланбаатарын холын хамаатан юм байна. Т.Чимгээ рүү мөн 2014 оноос дарамталсан утгатай мессэж ирж эхэлсэн гэж. Түүний ах Т.Хүрэлбат “1998 онд манай дүүгийнх Дорноговь аймагт амьдарч байсан. Нөхөр нь Эрдэнэтийнх учраас 1998 оны 10-11 дүгээр сарын үед Эрдэнэт рүү шилжиж байсан юм билээ. Тухайн үед дүү маань гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм нялх хүүхэдтэй эмэгтэй аймшигтай хүн амины хэрэг хийнэ гэж байх уу. Хүний санаанд багтахгүй байгаа биз дээ. С.Зоригийн хэргийг хэн нэгэнд үүрүүлэх процесс л яваад байна. Ингэхийн тулд дарамтлах арга хэрэглэж байгаа” гэв.
Харин олон нийт хэн нь худал, хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй бас л төөрөгдөлд орох бололтой. Ар гэрийнхэн нь барим тавим ингэж мэдээлэл хийж байхад манай хууль хяналтынхан ямар ч холбоогүй хүнд хэрэг тохох гээгүй байгаа гэсэн найдлага үлдлээ. Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын эхээр сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын ерөнхий прокурор бол төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг” хэмээсэн. Тэгэхээр хуулийнхан алдаагүй байх гэдэгт найдахаас өөр боломж үлдсэнгүй. Тэгээд ч ямар ч хэргийн талаар улсын Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд прокурорын байгууллагаас эрх мэдэлтнүүд байн байн зарлаад мэдээлэл хийгээд байдаггүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч хэлж байна, прокурорууд удаа дараа албан ёсны мэдээллийг олон нийтэд өглөө, тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдэж, мөрдөн байцаалтын шат дуусаж одоо хэргийг шүүх явц эхлэх нь гэж ойлгож болох нь. Гол нь прокуроруудын удаа дараа мэдэгдсэнчлэн төрийн нууцын зэрэглэлтэй баримт, материалууд хавсаргагдсан хэрэг учир шүүх хурал хаалттай болох нь тодорхой. Эх сурвалжаас авсан мэдээллээр ирэх долоо хоногт шүүх рүү шилжих юм байна. Зарим УИХ-ын гишүүн энэ шүүх хуралд нууцыг задруулахгүй гэсэн гарын үсэг зурж оролцох хүсэлтээ хуулийн байгууллагад илэрхийлээд байгаа гэх мэдээллийг ч бид авлаа. Гэвч энэ шүүх хурлыг нээлттэй болгох хүсэл олон хүнд бий. “Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй явуулсан шиг дээрх хэрэгтэй холбоотой зарим нэг зүйлийг нээлттэй явуулж яагаад болохгүй гэж.