Categories
мэдээ цаг-үе

МҮОНТ-ээр яривал хууль зөрчдөггүй, бусад хэвлэл мэдээллээр ярьж, бичвэл нууц задруулсан болно гэдэг нь чөлөөт хэвлэлийг дорд үзсэн хэрэг

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг олон нийтэд ил болгох тухай бичгийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад хэдхэн хоногийн өмнө явуулсан.Үүний дагуу С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт холбоотой баримт бичигт төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрчээ. Тэгвэл уг зөвшөөрлийн хүрээнд өчигдөр буюу энэ сарын 22-ны МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, С.Зоригийн хэрэгтэй холбоотой ярилцлага өгсөн юм. Тодруулбал, тэрээр ярилцлагынхаа эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэглэлд хамруулсан хэрэг материалаас тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон байгаа. Тэгэхээр би өнөөдөр таны асуусан асуултад энэ хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан тодорхой баримт сэлтийг дурдаж, хариулах ийм боломж олдож байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүний дагуу дараахь хариултыг би танд өгөх боломжтой. 18 жилийн дараа энэ хэрэг яагаад илэрсэн бэ гэж байна. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч явуулсан.

Энэ ажиллагааны үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд шалгаж, цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” хэмээн сэтгүүлчийн “Яагаад 18 жилийн дараа гэнэт хэрэг илрэх болов” гэсэн асуултад хариу өгөв. Ингээд үүний дараагаар тухайн хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан гэх С.Зориг агсны гэргий Б.Булганы хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг, яллагдагч нар хэргээ хүлээсэн тухай дөрвөн видео бичлэг зэргийг дэлгэв.

Эдгээр зураг, бичлэгүүдийг МҮОНТ-ээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацвал нууц задруулсан хэрэгт орж хуулийн хариуцлага хүлээнэ гэлээ

Хамгийн гол нь энэхүү мэдээллийнхээ төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нэгэн мэдэгдэл хийсэн нь ардчиллын дархлаа болсон хэвлэл мэдээллийн эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл боллоо. Тодруулбал, Ж.Сандагсүрэн “Хэдийгээр бид нууцын зэрэглэлээс гаргаж байгаа тодорхой баримтуудыг дэлгэж байгаа ч гэсэн энэ баримтууд маань өөрөө хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, ил гаргах, цааш түгээх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай учраас цаашаа дамжиж задрах тохиолдолд хуулиар хориотой гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй” гэв. Энэ мэдэгдэл нь үнэндээ хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулахад хүрэв. Энэ мэдээллээр бол зөвхөн МҮОНТ-ээр цацна бусдаар нь болохгүй гэж хэнд ч шууд ойлгогдохоор байна. Учир нь нийслэлийн прокурорын ийм өндөр албан тушаалтан тодорхой хэд хэдэн баримтуудыг орон даяар олон нийтийн телевизээр видео бичлэг, зураг хөрөгтэй нь цацсан хэрнээ бусад хэвлэл мэдээллийнхнийг цааш энэ тухай ярьж, бичихийг хориглоно гэж хэлдэг нь ямар учиртай юм бэ. Энэхүү мэдээлэл Youtube хуудсанд хүртэл тавигдсан бөгөөд маш олон мянган хүн үзээд байна. Тэгэхээр бас YouТube-ийг хуулийн хариуцлагад татна гэсэн үг үү. С.Зоригийн хэрэг олон нийтийн анхааралд бий.Тиймээс Монголын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн сэдвээр шинэ бүхнийг мөн л алдалгүй уншигч, үзэгчдэдээ хүргэхийг хүсч байгаа. Гэтэл ганцхан МҮОНТ-ээр тухайн нууцын зэрэглэлд багтах баримт сэлттэй мэдээллийг дэлгэрэнгүй хүргэчихээд бусдыг нь хавьтуулсангүй, хариуцлага хүлээлгэнэ хэмээн сүржин дарамт хийж, илт доромжиллоо.

Энэ мэдэгдэл нь нийт сэтгүүлчдийн үзэг, дэвтрийг булааж, телевизийнхний камер, микрофоныг хурааж авсантай агаар нэг юм. Гэтэл ардчилсан сэтгүүлзүйн үнэт зарчим нь иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитойгоор, шуурхай хүргэх юм шүү дээ.

Гэмт хэргийг үйлдэгч тухайн үед С.Зоригийн эхнэр Б.Булганыг ариун цэврийн өрөөнд ингэж амыг нь дарж хүлсэн гэх мэдүүлгийн бичлэгээс

ТУХАЙН ПРОКУРОР НЬ “ЦАГИЙН ХҮРД-ЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙХДЭЭ ЭХЛЭЭД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН

Үнэхээр нэг телевизээр цацчихсан мэдээллийг бусад нь түгээх тохиолдолд эрхийг нь хуулиар хязгаарласан байдаг гэж үү? Энэ талаар Монголын хуульчдын холбооны хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.


-мүонТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өчигдөр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлд хамрагдах баримтыг дэлгэсэн. энэ үеэрээ энэхүү нууцын зэрэглэлд багтсан мэдээллийг мүонТ-ээс бусад мэдээллийн хэрэгслүүд цааш түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн. хуульд ийм ялгаварласан зүйл заалт байдаг юм уу?

-Миний ойлгосноор, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга тодорхой гэмт хэрэгтэй холбоотой зарим баримт, мэдээллийн талаар ярьсан байна. Ингэхдээ прокурорын ярьсан баримтыг прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр задруулах, түгээх хориотой, тийнхүү задруулсан буюу түгээсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай гэж ярьжээ. Энэ нь эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулахтай холбоотой эрх зүйн асуудал ярьсан гэж ойлгогдож байна.

Эрүүгийн хуулийн 257.1-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан бол хуулийн хариуцлага тооцох тухай заасан байдаг. Ингэхдээ эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулсан гэдэгт тухайн мэдээ баримтыг задруулахгүй гэж үүрэг хүлээсэн буюу гарын үсэг зурсан этгээдийн зүгээс хариуцлага хүлээнэ гэсэн үг. Товчхондоо гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан хүмүүст хамааралтай.

Өөрөөр хэлбэл, прокурорын нийтэд мэдэгдсэн мэдээ, баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх нь Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 189 дүгээр зүйлийн зохицуулалттай зөрчилдөхгүй байна.

Хууль тогтоомжоор аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан үйл явдлын мэдээг бусад нь мэдээлэхэд ялгаварласан зүйл болохгүй. Бүгд мэдээлэх эрхтэй.

-Энэ хүнийхээр бол бусад хэвлэл мэдээллийнхэн чимээгүй байх ёстой юм шиг. угтаа бидний хэвлэн нийтлэх эрх ашиг зөрчигдөж байна шүү дээ?

-Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, нийтлэлийг олон нийтэд хүргэхтэй холбоотой харилцааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зохицуулсан.

Энэ хуулийн 11.1-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгоно”, 11.5-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно” гэж заасан.

Энэ нь прокурорын зөвшөөрснөөр, түүний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн мэдээ баримтыг аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэх, түгээхтэй харшлахгүй.

Прокурорын ярьсан зүйл нь эрүүгийн хэргийн мэдээ баримттай танилцсан хүмүүст л илүү хамааралтай л даа. Гэхдээ мэдээллийг цааш түгээх гэж хэлснээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад хориг тавьсан мэт ойлгогдож байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуульд “өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийх”-ийг гэмт хэрэгт тооцсон.

-Түгээж болохгүй юм бол Youtube-тэй бас хариуцлага тооцох уу. олон мянган цахим хэрэглэгч, уг мэдээллийг нь түгээж байгаа жиргээчдэд хариуцлага тооцох уу бас?

-Нэгэнт нийтэд ил болсон мэдээ баримтыг бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр, тухайлбал интернэт дэх дүрс бичлэгийг түгээх, хуваалцах нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөхгүй. Дашрамд хэлэхэд, Youtube, Facebook, Twitter гэх мэт сувгуудын хувьд тухайн нэг улсын хууль тогтоомжийг хүндэтгэн үздэг бөгөөд өөрийн гэсэн дүрэм, журамтай байдаг. Youtube-ээс бичлэг устгуулах зэрэг асуудал нь түүний өөрийн дүрэм, журмаар зохицуулагддаг.

Дахин тодотгоход, прокурорын зүгээс үндэсний телевизээр эрүүгийн хэргийн зарим мэдээ баримтын тухай ярьсан нь зөвхөн прокурорын зөвшөөрснөөр, прокурорын бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж байгаа хэлбэр гэж ойлгогдож байна. Харин тухайн прокурор “Цагийн хүрд”-ээр тодорхой мэдээ баримт ярихын өмнө прокурорын зөвшөөрлийг танилцуулах, үүнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг дэлгэрэнгүй ярих нь зүйтэй байжээ.Үүгээрээ тухайн хүн буруу ойлголт төрүүллээ гэв.

Үүнээс гадна хуульч, өмгөөлөгчид дээрх мэдээллийг хэтэрхий нэг талыг баримталсан төдийгүй хэрэг шийдэгдээгүй байхад зөвхөн яллагч талыг баримталж ярилаа гэх шүүмжлэл ч байна.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *