Categories
мэдээ цаг-үе

Монголоо сурталчлах их аянд мордсон “Газарчин”-ы залуус

Монгол Улсын эдийн засгийн
тэргүүлэх гурван салбарын нэг
аялал жуулчлалын салбарын
топ компаниудыг оюутан цагийн
нэг ангийн шижигнэсэн залуус
удирдаж байна. “Гайхамшигт
говь” аялал жуулчлалын
холбооны үүсгэн байгуулагч,
ангийн дарга Н.Ариунсанаа,
“Жуулчин” ХХК-ийн Япон
зах зээл хариуцсан менежер
О.Очгэрэл, “Амикус трэйвэл”
ХХК-ийн гүйцэтгэх захирал
Н.Даваасүрэн, “Монгол тэмээ”
корпорацийн үүсгэн байгуулагч
З.Энхбаяр, “Mongolia trekking”
ХХК-ийн менежер Ц.Ууганбаяр,
“Бамбай секьюрити сервис”
ХХК-ийн аялал жуулчлал
хариуцсан менежер С.Ялалт,
“Азур скай трэйвэл” ХХК-ийн
Ц.Мандахсоёмбо, Морин
аялал зохион байгуулагч
А.Батсайхан, “Газарчин” дээд
сургуулийн гүйцэтгэх захирал
М.Гүндэгмаа гээд л тэдний нэрс
хөвөрнө. Монголоо сурталчлах
хариуцлагатай хийгээд хүндтэй
аянд ангиараа мордсон
“Газарчин” дээд сургуулийн 2002-
2006 оны Г.Юмчмаа багштай
Газар зүй, аялал жуулчлалын
ангийнхныг энэ удаагийн “Нэг
ангийнхан” буландаа урилаа.
Манайд 2000-аад оны эхээр
аялал жуулчлалын салбар ид
эрчээ авч, Монголын сайхан
орноор аялахыг хүссэн жуулчдын
хөлд дарагдаад байсан үе.
Жуулчдыг хүлээж авах, хөтөч
хийх, сонирхолтой маршрут
зохиох, тав тухтай аялуулах
мэргэжлийн боловсон хүчний
хэрэгцээ ч нэмэгджээ. Улсын,
хувийн гэлтгүй бүх их, дээд
сургууль аялал жуулчлалын
ангийг нээж элсэгчид зуу,
зуугаар элссэн байдаг. Яг тэр
үеийн, ирээдүйд чухам ямар
мэргэжилтэн болохоо нарийн
тогтож ойлгоогүй ч жуулчдыг
дагуулаад Монгол орныхоо
сайхан байгалийг гайхуулах
сонирхолтой 17, 18 настангууд
өнөөдрийн манай зочид.
Ямар сайндаа л жил гаруй
сурчихаад “Газар зүй, аялал
жуулчлалын ангийг төгсөөд
байгаль хамгаалагч болдог”
гэсэн хэн нэгний хэнэггүй үгэнд
итгээд багш дээрээ бөөн уур
болоод “Бид байгаль хамгаалагч
болмооргүй байна” гээд давхиад
очиж байхав. Харин өнөөдөр тэд
өөрсдийгөө жинхэнэ байгаль
хамгаалагч гэж нэрлэдэг юм
байна. “Жуулчин, хөтөч нар
хэзээ ч байгальд хог хаядаггүй.
Харин явсан газар бүрийнхээ
хогийг түүж, цэвэрлээд явдаг.
Аялал жуулчлалын салбарыг
олон нийт бүрэн гүйцэд
ойлгоогүй байна. Гэхдээ төр
засгийн хэмжээнд энэ салбарт
анхаарч эхэлсэнд талархууштай.
Аялал жуулчлалын хөтөлбөрүүд
батлагдаж, энэ салбарыг
олон улсын түвшинд хамтран
хөгжүүлэх эхлэл тавигдлаа.
Дэлхий нийтийн Торгоны зам
хэмээх шинэ бүс рүү Монгол
Улс нэгдлээ” гэж ангийн дарга
Н.Ариунсанаа ангийн түүхээс
эхэлсэн салбарынхаа асуудлыг
хөнгөхөн дурдав.
Монтажны зургийн
наймаанд өртсөн нь
Эдний ангид анх 57 хүүхэд
элсчээ. Харин төгсөхдөө 20-уулаа
байв. Дээр өгүүлсэн залуусаас
гадна Н.Баясгалан, Т.Уранчимэг,
н.Амаржаргал, З.Цацрал,
Э.Золжаргал, С.Ундрах,
Ө.Ундрах, Б.Номинчимэг,
Э.Номинчимэг, н.Ялалтбаатар,
н.Бадармаа,н. Өлзийсайхан,
н.Сангарайжав, н.Сувдбаяр,
н.Зоригт, н.Батбямба,
н.Баатархүү, н.Насанжаргал,
н.Март, н.Энхсаруул, н.Бэхээ
нар нэг төгсөлт.
Уламжлал ёсоор сургууль
төгсөгчид монтажны зураг
авахуулдаг. Нэг насаараа анги
хамт олноо дурсах гол зүйл
нь зургийн цомог. Г.Юмчмаа
багшийн ангийнхан 2006 онд
төгсөх хавраа хүн бүр мөнгөө
хураалгаад монтажны зургаа
авахуулжээ. Хөгжилтэй нь тэд
монтажгүй төгссөн. Монтажны
зураг авах нэртэй бяцхан
луйварт өртсөн байж л дээ.
Тэгээд яаж монтажгүй үлдэхэв
гээд ангийн дарга тухайн үеийн
ангийнхныхаа зургийг нэг
бүрчлэн цуглуулаад монтаж
болгож эвлүүлээд 10 жилийн ойн
уулзалтаараа тараасан гэдэг.
Мастер үсчин
Золжаргал,
мангаст “хувирсан”
Мандахсоёмбо
Салбартаа нэр хүндтэй
ажиллаж байгаагийн хувь
зохиол сургууль, багш нартай
холбоотой хэмээн ангийнхан
юуны өмнө онцолж байсан юм.
“Газарчин” дээд сургуулийг
үүсгэн байгуулсан газар зүйн
салбарын тэргүүлэх эрдэмтэн,
ардын багш Ш.Шагдар, анги
удирдсан багш Г.Юмчмаа,
н.Алтанчимэг, н.Нямгэрэл нарыг
бахархан дурсана лээ.
Амьдрал гэдэг баялаг.
Эзэмшсэн мэргэжлээрээ бүгд
ажиллах эсэх нь ардчилсан
энэ нийгэмд өөрийн сонголтын
асуудал юм. Өөр салбарт нэр
хүндтэй ажиллаж, амьдарч яваа
залуус ч энэ ангид олон байна.
Оюутан байхаасаа дотуур
байрныхаа хүүхдүүдийн үсийг
үнэгүй засч дадлага хийдэг
байсан Э.Золжаргал эдүгээ
Монгол Улсын мастер үсчин
болжээ.
“Газарчин” дээд сургуулийн
захирал Д.Наранзулыг оюутан
ангийнхан нь боловсролын
салбарт ажиллана, багш болно
гэж төсөөлөөгүй гэж байна.
Гэтэл тэдний төсөөллийг
эвдэж, мэргэжлээрээ ирээдүйн
боловсон хүчнийг бэлтгээд
зогсохгүй сургуулиа удирддаг
болсон нь бахархалтай. Ангийн
найз Д.Наранзул нь саяхан
Боловсролын тэргүүний ажилтан
болсонд ангийнхных нь зүгээс
халуун баярыг дамжуулсныг
дуулгая. Дуу цөөтэй М.Гүндэгмаа
манай томоохон дээд
сургуулийн сургалтын албанд
ажилладаг бол ангийн анд Бэхээ
ч боловсролын салбарт нэр
хүндтэй ажиллаж байна. Тэрээр
Өмнөговь аймгийн дөрөвдүгээр
сургууль анх байгуулагдах үеэс
ажилласаар тэргүүлэх зэрэгтэй
багш болж чаджээ.
Газар зүй, аялал жуулчлалын
ангийнхан төрөл бүрийн
авьяастай гэнэ. Батсайхан,
Наранзул, Ундрах, Цацрал
нар цэнгээнт бүжгийн “Улаан
сарнай” хамтлагийн салбарын
бүжигчид байсан бол ангийн
дарга Н.Ариунсанаа хөнгөн
атлектикийн дэд мастер цолтон
байж.
Оюутан насны дөрвөн
жил гэдэг баяртай, гунигтай,
дурсамжтай. Анх 57-уулаа
элссэн газар зүй, аялал
жуулчлалын ангийнхны
нэрсийг журнал дээр бичихэд
хөгөлсөн нэг явдал болжээ.
Ц.Мандахсоёмбыг журналд
тэмдэглэхдээ ангийн даргын
чих “хадуурч” Мангассоёмбо гэж
сонсоод биччихэж. Эхний улирал
дуустал мангаст “хувирсан”
Мандахсоёмбо хоёрдугаар
улирлаасаа сая л нэг эцэг, эхээс
өгсөн алдараараа дуудуулдаг
болсон гэнэ.
Даян дээрхийн агуйг
зорьсон эрсдэлтэй
дадлага
Аялал жуулчлалын мэргэжил
өөрөө бас адал явдалтай гэж
байна. Ангийнхан анх сургуульд
элсээд л хээрийн аялал, дадлага
гээд л явж өгдөг байж. Айлын эрх
танхил, ууртай, хэрсүү зантай
охид, хөвгүүдэд олон удаагийн
дадлага ээлээ өгч зангидсан
гар шиг нэгдмэл хамт олон
болгосныг тэд дурсан ярьж
байна.
Тэр үеийн оюутнууд дадлагад
гарахдаа “53” машинд ачигдаад
дуугаа дуулаад гарцгаана.
Хөвсгөл аймгийн нутаг Даян
дээрхийн агуй орчимд нэг удаа
дадлагаар явахад ихээхэн бороо
оржээ. Уулын налуугаар өгсөж
явсан машин гулсаад байснаас
жолооч оюутнуудыг машинаас
буулгажээ. Тэгээд цааш явтал
машин нь гулссаар хариугүй
онхолдох дөхөж. “Машин маань
хажуу тийшээ гулгаад нэг
талаараа унах дөхсөн. Бид юу ч
бодолгүй гүйж очоод машиндаа
зүүгдчихсэн. Нэг хэсэг нь доороос
нь тулсаар тогтоож чадсан.
Хэрэв тэгж тогтоогоогүй бол
машин маань уулын уруу 200-
300 метр руу өнхрөх эрсдэлтэй
байсан” хэмээн ангийн анд
Н.Даваасүрэн ярилаа.
Тэд бас мэргэжлийнхээ
салбартаа шинийг бүтээхээр,
эх орноо жуулчдад сурталчлах
шинэ санаачилгыг дэвшүүлэн
урам зоригтой ажиллаж буйгаа
ярьсан юм. Дэлхийд ховор хоёр
бөхтэй монгол тэмээгээр аялал
зохион байгуулах төслийг 2016
оноос санаачлан амжилттай
хэрэгжүүлж байгаа гэж “Монгол
тэмээ” корпорацийн үүсгэн
байгуулагч З.Энхбаяр өгүүлсэн
бол “Аялал жуулчлал бол
хамгийн хүртээмжтэй салбар.
Зөвхөн нэг хэсэг хүн үүнээс ашиг
хүртдэггүй. Нисэх буудал, зочид
буудал, хоол хүнсний үйлчилгээ,
орон нутаг, малчид гээд жуулчин
явж байгаа бүх газар ашиг
хүртэж байдаг. Тиймээс энэ
салбарыг улам илүү хөгжүүлэх
зорилготой” хэмээн “Амикус
трэйвэл” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Н.Даваасүрэн даруухан
өгүүлсэн. Хүүхэд байхаасаа
аялах дуртай, оюутан байхдаа
“Эх оронч монгол хүүхэд хөх
цэрэг” аяллын маршрутыг анх
зохиосон “Mongolis trekking” ХХК-
ийн менежер Ц.Ууганбаяр тусгай
сонирхлын аялал жуулчлалыг
хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж
явна.
Охид оо, аялах эрх чинь
хүчинтэй хэвээрээ шүү!
Оюутнууд нийлээд компани
байгуулсан түүхийг тэд бас
ярьсан юм. Ариунсанаа,
Ууганбаяр, Даваасүрэн нар
нийлээд жуулчдыг орон сууцанд
хүлээж авдаг “Last minute tour”
гэх компани байгуулаад хоёр
жил амжилттай ажиллуулжээ.
Бас тэд төгсөх жилээ аялал
жуулчлалын салбарын бүх их
дээд сургуулийн оюутнуудын
дунд зохиогдсон шилдэг
бүтээлийн шилжин явах цомын
уралдаанд “Мартагдсан цөл”
гэх бүтээл хийж тэргүүн байр
эзэлснээ бахархан дурсав.
Энэ дашрамд тэд охиддоо
нэгэн зарыг түгээв. 2016 онд
болсон ангийн 10 жилийн
уулзалтын баяраар аяллын
сугалааг ангийхны дунд
явуулжээ. Ангийн гурван бүсгүй
Манжуур, Байгаль далай, говь
руу аялах эрхийн эзэн болсон
байна. Гэвч охид нь ар гэр,
үр хүүхэд гээд аялалдаа явж
амжаагүй байдаг аж. Тиймээс
“Аялах эрх чинь хэвээрээ байгаа
шүү, охид оо” гэсэн билээ.
“Газарчин” дээд сургуульдаа
2002 онд 57-уулаа элсээд 20-
уулаа төгссөн ч хамгийн анх
журнал дээр тэмдэглэсэн 57
хүүхдийн нэрсээр нэг анги хэмээн
ангийн дарга Н.Ариунсанаа
болон бусад нөхөд нь сэтгэлдээ
дурсдаг ажээ. Тиймээс хэзээ
нэгэн цагт бөөнөөрөө уулзахын
ерөөл тавин бидний ярилцлага
өндөрлөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *