“ӨДРИЙН СОНИН”-Ы ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ С.АЛТАНЦЭЦЭГ ТОКИОД АЖИЛЛАЖ БАЙНА–
Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” Монгол Улсад болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж уншигч олондоо хүргэдэг. Бид дэлхийн хамгийн халуун цэг болох Иракт буун дуу тачигнаж байхуйд сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайг газар дээр нь ажиллуулж бүх мэдээллийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэнд хүргэсэн юм.
Өнгөрөгч хавар Малайзад амиа алдсан бүсгүйн талаар “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, Монголын нэртэй сэтгүүлчдийн нэг Г.Дэлгэрцэцэгийн цуврал материал хэвлэгдэж байв. Мөн Улаан-Үд, Тува, Хөх хотын цуврал тэмдэглэлүүд “Өдрийн сонин”-д хэвлэгдэн хүн төрөлхтний болоод Монгол туургатны оюуны толь нь “Өдрийн сонин” гэдгийг дэлхий даяар тунхагласан билээ. Дэлхийн бүх улс, аль ч цэгт “Өдрийн сонин” редакцийн томилолт өгч өөрийн зардлаар сэтгүүлчдийг бүх л халуун цэгт томилон ажиллуулдаг юм. Энэ удаа “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт чөлөөт цагийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Алтанцэцэг Япон улсын нийслэл Токио хотноо ажиллаж, Монголын нэртэй сумочид болоод Сумо бөхийн холбооны удирдлагаас ярилцлага авч буй юм. “Өдрийн сонин” сэтгүүлчдээ өөрийн зардлаар редакцийн томилолт өгч ажиллуулдаг билээ.
АНУ-ын зүүн болоод баруун эрэгт манай сонины тусгай сурвалжлагчид ажилладаг. Дэлхийн ихэнх хотуудад “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нар ажиллаж тухайн тив, улс оронд болсон мэдээллийг ард түмэнд түргэн шуурхай хүргэдэг юм. Ингээд Токио хотод ажиллаж буй сэтгүүлч С.Алтанцэцэгийн мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.
Ирэх жилийн башёг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Би 15 настай байхдаа Японд ирж сумогийн ертөнцөд хөл тавьсан. Жаахан хүүхэд байхаас минь өдий зэрэгтэй болгосон газар шүү дээ. Тэгэхээр сумогийн ертөнцөд би их өртэй хүн байгаа юм. Тэр өрийг сайн барилдаж төлнө. Ирэх жил миний хувьд жинхэнэ утгаараа ач хариулах барилдаануудыг үзүүлэх ёстой гэж бодож байгаа. Сумод хөл тавихад тосож авсан, бэлтгэл дээр зааж сургаж байсан ах бөх, багш нарынхаа ачийг барилдаанаараа хариулах ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Одоо би дээд амжилттай зэрэгцэж ирсэн болохоор тэр ачийг бүрэн дүүрэн хариулж чадаагүй байгаа гэсэн үг. Нэг ёсондоо төгс болж чадаагүй байна. 32 түрүүг 33, 34 болгож байж ачийг хариулсанд тооцогдох байх. Ингэхийн тулд ирэх жилийн барилдаанд улам илүү хичээх болно. Саяхан би тойргийн барилдаанаар Осака явчихаад ирлээ. Тэгсэн тэндхийн хүмүүс “Ирэх нэгдүгээр сарын Токиогийн башёг өнжөөд гуравдугаар сард болох Осакагийн тэмцээний үеэр шинэ рекорд тогтоогоорой” гэж хэлж байна лээ. Гэхдээ мэдээж хэрэг тоглоомоор хэлсэн үг л дээ.
-Одоо таны өмнө эвдэгдээгүй ямар дээд амжилтууд байгаа вэ?
-Бүх л дээд амжилтуудыг шинэчилж байна даа. Хоёрхон рекорд үлдээд байгаа. Дараалан 69 давж чадаагүй байгаа. Миний хувьд 63 дараалан давчихсан. Тэгэхээр дараалан 69-өөс дээш давахыг зорьж байна. Мөн озеки Кайо хамгийн олон даваатай бөхийг тэргүүлдэг. 1047 даваатай. Миний даваа найман зуу дөнгөж гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр амжилтыг шинэчлэхийн төлөө зүтгэнэ дээ.
-Таныг дэвжээгээ өвлөж авах санамж бичигт гарын үсэг зурсан гэж сонссон юм байна?
-Тийм зүйл ёстой байхгүй. Хаанаас ийм яриа гараад байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ Монголд үе үе тиймэрхүү яриа гарч байдаг. Японы зүүд, мөрөөдөл гэх үгийн ханз их гоё зурлагатай. Би гарын үсэг зурахдаа их ашигладаг. Бас хааяа их, дээд болон бага сургууль дээр очиж лекц уншихдаа мөрөөдлийн тухай ярих дуртай. Яагаад вэ гэхээр би Японд анх ирэхдээ сумогийн аварга болно гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлчихсэн. Манайхны сайхан үг бий шүү дээ. Санаж явбал бүтнэ гэж. Мөрөөд гэсэн үг байх л даа. Тиймээс би маш олон зүйл мөрөөддөг. Надад биелсэн мөрөөдөл бий, биелээгүй нь ч байгаа. Энэ тухай би их ярьдаг юм. Тэр олон мөрөөдлийн минь нэг Японы Гинза дүүрэгт өөрийн гэсэн дэвжээтэй болох. Гинза бол орчин үеийн, хамгийн гоё дүүрэг. Өртөг өндөртэй, гадаадын зочид ихтэй. Тэнд нэг давхар нь тэр чигтээ шилэн цонхтой, бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг гаднаас нь хэн ч харж болохоор тийм дэвжээ байгуулах юмсан гэж боддог. Олон жилийн түүх, уламжлалтай Японы үндэсний спортыг хүссэн хүн бүрт нээлттэй байлгах үүднээс ингэж мөрөөддөг. Тэр тухай Японы сонин дээр хэвлэгдсэн юм.
Хакухо М.Даваажаргал Тайхо аваргын хөшөөнд очиж хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Японы хэвлэл мэдээллийнхэн цугласан байсан юм. 2014.12.16-ны өдөр 14.10цаг
Түүнийг л манайхан буруугаар ойлгочихсон бололтой. Угаасаа би сумогоор барилдахаас өөр зүйл хийж чадахгүй шүү дээ. Сумогоор миний урд гарах хүн байхгүй байх. Ийм зүйлээс намайг холдуулж, салгаж ойлгож болмооргүй санагддаг. Бас нэг мөрөөдөл байна. Тэр нь аав, хүү хоёр хоёулаа олимпийн дэвжээн дээр гарна гэж. 2020 онд зуны олимпийн наадам Токиод зохиогдоно. Миний аав 1964 оны олимпод эх орныхоо нэрийг дуудуулж байсан. Тэгэхээр хүү нь Токиогийн олимпийн нээлтэн дээр аваргын ёслол хийдэг ч юмуу ямар нэгэн байдлаар гарах юмсан гэж мөрөөддөг. Таван жилийн дараа гэж бодохоор жаахан хэцүү санагдаж байгаа. Гэхдээ яахав дээ мөрөөдөл юм чинь.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тухайд ямар нэгэн алхам хийж байна уу. Олимпийн наадмыг зохион байгуулах комиссынхонтой уулзах ч гэдэг юм уу?
-Зохион байгуулах албаны даргатай уулзсан. Шинзо Абэгийн өмнөх Ерөнхий сайд Мори гэж хүн бий. Тэр хүнтэй уулзсан. Шуудхан хэлээгүй л дээ. Гэхдээ энэ тухай эндхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн удаа гарсан. Ер нь олимпийн наадмын нээлтийн үеэр эх орныхоо өв уламжлалыг сурталчилдаг. Тэрэнд нь сумо орох болов уу гэсэн горьдлого бий.
-Таныг иргэншлээ солих болов уу, сумогийн холбооноос дарамтлаад эхлэх болов уу гэж харж байгаа. Тийм яриа ч гарчихсан байна лээ?
-Японд 20 түрүүлсэн бөх өөрийнхөө нэрээр дэвжээгээ өвлөж авах эрхтэй байдаг. Таканохана аварга гэхэд өөрийнхөө дэвжээг Таканохана гэж нэрлээд өвөлж авсан байх жишээтэй. Тайхо аварга дэвжээнийхээ нэрийг Китаноми дэвжээг өвөлж авсан. Тийм болохоор үүрэг даалгавраа биелүүлчихээр, дэвжээ өвлөж авах нөхцөл бүрдэхээр сэтгүүлчид янз бүрийн зүйл асууна. Сумогийн холбооноос энэ тухай асуухаар Китаноми ерөнхийлөгч “Дэвжээ өвлөх гэж байгаа хүн Японы иргэншилтэй байх ёстой” гэж хэлдэг. Ерөнхийд нь сануулаад л өнгөрч байгаа юм. Түүнээс биш иргэншлээ ав, тэгэхгүй бол зодог тайлуулна гэж дарамтлаад, шахалт үзүүлээд байх юм байдаггүй. Би нэг ярилцлага өгөхдөө хэлсэн байгаа. Соль гэхээр сольчихдог зүйл иргэншил биш гэж. Үнэхээр тийм шүү дээ. Хувь хүний л асуудал.
-Тэгвэл та ямар бодолтой байгаа вэ?
-Би шуудхан хариулж чадахгүй байна. Их хэцүү асуудал л даа. Үнэхээр л соль гэхээр сольчихдог зүйл биш. Гэхдээ би өөрийгөө азтайд тооцдог. Эх сайхан монгол орондоо төрж өсөөд энд ирээд амжилт гаргаж байгаа минь ховорхон хувь заяа. Би Монгол хүн. Сумогийн ачаар өдий зэрэгтэй явж байгаа болохоор хоёр улсынхаа гүүр болохыг хичээдэг. Тэр дундаа сумотой салшгүй холбоотой ажиллана. Миний нэрэмжит Хакухо цомын тэмцээн манай хоёр улсад зохиогддог. Энэ тэмцээн соёлын гүүр болж байгаа бас нэг хэлбэр. Би багаасаа биеэ даан нүд тайлсан. Хүүхэд байхаасаа гадаад ертөнцтэй танилцаж, олон зүйл мэдэрсэн хүн том болохоороо эх орноо ямар нэгэн хэмжээгээр авч явах болно доо гэж боддог. Хакухо цомын тэмцээнд оролцож байсан хүүхдүүдээс Жюрё зиндаанд барилдаж байгаа хүүхэд бий. Тэмцээн үр дүнгээ өгч байгаагийн баталгаа. Тиймээс одоогоор Японы иргэн болно, болохгүй гэж ярина гэдэг хэтэрхий эрт байна.
-Аав тань ямархуу бодолтой байдаг бол. Танд юм хэлдэг үү?
-Яг иргэншлийн тухай ярих цаг ирвэл тухайн үед нь юм хэлэх байлгүй. Одоохондоо тийм яриа гараагүй л байна. Харин интернэтэд бичсэн байгааг, зурагтаар гарч байгааг харахаар сэтгэл эмзэглэж л байлаа. Намайг юу юугүй Японы иргэн болчихсон мэт бичих юм. Яагаад ийм яриа гараад байдаг юм бол доо гэж их гайхдаг. Өөрийнхөө паспортыг гаргаж ирж харуулдаг юм билүү. Тэгвэл сэтгэл санаа нь амрах болов уу. Тийм мэдээний доор бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар бас эвгүй шүү. Иргэн хэвээрээ байгаа хүнийг цаашаа түлхээд ч байгаа юм шиг. Үнэндээ надад тийм сэтгэгдэл төрсөн шүү. Гэхдээ би яахав ээ. Нутагтаа байгаа тэр хоёр хөгшинд л хэцүү байгаа.
-Мөөеө аварга хэр баргийн яриаг тоохгүй байлгүй?
-Аав тоодоггүй байх л даа. Уг нь тэр сэтгэгдэл бичиж байгаа хүн компьютер ажиллуулж чадаж байна гэхээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байж таарна даа. Тийм хүмүүсээс юманд жаахан ул суурьтай хандаад, бодлоготой байгаасай гэж хүсмээр байна.
-Уг нь та Японы иргэншилтэй болчихвол ирээдүйд барилдах монгол бөхчүүдэд ашигтай. Иргэншлээ солилоо гээд монгол хүн байхаа больчихгүй шүү дээ?
-Үгүй яахав, нэг талаараа үнэн л дээ. Н.Цэвэгням ахыг харахад иргэншлээ авчихсан, дэвжээгээ өвөлж аваад багшлаад явж байна. Уг нь монгол хүн сумогийн холбоонд байна гэдэг ирээдүйд гарч ирэх залууст л хэрэгтэй. Японы сумогийн их ертөнцөд монголчуудын үе бид нараар дуусах биш улам сайн хөгжих ёстой. Тэгвэл Монголын ард түмэнд л хэрэгтэй дээ. Япончуудад, сумогийн холбоонд сонин биш.
-Мэргэжлийн сумогийн холбоонд хэдэн монгол бөх харьяалагдаж байна вэ?
-Одоо гуч нэлээн дөхөж байгаа байх. Дээд зиндаанд гэхэд арав нэлээн гарсан бөх байна уу даа.
-Монгол бөхчүүд цугларч хамтарсан бэлтгэл хийдэг үү. Та тэдэнд тусгайлан зааж зөвлөх үү?
-Хамтарсан бэлтгэл тэр бүр хийгээд байж чадахгүй. Гэхдээ мэдээж хэрэг хэлэх зүйлээ хэлнэ. Сумогийн холбоонд 50 гаруй дэвжээ байдаг. Дэвжээн дотроо таваас зургаан галтай. Нэг дэвжээний бөхчүүдээс том цолонд хүрсэн нь тусдаа гараад явчихдаг. Ингэж тарахдаа өөрийн гэсэн дэвжээгээ үүсгэнэ. Тэрийг нь ахан дүүсийн дэвжээ гэдэг юм. Ахан дүүсийн дэвжээнийхэн үе үе цугларч бэлтгэл хийнэ. Манай дэвжээнд л гэхэд Харумафүжи их аварга, Торинофүжи, Японд сүүлийн үед од болоод байгаа Эндо, Н.Цэвэгням ах, Эба нарын бөхчүүд байна. Манай эндхийн монгол бөхчүүд чинь дундаа нэг сантай. Тэндээ хөөрхөн хэдэн төгрөг цуглуулаад тодорхой хэмжээний нийгэмд хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг.
-Гарын шавь бий юу?
-Би гарын шавьтай. Гурван монгол залуу бий. Төв аймгаас сонгож авчирсан гурван бөх Тотори аймагт байдаг. Тотори муж манай Төв аймагтай найрсаг харилцаатай. Тиймээс тэндээс хүүхэд сонгож авчиръя гэж шийдсэн. Аав очоод гурван залуу наашаа явуулсан байдаг. Тэр гурваас хоёр нь цолонд хүрсэн. Нөгөө нь Тоторид дасгалжуулагчаар ажиллаж байна. Бас Хакухо цомын тэмцээнд оролцоод сумогийн ертөнцөд хөл тавьсан хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг. Надад бас нэг бодол байдаг юм. Монголчууд Хойд солонгостой дажгүй харилцаатай шүү дээ. Харин япончууд тийм биш. Тэгэхээр Японы сумогийн монгол аварга хойд Солонгост очвол сонин байх. Соёлын үүднээс тэнд очиж Хакухо цомын тэмцээнийг зохион байгуулбал энх тайвны чиглэлтэй болж магадгүй юм. Арван жилийн дараа хойд Солонгосын бөх аварга болчихсон зогсож байхыг хэн мэдэх билээ. Намайг анх 62 кг жинтэй ирж байхад “Энэ бөх болохгүй. Үс самнадаг хүн болгоё” гэж ярьдаг байсан.
-Их аварга хүн сайн барилдахын зэрэгцээ нийгэм рүү чиглэсэн, хүмүүнлэгийн ажилд хэрхэн оролцох вэ гэж байнга бодож явдаг уу?
-Тэгнэ. Би нэг зүйлийг их сайн мэдэрсэн. 2011 оны гуравдугаар сарын 11-нд 26 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байлаа. Өндөр байшингийн 44 давхарт. Тэр үед айхтар газар хөдлөлт болсон. “За ингээд өөрийнхөө төрсөн өдрөөр явлаа даа. Ингээд л дуусдаг юм байна” гэж бодогдсон. Босоод зурагт асаатал Фүкүшимад бүр айхтар зүйл болж байна. Юун Токио вэ гэж бодогдсон. Тэр үед л би их аваргын хувьд ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол төрж зүрх хэнээс ч илүү цохилж байлаа. Ингээд зургадугаар сард нь сумогийн холбоотой хамтраад гамшиг болсон газар очлоо. Ивада мужийн Ямада хотод очоод далай руу харж аваргын ёслогоогоо хийсэн. Аваргын ёслогоо юуг бэлгэддэг вэ гэхээр хөлөө өргөөд тавихад газарт байгаа муу муухай бүхнийг дарж байна гэсэн утгатай. Бидний очсон газарт өдөр бүр газар хөдлөн чичирхийлдэг байсан байгаа юм. Гэтэл аваргын ёслогоо хийснээс хойш нэг ч удаа газар хөдлөөгүй гэсэн. Тэгэхээр олон жилийн түүхтэй сумо бөх нутгийнхаа савдаг, газар лустай ямар нэгэн байдлаар мяндсан холбоотой байдаг юм байна гэсэн бодол төрүүлж байлаа.