Өнгөрөгч шөнө Оросын сөрөг хүчний томоохон лидер ,“РПР Парнас” намын үүсгэн байгуулагч, Ярославль мужийн Думын гишүүн Борис Немцов Москва хотын төв гудамжуудын нэг болох “Большой Москворецкий мост”-оор алхаж яваад буудуулж амь насаа алдлаа. Түүнийг 23-н настай Украинаас ирсэн Анна хэмээх бүсгүйтэй цуг гүүрэн дээр алхаж явах үед цагаан өнгийн хөнгөн тэргээс бууж ирсэн залуу дөрвөн удаа буудаж амийг нь хороогоод зугтсан гэж РИА Новости мэдээлж байна.
Борис Немцов 1959 онд төрсөн, ерээд оны үед Нижегород мужийн амбан захирагчаас ОХУ-ын ерөнхий сайдын орлогч хүртлээ дэвшин Б.Ельцингийн залгамжлагч болох хүн гэтлээ яригдаж байсан нэгэн бөлгөө. Түүний эхнэр Раисагийн хэлснээр бол Немцовыг сүүлийн үед ална, хорооно хэмээн хэн нэгэн заналхийлж байсан бололтой. Москва хотын цагдаагийнхан энэ хэргийг ойрын хугацаанд илрүүлнэ хэмээн амлаж байна.
Б.Хулан