Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Төгсбуян “Сурагч нас” нэртэй үзэсгэлэнгээ энэ долоо хоногт Хүүхдийн ордонд гаргасан юм. Энэ жил сургуулиа төгсөх тул үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ. Тэрээр хоёр дахь удаагаа өөрийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож буй юм. Г.Төгсбуян хүү өнгөрсөн жил буюу 11 дүгээр ангидаа “Алхам” нэртэй анхныхаа үзэсгэлэнг гаргасан билээ. Уран бүтээлч хүүг “Өдрийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.
Залуухан зураач маань энэ жил 16 настай. Цэцэрлэгт байхдаа л зураг зурж эхэлсэн гэнэ. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд бүгд л зурдаг. Харин Г.Төгсбуянгийнх цаанаа л өөр байжээ. Дөрвөн настайдаа “Тулалдаан” зургаараа Хүүхдийн ордноос зарласан уралдаанд оролцож шилдэг 20 бүтээлд шалгарсан байна. Дөрвөн настай жаахан хүү юу дүрсэлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Харь гарагийн мангасууд хэрхэн дайтаж байгааг харуулсан бүтээлээ одоо болтол хадгалж байдаг гэнэ. Г.Төгсбуян 12 жил зураг зурж байгаа. Энэ хугацаанд бүтээл нь хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоход зургийн түвшин дээшилсэн гэв. Өөрт нь хүртэл мэдрэгддэг аж. Бүтээлүүдээ реалист хэмээн тодорхойлж, бодит амьдралаас сэдэвлэн уран бүтээлээ туурвина хэмээж байв. Сүүлийн үед хөрөг нэлээд зурах болсон. Цуг сурдаг бүх хүүхдээ зураад “Сурагч нас” үзэсгэлэндээ тавьжээ. Ангийнхан нь үзэсгэлэнг үзээд бүгдээрээ Г.Төгсбуянг магтаж, өөрсдийг нь зурсныг хараад ихэд баярлажээ. Төгсөхдөө ангийнхандаа хөргийг нь бэлэглэнэ гэсэн бодолтой байгаа гэнэ.
“Сурагч нас” үзэсгэлэндээ Ш.Төгсбуян хөрөг, амьтан, байгалийн зургаас гадна өөрийнхөө сийлсэн дөрвөн морин хуур, хоёр товгор сийлбэрийг тавьжээ. Технологийн багш Доржсүрэн нь анх санал болгож наймдугаар ангиасаа эхлэн сийлбэр хийж байгаа.
Залуухан зураач маань айлын отгон хүү. Эгч, ах хоёр нь МУИСийн оюутан гэнэ. Аав, ээж, ах, эгч нь бүгдээрээ түүнийг дэмждэг. Ээж, аав хоёрынхоо хөргийг зурсан боловч өөрт нь таалагдаагүй гэнэ. Тэднийхээ зан чанар, сайхан сэтгэл, дотоод ертөнцийг нь гаргаж хараахан чадаагүй аж. Тиймээс тэдэндээ зургаа үзүүлээгүй. Мундаг зураач болсон хойноо аав, ээж хоёрынхоо хөргийг дахин зурах гэнэ. Өөрийнхөө бүтээлүүдээс “Охины хөрөг” нэртэй зургийг хамгийн сайн нь гэж боддог. Зурсан арга барилдаа сэтгэл нь ихэд хангалуун байдаг тул түүнийгээ анхныхаа үзэсгэлэнд тавьсан байна.
Үзэсгэлэн гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Сурагч байхдаа үзэсгэлэнгээ гаргасан хүүхэд маш цөөхөн. Энэ их ажлын ард зургийн багш Батбаяр болон аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр гарчээ. “Сурагч нас” үзэсгэлэнд тавигдсан хоёр ч бүтээл нь зарагдсан байна. Мөн Г.Төгсбуянгийн таньдаг хүмүүс, фэйсбүүкийн найзууд нь захиалга өгч хөргөө зуруулдаг гэж байгаа.
Залуу зураачид маань Италийн нэрт уран бүтээлч Леонардо да Винчигийн бүтээл маш их таалагддаг гэсэн. Ялангуяа хөрөг зургуудынх нь өнгө. Г.Төгсбуян тэр өнгийг гаргах гэсэн боловч хараахан чадахгүй байгаа аж. Харин Монголын зураачдаас Марзан Шарав хамгийн их таалагддаг. Түүний бүтээлээс жинхэнэ монгол үнэртдэг хэмээн ярьсан юм. Г.Төгсбуян энэ жил СУИС-ийн дэргэдэх Дүрслэх, дизайн урлагийн сургуульд шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа юм байна. Монголын урлагийн ертөнцөд удахгүй бас нэгэн шинэ од гийж, шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.