Categories
мэдээ цаг-үе

Монголын шилдэг менежер Цагааны Хэнмэдэх гуай таны мэлмий тунгалаг байг

НЭГ. ХАР БАГААСАА АМЬДРАЛЫН УХААН ЭЗЭМШСЭН

Цагааны Хэнмэдэх гуай Завхан аймгийн Сонгино сумын уугуул хүн. Тэр бага насны зурвас үеэ ээжтэйгээ өнгөрүүлжээ. 1930-40-өөд оны хөдөөгийн борог амьдралыг багаасаа мэдэрсэн нь амьдралын хар ухаанд сургажээ. Цөөхөн хэдэн малтай ч ээж нь амьддаа ганц хүүгээ өлсгөөгүй, ах нарынхаа хүүхдүүдийн томдсон хувцсыг хасаж танан, “онгойж явахаар омойж яв” гэгчээр тухайн цагтаа юугаар ч дутаасангүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй явсаар, 3-4 настайгаасаа дулаан цагт аргал түүж, өвөл голоос мөс үүрч, мал хариулж, хүнд тусалж, хүний арга эвийг олох ухаан сууж, ээжийнхээ хэлсэн үгнээс гаралгүй, хэрсүү хүү есөн настай сумын бага сургуульд орж, 1952 онд онц дүнтэй төгсөв. Ээж нь хүүгээ эрдэм номын мөр хөөлгөхийг хичээн арга чарга хайж байтал,нагац эгчийн хүү Г.Пүрэвбаатар (хожмын нэртэй эдийн засагч, доктор, профессор болсон) Эрхүү хотод дээд сургууль төгсөөд Улаанбаатарт ажилд орсон үе таарч, дүүгээ хотод хүрээд ир гэж хэлүүлжээ. Ингээд Ц.Хэнмэдэх хүү сумаасаа хот руу нүүх айлын хөсөг даган, өөрийн чадах хэмжээндээ тэдэнд тус дэм болж, Улаанбаатар хотод ирж, айл айлаар дамжин явсаар Г.Пүрэвбаатар ахыгаа олж уулзав. Үеэл ах нь дүүгээ Улаанбаатарын II дунд сургуульд оруулав. Угийн сэргэлэн дүү нь сурлага сайтай, аливаад авхаалжтай хүүхэд тул 1958-1962 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, “Бараа судлалын мэргэжилтэн” диплом өвөртлөн ирэв.

ХОЁР. МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ, АЖИЛ ХИЙХ СЭТГЭЛТЭЙ

1960-аад онд ЗХУ-д дээд сургууль төгссөн мэргэжилтэн манай улсад тийм ч олон байсангүй. Түүнийг Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Төв бараа баазад бараа, таваарын үнэ зохиодог үнийн ахлах мэргэжилтнээр томилжээ. Төв бараа бааз гэдэг нь улсдаа худалдааны төвлөрсөн хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улсын төсвийн орлогын 60 хувийг бүрдүүлдэг том аж ахуй байлаа. Оюутны ширээнээс дөнгөж ирсэн түүнд ажлын туршлагатай хар практикийн ахмад хүмүүс чадах ядахаараа туслахыг хичээж, тэдний зөвлөгөө, онолын мэдлэг хоёроо хослуулан зөв баримжааг түргэн олж, жилийн дараа 23 настай тус байгууллагын орлогч дарга, дараа нь нэгдүгээр орлогчоор дэвшин томилогдов. Ц.Хэнмэдэхийн цохолтгүй нэг ч бараа гүйлгээ хийгдэхгүй бөгөөд захиргааны арга голлосон хүнд суртлын үед сайдын гарын үсэг барьж, тийм ч юм авна гэж шантаажлах албан тушаалтнууд ч цөөнгүй. Зарим нь сайдын гарын үсэг тоодоггүй их зантай энэ залууг зайлуулна гэж омогдох, дээшээ матаас бичих, бичүүлэх хэл ам тасрахгүй. Байгууллагын дотоод журам, сайдын тушаалыг хатуу мөрдөж, жинхэнэ шударга зарчим баримталдаг байж. Харин манай дарга гуйвж дайваад байдаггүй, ажлаа мэддэг, цөлх сайн хүн байсан тулдаа намайг хамгаалж, зөв юмыг минь дэмждэг байв. Ажлын хүндийг одоо яриад, хийсэн ажлаа жагсааж бичээд яахав ээ, ер нь амь дүйсэн архи, шорон хоёрт ойрхон, “дээлээ нөмөрч” мэдэх ажил байсан даа гэж дурслаа. Аж ахуйн ажлыг хүн ойлгодоггүй юм. Мэргэжил, мэдлэг байлаа ч сэтгэлгүй бол явдаггүй ажил шүү дээ. Хүний арга эвийг нь олохгүй бол няравууд гэж янз бүрийн ааш авиртай, үнэнийг худлаа болгож, өнгө зүс хувиргаж мэдэх нэгэн ч байдаг. Энэ бүхэн түүнд хүнтэй харилцах нарийн мэдрэмж олгожээ.

1972 онд Төв бараа бааз дээр Улсын төлөвлөгөөний комисс, Худалдааны болон Гадаад худалдааны яамнаас иж бүрэн шалгалт хийж, шалгалтын дүнг хэлэлцээд манай удирдлагын багийн ажлыг сайшааж, Улсын Төлөвлөгөөний комиссын дарга Ринчинпэлжээ гуай намайг төвдөө татан авлаа. Тэнд нэг их удаан ажиллаагүй ээ. Гадаад худалдааны сайд Очир гуай нэгэн өдөр дуудаж, “Разноимпорт нэгдэл”-д орлогч даргаар хэсэгхэн хугацаанд ажиллуулаад Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газар(ХТГ)-ын орлогч даргаар томилуулан дипломат ажилтан болгов. Төлөөлөгчийн газрын даргаар ажлаа арван хуруу шигээ мэддэг нөмөр нөөлөгтэй Төмөр гуай их түшиг болж байлаа хэмээн дурсав.

Москва дахь ЭСЯ, ХТГ-ын ажил өргөн цар хүрээтэй, худалдаа, эдийн засгийн бүх үйл ажиллагаа дээрээс нь гуравдагч оронтой харилцах худалдааны асуудал хариуцдаг байлаа. МАХН-ын Төв хорооны УТТ-ны гишүүд, Төв хороо, яам, улсын хороо, тусгай газрын удирдлагуудын ирэх, буцах, тэднийг ая тохитой байрлуулах, төвийн захиалгатай бараа, материалыг Зөвлөлтийн байгууллагуудаас арга эвийг нь олж нийлүүлэх, төмөр замаар тээвэрлүүлэх, олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцогч урлаг, спортынхонд үйлчлэх, Зөвлөлтийн БНУ дахь 400 гаруй худалдаа, үйлдвэрлэлийн байгууллагуудтай харилцах зэрэг ажилд ёстой өдөр, шөнөгүй зүтгэж, тэр их ажлыг залуу насны ааг омгоор бүтээлч сайхан хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, бүтээж явснаа эргэн санахад одоо ч надад бахархалтай санагддаг юм гэлээ. Тэр үед ажлын сахилга, хариуцлага, хүмүүсийн даалгасан ажил хариуцах чадвар үнэхээр өндөр байсан нь хамгийн чухал нөлөө үзүүлж байлаа. Залуухан явахдаа бидний үеийнхэн ээлжийн амралтаа ховорхон авч байлаа.

Москва хотод долоон жил ажиллаад буцаж ирэхэд М.С.Горбачёвын “Өөрчлөн байгуулалт” манайд ч бас хүчээ авч, нийгэм хөдөлгөөнд орж, өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал эхэлж байсан үе таарчээ. Худалдаа, эдийн засгийн ажлын өргөн мэдлэгтэй, ажлын ихээхэн туршлага хуримтлуулсан түүнд яамны төв аппаратад нэлээд томоохон албан тушаал санал болгоход, шууд татгалзсан гэж байгаа юм. Чухамдаа тэр үед дээшээ өсч сайд, дарга болохын төлөө “уралдаж” байхад, Ц.Хэнмэдэх гуай надад аж ахуйн ажил өгчих, зочид буудал байсан ч болно гэхэд, боловсон хүчний хэлтсийн дарга нь за би дарга нартаа танилцуулаад эргэж хэлье гэсэн нь ёсоор болж, “Баянгол” зочид буудалд томилогдсондоо сэтгэл өег, энэ буудлыг орчин үеийн стандарт, дэлхийн жишигт хүргэнэ гэсэн эрмэлзэл төгс ажилдаа оржээ.

ГУРАВ. БИЗНЕС ШУДАРГА ЗАРЧИМД ТУЛГУУРЛАДАГ

1990 онд Улаанбаатар хотод “Улаанбаатар”, “Баянгол”, “Сэлэнгэ” (одоо “Цэцэг”), “Залуучууд”, “Нэгдэлчин” гэх цөөхөн хэдэн зочид буудал байв. Түүний хүлээн авсан “Баянгол” нь олон байгууллагын харьяалал дамжсан тул эзэнгүйдэж, барилга байшин, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, хөрөнгө оруулалт хийгдээгүй удсан, ажилчдын мэргэжлийн ур чадвар цаг үеэс ихээхэн хоцрогдсон тийм л аж ахуй байжээ. Харин чамгүй орлого олдог ч бүгдийг улсын санд төвлөрүүлэн хураагаад авчихдаг, зочид буудлаа шинэчлэх эрх мэдэлгүй, айлын шоовдор хүүхэд адил болсон байлаа.

Тэрбээр өөрөө гадаад явж, зочид буудлуудын зохион байгуулалт, орчин менежмэнт, маркетинг хийх аргыг судлав. Ирээд буудлаа аажмаар шинэчлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, орлогын тодорхой хувийг хөрөнгө оруулалт хийхэд зориулж, ингэснээр зочид, үйлчлүүлэгчдийг улам илүү нэмэгдүүлэх тодорхой саналаа дээшээ тавив. Үүний үр дүнд 1990, 1991 оноос зочид буудлын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлэв. Дээрх дутагдалтай байсан зүйлүүдийг ээлж дараалан хэрэгжүүлж, 1993 он гэхэд “Баянгол” зочид буудал өнгө төрхөө сайжруулж, тавилга хэрэгсэл, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэглээний усны системээ шинэчилж, мэргэжлийн ажилчидаа гадаадад сургалтад хамруулсны үр дүнд дотоодын төдийгүй гадаадын зочдын эрэлт хэрэгцээ шаардлага нийцүүлж чадсанаар зочид, үйлчлүүлэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж, орлого ч улам өсөв.

Монголд хувьчлал эрчимтэй өрнөж, 1992 онд “Баянгол” зочид буудал хувьцаат компани болж, анхны гүйцэтгэх захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, улмаар 300 гаруй ажиллагсад, 400 орчим ортой, мөн тийм хэмжээний ресторан, хоолны газартай, шинэ нэр төрлийн олон үйлчилгээг нэмэгдүүлж, Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт өөрийн байр суурийг баттай эзлэв. 1994 онд Монгол зочид буудлуудаас анх удаа гадаадын зочид буудлуудын сүлжээтэй менежмэнтийн холбоо тогтоон хамтран ажилласан. Улмаар “Найдвартай татвар төлөгч”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “ТОП 100” аж ахуйн нэгжийн эхний хорьд олон удаа дараалан шалгарч, улсад жил бүр гурван тэрбум төгрөгийн татвар төлж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж, “4 одтой” зочид буудал болсон байна. Энэ бүхнээ бизнес шударга зарчим дээр тулгуурладаг хэмээгээд манай амжилтын гол цөм бол өндөр мэргэжилтэй ажилчид, менежерүүд юм гэж бахархан ярих дуртай, тэднийгээ хайрлан хамгаалах өрөвч сэтгэлтэй жинхэнэ ажлын төлөө төрсөн хүн бол Ц.Хэнмэдэх гуай бөлгөө. Одоо 80 насны босго алхаж буй тэрбээр “Баянгол”-оо хувьчилж авсан шинэ менежмэнтийн баг, чадварлаг менежерийн удирдлагад шилжүүлсэн ч зөвлөхийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ, тус байгууллагын Үйлдвэрчний хорооны дарга Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг давхар амжуулсаар явна.

ДӨРӨВ. ЗОЧИД БУУДЛУУДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

1997 онд Монголын зочид буудлуудын холбоог мэргэшсэн хэсэг нөхөд Г.Очирсүх, Д.Энхболд, Л.Хангай, Д.Гансүх нарын хамт үүсгэн байгуулж, уг холбооны анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж, улмаар ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын саналыг авч, зочид буудлуудын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад чиглэсэн сайн дурын гишүүнчлэлдээ үйлчилдэг төрийн бус байгууллага (ТББ) статустай болгож, 21 аймагтаа салбар зөвлөл, төлөөлөл ажиллуулж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Өндөр хөгжилтэй орнуудын зочид буудлуудын туршлага судалж, гадаадын мэргэшсэн зочдыг урин хичээл заалгаж, зочид буудал, зоогийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бэхжүүлж, Дэлхийн зочид буудлуудын холбоонд гишүүнээр элсүүлэн, үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлсэн түүхтэй юм.

Монголдоо зочид буудлуудын холбооны нэгдсэн сүлжээ бий болгож, харилцан туршлага судалж, холбооны дэргэд МҮХАҮТ, Монголын тогооч нарын холбоотой хамтран үйлчилгээний маркетинг, мэргэжлийн менежерүүд, тогооч, зөөгч, бармен, зочид угтагч, хүлээн авагч нарыг ээлж дараалан системтэй бэлтгэж иржээ. Нийслэлд төдийгүй, аймаг, орон нутагт зочид буудлууд олноор бий болж, тэдний хооронд өрсөлдөөн үүсч, улмаар мэргэшсэн чадварлаг баг, хамт олон бий болоход Ц.Хэнмэдэх гуайн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Аливаа ажлыг санаачлан эхлүүлэх, түүнийг ажил хэрэг болгох, үйл ажиллагааг тогтвортой мөрдүүлэх, зочид буудлуудын нэгдсэн зэрэглэл тогтоох зэрэг олон ажлыг гардан удирдаж, төр засгийн дэмжлэг авч, улмаар холбогдох хууль, журмыг гаргуулан авч, өнөөгийн түвшинд хүргэх ажил шулуун дардан замаар яваагүй нь хэнд ч ойлгомжтой. Дэргэдээ чадварлаг залуу боловсон хүчнийг сурган бэлтгэж, үлгэр дуурайл үзүүлж, одоо Монголын зочид буудлуудын холбоог туршлагатай залуу менежер С.Мөнхбат удирдаж байна. Ийнхүү зочид буудлын холбоо гэх их айлын замыг зөв тавьж, олон нийтийн нэгэн хүчтэй байгууллага болгож чадсан Ц.Хэнмэдэх гуай, үнэхээр уг холбооны “загалмайлсан эцэг” мөн болой.

ТАВ. ТӨРДӨӨ ХИЙСЭНАЖИЛТАЙ, ТҮМЭН ОЛОНДОО ХЭЛЭХ ҮГТЭЙ

Монголын худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын байгууллагад 1962 оноос тасралтгүй 57 жил гаруй хугацаанд Төв бараа баазаас Москва хот дахь ЭСЯ-ны ХТГ-ын орлогч дарга хүртэл дэвшин ажиллахдаа ачааны хүндийг үүрч, бэрхшээл бүрийг даван туулж, ард түмэндээ бараа материал хүргэх ажлыг чадварлаг зохион байгуулж байсныг мэдэх хүн цөөрсөн ч түүнийг батлах олон арвин баримт бичиг архивт хадгалагдан үлджээ. Зах зээлийн нийгэмд аж ахуйн нэгж, улмаар томоохон хувьцаат компанийг удирдаж, өөрөө зах зээлийн эдийн засаг, орчин үеийн менежмэнтийн онол, маркетингийн үйл ажиллагаа явуулах практикт зэрэг “суралцаж”, бизнесийн арга ухааныг чадварлаг эзэмшиж чадсан байна. Тэрбээр Монголын зочид буудлуудын холбоог анх үүсгэлцсэн төдийгүй түүнийг хөл дээр нь баттай зогсоож, энэ томоохон ТББ-ыг олон улсад данстай болгож, дараагийн удирдагчаа бэлтгэсэн алсын хараатай менежер бөгөөд түүнийг энэ салбарын олон зуун ажилтан багшаа хэмээн хүндлэх нь нэн бахархалтай. Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, худалдааны ахмад зүтгэлтэн, аж ахуйн шилдэг менежер түүний хөдөлмөрийн үр шимийг төр хэдий нь үнэлэх цаг нь болсон биз ээ гэх түмэн олны ерөөлтэй сайхан үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Сэтгүүлч Г.Сумъяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *