Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” наадмын ёслол УДБЭТ-т өчигдөр боллоо. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодрууллаа. 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдсөн юм. Энэ үеэр тус наадмын “Шилдэг хөгжимчин”-ээр шалгарсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, МУҮИТ-ын хөгжимчин, хуучирч Э.Цэндсүрэнтэй товчхон ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Шилдгийн шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022”-ын шилдэг хөгжимчин болсонд баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр маш их баяртай байна. Өдийг хүртэл зөвлөдөг эрхэм хайртай багш нартаа баярлалаа. Ажлын хамт олондоо талархъя. Төрүүлж өсгөсөн ижийдээ, тэнгэрт дэвшсэн аавдаа баярлалаа. Охин нь чадсан шүү, аав аа. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.
-Та хэдэн жил хуучир хөгжмөөр хичээллэж, суралцаж байна вэ?
-Ер нь би өөрөө урлагийн гэр бүлд төрж, өссөн учраас төрөхөөсөө л хөгжим, дуу хууртай ойр явсан гэж ойлгож болно. Харин хөгжимчин болгосон хүн маань Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор П.Мөнгөнцэцэг багш маань юм аа. Мөн олон сайхан багш маань байгаа. Бусад мэргэжлийг мэдэхгүй юм. Урлагийн хүний, уран бүтээлч хүний мэргэжил сурч дуусдаггүй байх гэж боддог. Насан туршдаа суралцсаар л байна. Насан туршдаа хөдөлмөрлөж явах байх. Учир нь авьяас гэдэг зүйл өөрөө шавхагдашгүй булаг гэж төсөөлдөг. Тиймээс нөөц нь дуусдаггүй уурхайн уурхайчин нь урлагийнхан юм болов уу гэж боддог. Хуучир хөгжим маань миний биеийн нэгэн эд эс юм даа.
-Хуучир хөгжмийн сайхан нь юу вэ?
-Хуучир эмэгтэй хүний хоолойтой их төстэй. Хуучир хөгжмөөр дамжуулан хүнийг уяраах, дотоод мэдрэмжээ хөглөх, илэрхийлэх увдистай гэж боддог. Хөгжим бүр өөрийн гэсэн онцлогтой, би хуучраар дамжуулан өөрийнхөө хоолойг гаргаж байгаа юм шиг санагддаг. Хөгжмийн зэмсэг гэхээс илүү сүнстэй, хүн ч юм шиг мэдрэмж төрдөг. Хуучир их ааштай хөгжим, өдөр бүр давтахгүй л бол маш хурдан мэддэг. Хамгийн нандин зүйл нь дотоод дууллыг хүргэж чаддагт оршдог. Хуучир хөгжим эхлээд надад хүн байхыг заасан, намайг хэзээ ч давраалгүй даруу, тууштай байхыг заасан. Хөгжмөөрөө хүмүүжиж байгаа гэж боддог.
-Хөгжмөөр хүний сэтгэлд хүрэхийн тулд юу чухал вэ?
-Хөгжимчин хүн өөрөө маш баялаг ертөнцтэй байх хэрэгтэй. Учир нь зохиол бүр ямар нэг санаа, дүрийг хүмүүст хүргэх зорилготой. Ном бол уншаад, зураг бол хараад ойлгочихно. Хөгжмийг хүн төсөөлж л ойлгоно. Хөгжмийн зохиолчийн хэлэх гээд байгаа санааг хөгжимчин өөрийн ертөнцөөр баяжуулаад сонсогчдод хүргэнэ гэдэг маш нарийн ажил.